Туул гол чимээгүй уйлж байна

Тэгвэл чандмань эрдэнэ болсон ариун булаг маань мөхлийн ирмэгт тулаад байна. Ганц Туул ч биш. Монгол орны ихэнхи гол мөрөн бохирдож, ширгэн үгүй болж байна. Усгүй бол амьдрал үгүй гэдэг. Ус хүн төрөлхтөн, амьтан, ургамлыг ундаалагч ачит ундарга нь билээ. Үүнийг хүн бүр мэддэг ч зарим нэгэнд нь уснаас илүү ажил, ашиг хонжоо чухал байдаг бололтой. Хайран сайхан голоос минь хайрга, элс чулууг нь тонн, тонн булаан ачиж, хувийн бизнесээ усална. Хувцас, хунар байтугай биеэ угаахыг цээрлэдэг байсан усандаа машин тэргээ угааж, хог хаягдлаа шидэлнэ. Эсвэл эрэгт нь шахуу эзэрхэж суучихаад арьс шир, ноос ноолуураа угааж, химийн хорт бодисоо цутган, эрэг орчмыг нь төнхөж түйвээнэ. Ийм бусармаг үйлдэл хийдэг хэсэг нөхдийн уйваагүй үйлдлээс болж улаанбаатарчууд уух усгүй болоход хүрээд байна. Ашиг олохын төлөө ай савыг нь хайр найргүй сүйтгэж, бохирдуулж байгаа тэднийг бодохоор цээж хорсоно. Тамхины утаа уушги, зүрхийг хормын төдийд бүрхэж, аажим аажмаар хордуулдаг шиг тэд хатан Туулыг минь хөнөөж байна. Хайрлан хамгаалахын оронд ширгэж алга болоход нь тусалж байна. Онги, Эгийн гол гээд олон голын усны төвшин бусдын буруутай үйл ажиллагаанаас болж багасч, урсац нь тасарч, бохирдож, ширгэхээ хүлээн байна. Сэлбэ , Дунд голууд бидний нүдний өмнө чимээгүйхэн үгүй болсон. Эдгээрийн нэгэн адил Туул гол минь ширгэх вий.
Усгүй бол амьдрал үгүй
БОЯ-наас 2007 онд хийсэн усны тоо бүртгэлийн ажлын дүнгээс үзэхэд нийт гол горхийн 13.4, булаг шандны 15.5, нуур тойрмын 18.8, рашааны 2.7 хувь нь ширгэжээ. Манай орны усны нөөц, усны бохирдлын асуудалд хамгийн их аюул учруулж байгаа хүчин зүйл бол уул уурхай, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, алт олборлолт хийж буй иргэд, аж ахуй, компаниудын буруу үйл ажиллагаа юм. Туул голын бохирдлын шалтгаан ч мөн ялгаагүй. Хуулиндаа бол ус хамгаалалтын хязгаарлах бүсийн 500 метр газарт ямар ч барилга байгууламж, үйлдвэр, орон сууц байх ёсгүй аж. Гэтэл Туул голын хамгаалах зурваст 200 гаруй үйлдвэр компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Тэр ч байтугай Туул голын эх булаг болсон гүний дөрвөн худгийн ойролцоо Дүнжингарав хэмээх худалдааны төв баригдаж, орон сууцны хорооллууд сүндэрлэсэн байх юм. Монгол улсын гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийн 12.А-д Гол нуур, цөөрөм, булгийн усыг хомсдуулж, ширгээх болон чанарыг нь муутган өөрчлөх нөлөөлөлтэй үйлдвэр, барилга, байгууламж барьж ашиглах, Б-д Химийн хорт бодис, төрөл бүрийн бордоо цацраг идэвхт бодис болон түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агууулах, халдварт өвчин тараах болзошгүй зүйлс байршуулахыг хориглоно гэсэн байх юм. Гэтэл Туул голын эргэн тойронд үйл ажиллагаагаа явуулж байгаа албан байгууллагуудын тоо өссөөр байгаа нь даан ч харамсалтай. Хэдэн жилийн өмнө буутай цэргээр мануулж , торон хашаанд нууж, хайрлан хамгаалж байсан тэдгээр худаг одоо ямар ч хараа хяналтгүй болсон нь тоогүй. Туул гол маань чив чимээгүйхэн уйлж байна. Хэрэв ширгэчихвэл нийслэлчүүд бид яах вэ? Таван литр усаар шүдээ угааж байсан тансаглалаа дурсаж, дусал усыг ч болов хэмнэж байх минь яав гэж харамсан суухаас өөр яалтай.
