Оймс эр хүний тухай юу өгүүлдэг вэ?

Нөхөр, андууд, найз залуу, ирээдүйн хань чинь ямар оймстой болохыг ажиглаарай. Гэвч зарим ухаалаг эрчүүд таныг ирэхээс чинь өмнө хөглөрсөн оймсоо ор шүүгээний араар, буйдан ширээний завсраар, бур цэцгийн вааранд хүртэл нуугаад амжсан байх вий. Эсвэл номын шүүгээ рүүгээ чулуудсан байж мэднэ.
ОДТОЙ ОЙМС
Одтой, шоотой, бундтай өнгөлөг оймсууд харагдана уу. Тэднийг алиа гэж тодотгож болох юм. Эзэд нь ер бусын улс, чөлөөтэй бас нийтэч. Хэнтэй ч хэл амаа ололцож, ямар хүүхэнтэй яриа өдөөж чадна. Дунд сургуульд байхад багш нар нь хайртай, харин одоо хүүхнүүд ухаангүй дурлацгаана. Амьдрал дээр тэр марзан, донжтой. Ийм хүнтэй ярьж суухад нэн сайхан ч цорын ганц эмэгтэй нь байх амаргүй. Өрсөлдөөн их байх болно.
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН-ТЭЙ ОЙМС
Ийм эрчүүд ховор ч, бөөн нохой, заан, өвлийн өвгөн болсон оймс өмссөн сонин этгээд тааралддаг л юм. Этгээд хээтэй оймсыг тэдэнд ээж эсвэл хуучин эхнэрүүд нь олноор авч өгсөн байж таардаг. Чанар гэж авах юм байхгүй, харин зураг нь сонирхолтой. Ийм оймстой юм бол тэр хүүхэд насаа дурсах дуртай эсвэл гадаад үзэмждээ огт санаа тавьдаггүй нэгэн, одоо хэр нь ээжийн эрх хүүхэд гэж мэдээрэй. Эрүүл эрчүүд ан амьтан болсон тийм заваан юм хэзээ ч өмсөхгүй.
СПОРТ ОЙМС
Хэрэв спорт оймс өмсдөг юм бол гүйж харайдаг, эрүүл мэнддээ санаа тавьдаг л хүн байна даа. Бие хаа сайтай, дэглэм барьдаг, бэлтгэлээ ч тасалдаггүй. Сонжоо үнэн байж таарвал тэр хөнжил дотроо ер бусын үзүүлбэр хийж магад.
ЦУЛ ХАР ӨНГӨ
Хуучинсаг үзэлтэн. Гэхдээ хэр элэгдсэнийг нь харах хэрэгтэй. Цоорох шахсан бол зүгээр тааралдсанаа аваад углачихсан хэрэг. Шинэ бол тэр үнэхээр донж төрхөө анхаардаг хүн байна. Оймсны өнгийг гуталдаа тааруулж өмсөх хэрэгтэй. Үүнийг эр хүн болгон мэдэх албатай. Цагаан гутал дээр хар оймс өмссөн байвал, тэр ч дээ, оймсоо ч солих дургүй залхуу лүд байх.
БУЛАН БҮРТ ОЙМС
Оймсоо гэрээр нэг тараачихдаг бол цэгцгүй, замбараа муутай амьдардаг эр. Хувцас хунартаа ч анхаардаггүй. Ийм хүнийг ч цэгцлэнэ гэж хэцүү дээ. Гэхдээ үзээд алд. Өглөө нойрмоглоод хоёр өөр оймс өмсөж байна уу гэдгийг ажаарай. Тийм бол нэг өдөр л таныг бусдын нэрээр дуудахад гайхах хэрэггүй. Дэндүү салан палан, анхааралгүй юм.
ЗАНГИДААСТАЙ ОЙМС
Оймсоо зангидаад тавьчихаж уу. Тэгвэл оймсны эзэн нуугдмал, магадгүй дотуур тамиртай байж мэднэ. Гэхдээ түүнд сайн тал олон бий. Эхэлсэн ажлаа заавал дуусгана, бүр боож зангидаад тавьдаг. Цаг алдах дургүй. Гэхдээ заримдаа өрөөсөн оймсоо хайсаар хамаг цагаа барчихдаг байх аа даа.
ИНДҮҮДСЭН ОЙМС
Ийм эрчүүд хааяа тохиолддог л юм. Ялангуяа ээжтэйгээ амьдардаг, хийх ажилгүй байх нь олонтаа. Ийм эр ээжийн эрх банди, эсвэл ширээн дээр ширхэг тоос ч байхыг үздэггүй хэтэрхий эмх замбараатай хүн байх нь бий.
ЦООРХОЙ ОЙМС
Оймс нь цоорсон байна уу? Эмэгтэй хүний анхаарал халамж мөн ч их дутаж дээ. Оймсыг нь нөхөж өгөөд, хоол хийж ундаалах зэргээр жаахан анхаарал тавих юм биш үү. Тэгвэл хүүхнүүдэд орхигдсон ийм эрчүүд таныг оройн дээд болгоно. Бүсгүйчүүд минь, оймс гэдэг эрчүүдийн бахархал, мөн эмзэг тал гэдгийг ойлгох хэрэгтэй. Оймсны ухаан-ыг судлангаа Нөхрийн оймс эхнэр хүний нүүр царай болдгийг мартуузай.
Н.Дархан
Дугаар 120/2880/