Гэрийн мод хийхэд сарын хугацаа зарцуулдаг

О.Лхамлхажав Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочны хэсэгт эхнэр Б.Сэвжидмаа болон гурван хүүхдийн хамт амьдардаг. Ажил олдохгүй нь ээ хэмээн бэлэн зүйл тэнгэрээс бууж ирэхийг горилогчдыг бодвол энэ гэр бүл өөр хүмүүс. Тэд модон эдлэл хийхийн зэрэгцээ 50-60 сот газарт нарийн ногоо тариалж жилдээ 6-7 тн ургац хураан авдаг гэнэ. О.Лхамлхажавтай ярилцсанаа толилуулъя.
-Мэдээж өөрөө мужааны мэргэжилтэй болоод л энэ ажлыг эрхэлж байгаа байх. Хэдийд энэ мэргэжлийг эзэмшсэн бэ. Хэдийнээс өөрийн гэсэн бизнестэй болов?
-Би 1987 онд аймгийнхаа Барилгын техник мэргэжлийн сургуулийг мужааны мэргэжлээр төгссөн. Харин энэ ажлыг 2003 оноос хийж байна.
-Чиний ажлын байр зөвхөн энэ банаг (илүү гэрийг Монголчууд банаг гэдэг юм) гэж үү. Үүнийгээ томсгох талаар бодож байна уу?
-Бодолгүй яахав. Гэхдээ хөрөнгө, мөнгөний асуудал жаахан учир дутагдалтай л байна.
-Чи ер нь яг юу хийдэг юм бэ. Загвараа хаанаас авдаг юм бэ?
-Гэрийн бүх тавилгыг модоор хийгээд лакдаж байна. Байрны тавилга, ком тавилга бас мөлхөө тавилга хийж байна даа. Загварын хувьд өөрөө гаргана. Хятадаас ирсэн тавилгуудыг харж санаа авна. Бас захиалагчийн саналыг сонсч, харилцан ярилцана. Тэгээд л зургаа гаргана даа.
-Түүхий эдээ хаанаас яаж бэлтгэдэг вэ. Танай аймаг мод гайгүйтэ
й юм байна шүү дээ?
-Түүхий эд бэлтгэхэд хүндрэлтэй. Зөөлөн мод болох хуш, нарсаар тавилгыг хийдэг юм шүү дээ. Манай аймгийн Их-Уул сумаас татна. 240-250 км хол. Бас Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас татна. Энд бэлэн орж ирсэн банз нь болохоор үнэ нь өндөр. Сүүлийн үед банзыг кублэж биш ширхгээр нь зарах болж дээ. Өөрсдөө унаа, тэргээ хөлслөөд гарал үүслийн бичгээ хөлслөөд явбал арай хямд. Материалын үнэ их өслөө. Тавын банз гэхэд ноднин хавар 4500 байсан бол энэ хавар 7500 болсон байх жишээтэй.
-Түүхий эдийн үнээ дагаж бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй. Энэ нь хэр хүндрэлтэй байна вэ. Орлого хэр вэ?
– Захиалагчаа дагуулж яваад материалынхаа үнэтэй танилцуулна. Тэгээд ойлгуулчихаар гайгүй дээ. Модон эдлэл бол улирлын чанартай ажил л даа. Яг өдийд л хавар барилгын ажил эрчимтэй явагддаг үеэр мөн зундаа, бас хавар намрын хуримын үеэр захиалга ихэсдэг. Үүнийгээ дагаад орлого ч боломжийн болдог. 6-9 сард гэхэд дундчаар цэвэр ашиг нь 400-500 мянган төгрөг байна.
-Захиалагч олон уу, чамайг бас гэрийн мод хийдэг гэж сонслоо. Хэр их хугацаа орох вэ?
-Байнгын худалдан авагчтай болсон. Зарим үед захиалгандаа даруулах үе гарна. Манай аймаг эрчим хүчний хомсдолтой болохоор энэ ч бас ажилд нөлөөлнө. Бүхэл бүтэн гэрийн мод хийхэд элдэв саад гарахгүй бол сарын дотор л хийнэ.
-Үнэ ханшийн хувьд ямар байна. Нууц биш бол хэлж болох уу?
-Манай эндхийн ханш нэг саяас нэг сая таван зуун мянгад л гардаг даа. Гэрийн хувьд хана унь хоёрыг хийдэггүй. Бусдыг нь тавилгатай нь хийнэ.
-Аймаг орон нутгаас тусалж дэмжих тал дээр ямар байна. Үе тэнгийн залуусаа дагалдуулан сургах бодол байна уу?
-Янз бүрийн төсөл бичээд өгдөг л юм. Гэхдээ банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардаад явчихдаг. Гэтэл бидэнд тэр нь алга байна шүү дээ. Өөр залуусыг дагалдуулах тал дээр бодож л байна. Гэтэл ажлын байр гэж одоо энэ гадаахь илүү гэр байдаг. Зай багтаамж, гэрэл цахилгаан гээд юм юм л гацааж байна. Гэхдээ надад бодож төлөвлөсөн юм их бий. Эхний ээлжинд ажлын байраа сайжруулах хэрэгтэй байна. Ингэх юм бол гарах бүтээгдэхүүний тоо ч, чанар ч сайжирна гэж бодож байна. Ажлын байраа өргөтгөчихвөл хорших, өргөтгөх бодол ч байна.
-Туслах материалын чанар хэр байна вэ?
-Цавуу, хадаас гэх мэт туслах материалаа өөрөө л сонгож чадвал одоо ч нэг үеийг бодоход сонголт олон болсон шүү дээ.
-Модон эдлэлийн үйлдвэрлэл явуулахаасаа өмнө юу эрхэлж байв даа?
-1990-ээд онд бид Яруу суманд байсан. Нөгөө айхтар зуднаар өнчин ишигний үс ч үгүй үлдсэн. Тэгээд сурсан мэдсэндээ түшиглэж модон эдлэл хийсэн дээ. Банкнаас зээл авмаар үе олон л таарч байсан. Барьцаа хөрөнгөгүй яалтай билээ. Харин найз нөхдөөсөө зээлж байж нэг жижиг солонгос машин авсан. Энэ нь ажил бүтээхэд хэрэгтэйгээс гадна барьцаа хөрөнгө болж байна. Машинаа банкинд тавьж банкнаас мөнгө зээлнэ гээд томоохон юм бодож, төлөвлөж байна. Болох л байх. Ер нь энэ 1980-1990 оны залуусын талаар засаг төрөөс бодлого тусад нь боловсруулмаар санагддаг. Ямарваа сургалт семинаруудад хүчээр суулгаж анхны мэдэгдэхүүнтэй болгоод жаахан ухаан нэмэх хэрэгтэй санагдана. Энэ үеийн залуус маш их завсардаж байна. Нуулгүй хэлэхэд, энэ үеийнхний ирээдүй зарим талаар бүрхэг байгаа шүү дээ. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал гээд яриад байвал их юм бий. Манай дээдэс нам эвсэл гэж ард түмнийг ч, өөрсдөө ч хэд хуваагдаж тарамдуулж байхаар эвлэлдэж нэгдээд улс орныхоо төлөө зүтгэвэл болохгүй юм гэж байхгүй шүү дээ.
Ц.Түвшин
дугаар 112/2399/