Эх орон, иргэний баялгаас илүү мөнгө чухал гэж үү
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л усаа дагаж амьдарсаар ирсэн. Гэхдээ устгах гэж биш, хайрлан хамгаалж, бахархах гэж. Хамгийн гол нь амьдрах гэж. Ус бол хүн төрөлхтөнд хүчил төрөгчөөс ялгаагүй хамгийн хэрэгтэй эрдэс бодис. Тийм байтал монголчууд бид гол горхио аврахын оронд ширгэж алга болоход нь тусалж байна. Урсгал нь татарч, усны төвшин нь багасч, аажмаар тэжээгдэх байгалийн тогтоц нь алга болж байгаа нь хүмүүсийн л буруу. Өнгөрсөн онд зөвхөн алтны шороон орд ашиглалтын нөлөөгөөр гэхэд л 28 гол бохирдсон байх юм. Улсын хэмжээнд жилд 120 сая гаруй шоометр ус бохирддог гэсэн судалгаа байна. Усыг иргэд, үйлдвэр аж ахуйн нэгж, компаниуд их хэмжээгээр бохирдуулж байна гэсэн шинжээчдийн дүгнэлт хэдийн гарчихаад байхад хамгаалах арга хэмжээ авахгүй байсаар л. Тэдгээр ичих булчирхайгүй, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгүй хүнд хуулийн ямар хариуцлага ноогдуулж, хэрхэн арга хэмжээ авдагийг сэтгүүлч миний бие судалж үзлээ. Гэтэл Туул голыг минь устгаж байгаа тэр нөхдөд оногдох шийтгэл бараг үгүй ажээ. Гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийг зөрчсөн иргэд, үйлдвэр, албан газар, компани, пүүс хоршоолол, хувь нийлүүлсэн байгууллагыг МУ-ын Усны хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэжээ. Тэр хууль тогтоомж нь торгох, хохирлыг барагдуулах. Ердөө 40-250 мянган төгрөгөөр л торгоод болоо. Хариуцлага тооцож байгаа нь энэ. Энэ чинь эрүүл мэндээ, цаашлаад амь амьдралаа ердөө 250 хан мянгаар үнэлж байгаа хэрэг. Тиймээс усаа хамгаалж өөрсдийнхөө амьдралыг ч бас аваръя.
Хатан Туулаа аврахад хүн бүрийн оролцоо чухал
Бидэнд тулгараад буй энэ асуудлыг шийдэх хэд хэдэн гарц байна. Юуны түрүүнд голын эрэг орчмын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниудыг цэгцлэх. Тэдэнд хариуцлага тооцож, өөрсдийнх нь зардлаар бохирдлыг арилгаж, ойр орчмыг нь цэвэрлүүлэх хэрэгтэй. Хоёрт, гүний худгийг хамгаалалтад авч, байнгын харуул тавих. Цэвэр усны худаг дагасан айл өрихийг нүүлгэж, цаашид газрын зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргах. Гуравт, хариуцлагын механизмыг чангатгах, усны тухай хуулийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах. Хэдхэн төгрөгөөр торгоод л явуулдгаа зогсоох нь хамгийн зөв алхам юм. Дөрөвт, нийслэлчүүдийг Туул голын эргийг дагуулан бургас тарьж, моджуулахыг уриалж, дорвитой ажил өрнүүлэх нь зүйтэй. Ингэснээр голын урсацыг сайжруулж, төвшинг нэмэгдүүлэх сайн талтай. Энэ мэтчилэн олон нийтийг хамарсан усаа хамгаалах үйл ажиллагааг улирал бүр тогтмол явуулах хэрэгтэй юм. Усны эх, ай савыг хамгаалах, хүн амын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, усны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс бодлого боловсруулж, салбар дундын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай юм.
П.Ундрах
Модоо барсаар Модгүй Монгол болох нь
Хүн төрөлхтөн бид ганцхан дэлхийтэй. Бидний амьдрал байгаль дэлхийгээс шууд хамааралтай . Тиймээс та бид ой мод, ургамал, ус, агааргүйгээр аж төрж чадна гэж үү. Саяхан сэтгүүлч миний бие хэсэг нөхөдтэйгөө хамт салхинд гарах болж багадаа тоглож өссөн зуслангийнхаа зүг явахаар болов. Жигжидийн эцэст байрлах манай байшин модны бэлд байдаг юм. Хаврын урьхан салхи хацар илбэж, ой модруу гарахад тун ч таатай өдөр байсан тул найзуудыгаа дагуулаад ойн захаар зугаалахаар явлаа. Гэтэл ой маань нэг л бүүүдгэр, эл хуль болчихсон байв. Хөл дор хугарч унасан модны мөчир, жижиг бут гишгэгдэнэ. Хаа сайгүй доголон хожуул, тайрдас болсон модны үлдэгдлүүд. Хүмүүс тэднийг хайр найргүй хяджээ. Цагийн сайханд гүзээлзгэнэ, аньс ургаж, зүсэн зүйлийн цэцэгс дэлбээгээ нээн мишээж байсан ой минь бараг л хоосон тал, улаан шороо болсон байв. Ой мод маань түймэр, модны хулгайч нарын гарт сүйтгэгдэж, жилээс жилд эзлэх талбай нь багассаар байгаа нь харамсалтай. Энэ байдалд бидний нүд хэдийн дасчээ. Сэтгэл нь эмзэглэж, харуусах хүн өнөөдөр ховор болж.
