Ц.Нямдорж Улстөрийн шалтгаанаас болж УИХ-ын ажил явахгүй байна

-Ар араас хөвөрсөн олон чухал асуудлыг энэ УИХ цаг алдалгүй шийдвэрлэх байлаа. Гэвч асуудлууд гацаа-нд орчихоод байна?
-Ашигт малтмалын холбогдолтой саналууд орж ирээд удсан. Газар өмчлөлийн хуулийн хугацааг сунгах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг түргэвчлэхээр санал ңэгдлээ. Үнийн хөөрөгдлийг зохицуулах саналыг Засгийн газар оруулж ирсэн ч УИХ гацаасан. Үүнээс яаж гарах асуудлыг яриад баримтлах байр сууриа нэгтгээд байнгын хороодод нь оруулахаар болсон. Сонгуулийн хуулийг дагаж мөрдөх хуулийн журам, бар кодыг хойшлуулахыг дэмжинэ. Энэ парламентад 10-аад хоног үлдлээ. Харамсалтай нь улстөрийн шалтгаануудаас ил далд гацаанууд үүсээд ажил явуулахад төвөгтэй байна.
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл юу болж байна вэ. Шатахууны үнийн зохицуулалтад бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай улс шатахууны хувьд ОХУ-аас 90 хувь хараат байдаг. Дэлхийн төвшинд нефтийн үнэ өсөөд байна. Үүнээс яаж гарах вэ гэдэг асуудал тулгарлаа. Одоогийн үнийг хүлээн зөвшөөрөх, Засгийн газрын саналыг дэмжиж үнийн өсөлтийг тодорхой хугацаанд барих эсвэл өндөр үнээр аваад татаасын зохицуулалт хийх гэсэн гурван арга л байна. Татаасын арга дотроо их гажигтай. Тухайлбал, эмнэлэг, цагдаа, цэрэгт нь татаас өгөөд бусдыг нь өндөр үнэдээ дасан зохиц гээд үлдээх санал гараад байгаа юм. Тэгвэл монголын бүх шатахуун цэрэг, цагдаа, эмнэлгийн зориулалтынх болж хувирна. АН-ын зөвлөлийнхөнтэй дахиад ажлын хэсгийнхэн уулзаж татаасын аргыг л ярихаар боллоо.
Хэсэгчилсэн татаасын тухай гэсэн үг.Энэ нь луйвар, хомсдолыг л үүсгэх нөхцөл болно. Гэвч батлахыг хичээнэ. Гэхдээ замын түгжээс их байна. Зориуд хоёр, гурван сараар саатуулсан бүхний саад гэнэт гарна гэж үгүй. Ноолуурын асуудлаар бүлгийн гишүүд төсөл боловсруулан Засгийн газарт өгсөн. Засгийн газар энэ долоо хоногтоо багтаж танилцаад УИХ-д хүргүүлбэл үнийн зохицуулалтыг яаралтай хийх шаардлага байна. Зохицуулалтыг зөв л хийх хэрэгтэй. Татаас дэмжлэг үзэгдэл байдаг. Ийм байдлыг тогтоох асуудал сүүлийн жилүүдэд бүлэг дээр яригдсан. Цаашдаа газар тариалангийн хөдөө аж ахуйн салбарыг яаж авч явах вэ гэдэг асуудал тулгараад байгаа юм.
Г.Мандуул
дугаар 112/2399/