Хосгүй үнэт бүтээлээ дэлгүүрт хадгалсаар байх уу

Оросын ард түмнийг өлсгөлөнгөөс аварсан хөрөг зураг хүртэл байдаг шүү дээ. Зарж идэх нь хаашаа юм, агуу их үндэснийхээ түүхэн бүтээлээ өнөөдөр хэрхэн авч явааг мэдэхээр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр зочиллоо.
Энэ музейн барилгыг 1905 онд худалдааны төвийн зориулалтаар барьжээ. Гэхдээ баруун Сэлбийн гол урсдаг байсан газар барьчихжээ. Тиймээс байшингийн доороос ус ундраад тэнд ажилладаг хүмүүсийг багагүй зовоосон гэдэг. Өдөрт л тонн тонноор нь ус шавхаж зайлуулна. 1961 онд энэ барилгад Дүрслэх урлагийн музей орж төвхнөсөн байна. Хосгүй үнэтэй олон дурсгалт бүтээл энэ музейд хадгалагддагийг ч хэлэх үү, музейн зориулалтын барилга бишийг ч хэлэх үү.
Доороосоо ус ундардаг чийг даасан байшинд орсон түүхэн үнэт бүтээлүүдэд аюул нүүрлэх нь тэр. Томхон хэмжээтэй бүтээлээ дэлгэж тавих ч боломжгүй, агуулахдаа эвхээд хураахаас өөр аргагүй болов. Доороосоо ус ундарч байшин бүхлээрээ чийг даасан учраас олон ч бүтээл ялзарч, өнгөө алдаж эхэллээ. Тэр үеийн музейн дарга нар нийслэлийн МАХН-ын байр буюу бидний нэрлэж заншсанаар Ялалт кино театрт нүүж орохоор хөөцөлдөөд дийлээгүй юм.
Ингээд жинхэнэ музейн зориулалтын байшинд нийслэлийн МАХН-ын дарга нар залраад л. Уг нь тэд түүхэн үнэт бүтээл биш л баймаар. Тэр байшин гантиг чулуун хана, жааз бэхлэх суурь, гэрэл гээд л бүхий л талаараа жинхэнэ музейн
зориулалттай. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 12 мянга орчим урлагийн бүтээл хадгалагдаж байна.
Үүнээс хосгүй үнэт бүтээл 63, бусад нь ердийн үнэт зүйлүүд гэнэ. Эдгээр бүтээлийн ирээдүй ямар байгаа бол гэж санаа зовсоор тус музейн захирал У.Сарантуяатай уулзлаа.
-Хэдхэн жилийн өмнө танай музейн доороос ус ундардаг байсан. Одоо яаж байна?
-Би энэ музейд захирал болоод хоёр жил өнгөрлөө. Энэ хооронд лав ус ундарсан юм алга.
-Танай байшин музейн зориулалтгүй. Гэтэл жинхэнэ музейн барилга тэнд байна шүү дээ?
-Тийм ээ. Манайх зориулалтын барилгагүй ч гэсэн чадах чинээгээрээ үзмэрүүдээ журам ёсоор нь хадгалж байгаа. Уг нь ерөнхийлөгч Энхбаяр музейн зориулалттай байшинг зориулалтаар нь хэрэглэх ёстой гэж нэг семинар дээр хэлсэн юм. Гэхдээ үүнийг дээгүүр шийдэх хэрэг байх.
-Та тэр барилгыг сонирхож үзсэн үү?
-Үзсэн. Ресторан, бил¬лиард, дуу бичлэгийн студи гээд л маш олон түрээсийн байгууллага орчихсон байна билээ. Хэрвээ тийшээ нүүвэл бас л их засвар орох байх.
-Зориулалтын бус барилгад үзмэрүүд чинь хадгалах, хүмүүст үзүүлэхэд хэцүү байна уу?
-Дөрвөн том бурханаа энэ байшинд өлгөх боломж¬гүй. Багтахгүй л дээ. Монгол бөхийн өргөөнд дэлгэхэд л
таазанд тулдаг юм. Өнөөдөр залсан шүү дээ. Бүх юмаа зориулалтаар нь хадгалдаг учраас гайгүй ээ.
-Та музейнхээ одоогийн байдалд сэтгэл хангалуун байдаг юм уу. Өмнөх дарга нар тань шиг болно, бүтнэ гэсэн хариулт өгч байсангүй?
-Баригдаад 100 жил болсон юм хойно хуучирч муудалгүй яах вэ. Хангалттай сайн гэж байгаа юм биш. Гэхдээ бүр муу биш. Нийс¬лэлийн МАХН-ын байгаа байрыг засварлаж орох, эсвэл шинэ музейн барилга барих хэрэгтэй юм билээ. Гэхдээ үүнийг дээд шатандаа шийдвэрлэх байх. Чиний яриад байгаа бэрхшээлийгби мэдэхгүй. Намайг энд ажиллах хооронд тийм юм болоогүй.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Сэтгүүлч хийж байгаад хэлний сургууль төгөөөд энд ажиллах болсон.
Б.Мөнхзаяа
Дугаар 99/418/