С.Баярын итгэлт Ж.Цолмон бүсгүйн эвгүй ааль

Аюулын харанга албан тушаалтнуудыг сэрээж, эрүүл мэндийн салбарынхан түргэн авав. Эрүүл мэндийн дэд сайд, хатагтай Ж.Цолмон өнгөрсөн ням гаригийн өглөө Үндэсний олон нийтийн телевизийн ярилцлагын цагаар айл өрхийн хойморт урилгагүй заларлаа. Дэд сайдын инээмсэглэсэн төрх дэлгэц дүүргэж, тэрээр ямар нэгэн баярт үйл явдлын талаар ярьж байгаа мэт жаргалтай харагдана. Улстөрч бүсгүй хайр дурлалын найраг уянгалуулах шиг, эсвэл хэн нэгэнтэй сүй тавьснаа зарлаж байгаа аятай ялимгүй талимаарч байх юм. Хэрэгт дурлалаа, зурагтынхаа дууг чангалав. Энтеровирус…. Эрүүл мэндийн дэд сайд ажлаа хийж байна шүү дээ. Балчир үрсийг мянгаар нь өвтгөсөн заваан вирусыг үзэн ядах эцэг эхчүүдийн нүд Ж.Цолмон сайдын хөхөлбөр ягаан торгон дээлийн гял цалыг тээршааж орхив. Аяг, аалиараа амрагийн чавхдасыг хөглөгч хонгор бүсгүйчүүдийг магтан дуулж болохсон. Түмний төрд сэнтийлж, хариуцлагатай алба хашигч эр, эмийн аль нь ч бай, ааль маягаараа тулга тойрон дэвж боломгүй.
Цөөхөн бидний 1000 жаал өвдчихөөд байхад Эрүүл мэндийн дэд сайд энэ тухай мэдээллийг инээвхийлэн өгүүлсэн нь хувийн соёл хийгээд улстөрчийн ёс суртахууны боловсрол ядмагийг нь илтгэнэ. Улстөрч бүх талаараа өө сэвгүй байх ёстой. Хаана, хэнтэй, ямар зорилгоор олны өмнө гарч байгаагаа, юуг, яаж илэрхийлэхээ мэдрэхгүй бол түүнд улс төрийн карьераар өгсөх боломж олдохгүй. Энэ дүрмийг ялангуяа эмэгтэй улстөрчид чанд сахихгүй бол гоочлох шалтгаан мундах биш. Ж.Цолмон МАХН-ын ирээдүйтэй боловсон хүчний тоонд зүй ёсоор багтсан болохоор хямсгар лидерийнхээ итгэлийг хүлээж, Засгийн газарт нь багтаа биз. УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-д оноо нэмэх учиртай субботникийн танхимаар алхсан зэгзгэр бүсгүй улс төрийн зээтүү атгаснаасаа хойш хэвлэлийнхний анхаарлыг гойд татаж байгаа. Ж.Цолмонг Ерөнхий сайд С.Баяртай учир битүүлэг байдлаар холбох боловч үүнд хэн хэн нь тайлбар нисгэж сандраагүй. Тэд Хөвсгөлөөр нутгархаж, 2008 оныг далайн эрэгт угтсан.
УИХ-ын сонгуульд Хөвсгөлийн тойрогт МАХН-аас нэр дэвшихээр мандатаа өвөрлөсөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ердийн үед гоёдог европ стилиэс татгалзан, торгон дээл сонгож, хөдөөгийн сонгогчдодоо бүлээн харагдахаар хичээжээ. Инээмсэглэл эрхэм донж хэдий ч өвчтөнийхөө түүхийг ийм төрхөөр хөтөлдөг ёс зүй эмнэлгийн үйлчилгээнд лав үгүй. Улс төрд хавьгүй нарийн шүүлтүүр бий шүү, Цолмон эмч ээ.
Б.Энхцэцэг
Дугаар 122/2882/