Ойн экологийн ач холбогдлыг хүн бүр мэднэ. Гэвч ухамсарласныхаа хирээр үйлдлээ захирч чаддаггүй нь харамсалтай. Онгон байгалиа талхалж, ой модоо сүйтгэн мөнгө олдог башир арга газар авсан нь тоогүй. Энэ бизнес цэцэглэхийн хирээр ой мод устаж, амьтны аймгийн амьдрах таатай орчин устаж, уур амьсгалыг зөөлрүүлж, усны ундарга, нөөцийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл нь мөхсөөр байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 8.1 хувийг ой мод эзэлдэг. Ойн нөөцөөр ядуу байж ядмагхан баялгаа өөрсдийн гараар сүйтгэнэ гэдэг тун ч болчимгүй хэрэг. Ойн бүрэн хэмжээний судалгаа анх 1974 онд хийгдэж байж. Түүнээс хойш 21 жилийн дотор улсын хэмжээний ойн талбай 1442.5 мянган га-гаар багассан байх юм. Үүний гол шалтгаан нь модыг хууль бусаар бэлтгэх явдал. Улсын хэмжээнд жилд дунджаар 470.8 шоо метр модыг хууль бусаар бэлтгэдэг гэсэн судалгаа байна. Ойн нөөц баялаг хорогдсоор байхад хүмүүс бид модоо барж, вагон вагоноор гадаад руу ачуулаад л байх юм. Хууль бусаар мод бэлтгэх явдалтай тэмцэхийн тулд холбогдох албан байгууллагууд юу хийж байгааг миний бие сонирхож үзлээ. Засгийн газраас бүх төрлийн мод, тарьц, суулгацыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хууль, ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж баталсан байх юм. Сүүлийн дөрвөн жил ой модыг ширээний ард төсөл боловруулж, хууль баталж хамгаалж байна. Сүүлийн үед мод бэлтгэж янз бүрийн бүтээгдэхүүн хийдэг Хятадын үйлдвэрүүд олширч байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Монгол орны баялгийг монголчуудад нь зарж гадныхан хөлжиж байгаа нь лав сайн зүйл биш. Үүний эсрэг тэмцэж, хулгайгаар мод бэлтгэж баялгийг сүйтгэж байгаа хүмүүсийг зогсоох нь юу юунаас илүү чухал болоод байна.
Модны нөөц багасч буй өөр нэг шалтгаан нь түймэр. Өнгөрсөн онд ойн сан бүхий газрын 1357 мянган га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 879, өвчин, хортон шавжид идэгдсэн 474, мод, сөөг, бут, загийг устгасан 2.2, ашигт малтмалын олборолтод өртсөн 1.1 орчим мянган га газар байна. Хавар цагт ой мод түймэрт автагдаж улсад асар их хохирол учруулдаг. Одоо ч гэсэн хаа нэг газар хайран модод минь шатаж л байгаа. Хүмүүс цаг агаар дулаарахаар амралт, аялал, зугаалгаар их явдаг. Тэгэхдээ түймэр тавих нь олонтаа. 2007 онд гэхэд л УБ хотын долоон дүүргийн ногоон бүс, Богд уулын дархан цаазтай газарт 228 удаа ой хээрийн түймэр гарч нийт 196.3 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Энэ бүхэн хүмүүсийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдлаас л болдог. Тамхи татчихаад унтраалгүй хаях, эсвэл гал түлчихээд цучил үлдээгээд орхих зэрэг нь гал гарах эх үүсвэр нь болдог байна. Тиймээс иргэн бүр хянамгай байж, ой мод, газраа галдан шатаахгүйн тулд туйлын болгоомжтой байх хэрэгтэй юм. Өнгөрсөн онд БОЯ-наас түймрээс урьдчилан сэргийлэх талаар МҮОН-ийн телевизээр сурталчилгаа, сонин хэвлэлд ухуулга, уриа нийтлүүлж, зурагт хуудас 40 мянган ширхэгийг хэвлүүлэн иргэдэд тараажээ. Уг нь энэ мэт арга хэмжээг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд авдаг ч гал гарсан хэвээр л байна. Энэ байдлыг багасгахын тулд ЗГ, БОЯ хууль батлахаас илүүтэй нүдэнд харагдахуйц дорвитой ажил хийх нь хамгаас чухал юм.
П.Ундрах