Сур сур бас дахин сур. Гэхдээ төрөөс зээл аваад

Тэгэхээр монголд сэхээтний эгнээнд орохоор 147 мянган залуу боловсорч байна гэсэн үг. Тэдний 5600 нь төрийн сангийн зээлд хамрагддаг аж. Энэ жил сургалтын төлбөр дахиад л нэмэгдсэн. Нэмэгдэх нэмэгдэхдээ 20-30 хувиар нэмэгдсэн байгаа юм. Нэг жилийн сургалтын төлбөр бараг л сая төгрөг болох гэж байхад нь Монголын оюутны холбоо эсэргүүцэж байж жаахан нааш нь татсан.
Үнэндээ ч оюутны сургалтын төлбөр гэдэг ар гэрт нь багагүй дарамт учруулдаг зүйл. Тийм ч учраас хүн бүр л аль болох хүүхдээ төрийн сангийн зээлээр сургачих юмсан төгссөний дараа болно биз гэх бодолтой болсон гэхэд дэгсдэхгүй. Гэхдээ төрийн сангийн зээлийн хэрхэн ямар бичиг баримт бүрдүүлээд авах талаар яг таг тодорхой заасан байдаг эргээд зээлээ хэрхэн төлж барагдуулах тухай систем нь огт ойлгомжгүй байгаа юм.
Зургаан жил та улсад ажиллавал зээлээс чөлөөнө гэдгээс өөр зүйлийг суралцагсад ч эцэг эх нь ч сайн мэддэггүй. Харин энэ зээлээр суралцах талаар ухуулга хийж, төрийн сан¬гийн зээлээр төгссөн оюутнуудыг дипломоо ирж үнэгүй аваач ээ гэсэн сурталчилгаа радио, телевиз, хэвлэл мэдээллээр хангалттай цацсан. Үүндээ ч бас л их хөрөнгө зарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үнэгүй суралцсан азтай нөхдийн диплом олгох ажил дуусахгүй байгаа нь дээд боловсролын баталгаа болсон тэр үнэт цаас нь хэнд ч хэрэггүй хог гэдгийг онцлохыг хүсч байгаа юм.
Хэрэв хэн нэгэн хүн банкнаас хэдэн төгрөг авчихаад эргээд төлөхгүй, чадваргүй мөнгөгүй гээд гүрийгээд байвал аавын хаалга татах нь тодорхой. Зээлийг эргэн төлүүлэхгүй бас төлөх сонирхолгүй болгосон өөр нэг шалтгаан нь дипломгүй төгссөн ч оронд нь ийм сургуулийг ийм мэргэжлээр, ийм дүнтэй төгссөн нь үнэн болно гэсэн тус сургуулийн захирлын гарын үсэг тамгатай диплом орлох баримт болдог бичиг.
Тэгэхээр нөгөө шинэхэн сэхээтэн орлох диплом байхад жинхэнээр нь яах ч юм билээ. Эндээс л эргэн төлөгдөхгүй болгосон шалтгаан эхтэй. Гэхдээ хамгийн гол нь шударгаар энэ нийгэмдээ татвар төлөөд амьдарч байгаа хүний мөнгөөр босдог тэр зээл гээчийгээ зарим нэг нөхдийн боловсролд нь зориулж үнэгүйдүүлсэн МАХН-ын шоунаас болж эргэн төлөхгүй байж болох юм гэсэн сэтгэхүй нийтийн дунд тогтчихлоо.
Амташсан хэрээ 13 дахина гэгчээр Төрийн сангийн зээлээр
суралцсан 3032 хүний зээл, зээлийн хүүг Засгийн газраас дахиад л чөлөөллөө. Сонгуулийн өмнө хийсэн сайхан сурталчилгаа л даа. Хувьсгалт нам энэ удаад 2982 хүнийг төрийн сургалтын сангийн зээл, зээлийн хүү болох 2.9 тэрбум төгрөгийн төлбөрөөс чөлөөлжээ. Сонгуульд санал авахад нь мэдээж нөлөөлөх болохоор ингэж буян үйлдэж байгаа нь хэн хүнд ойлгомжтой.
Бас дээр нь гадаадад суралцсан 50 хүний төлбөрийг чөлөөлсөн байна. Тэр нь 1.6 тэрбум төгрөг. Төрөөс урамшуулж байгаа нэрийн дор сонгуулийнхаа сурталчилгааг овжин хийж байна гэхэд болно. Одоо төрийн сангийн зээлээр суралцах оюутнууд хэзээ ч зээлээ эргән төлнө гэх сэтгэлгээгүй болчихсон нь мэдээж.
Ямар сайндаа л төрийн сангийн зээлээр суралцагчдаас ердөө л нэг сая 240 мянган төгрөг нь эргэн төлөгдсөн байх вэ дээ. 2004 онд чөлөөлснөөс хойш 19 мянган оюутан төрөөс зээл авчихаад байна. Энэ жил л гэхэд 35 мянган оюутан нэгдүгээр дамжаанд элсэн орсноос 6032 нь төрийн сангийн зээл авчээ. Жил бүр зээл олгох тоог нэмсээр байна. Тэгэхээр 19 мянган оюутан 260 мянгыг авна гэдэг чинь дөрвөн тэрбум 940 мянган төгрөг эргэн төлөгдөх найдваргүй болоод байна гэсэн үг.
Хувьсгалт нам удаа дараагийн шоунаас болсон хэрэг. Жил бүр ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр Даахгүй нохой булуу хураана гэгчээр бэлтгэсэн хүнээ ажлаар хангаж чадахгүй төр, засаг чанаргүй хэчнээн олон сэхээтэн бэлтгэв дээ. Манай улсад 145 орчим мянган оюутан хувийн болон төрийн их, дээд сургуульд өнөөдөр суралцаж байна. Харин үйлдвэрлэлийн салбарт 35 мянгахан ажиллах хүч бэлтгэж байгаа. Энэ нь манай улс гурван ажилчин 10 дарга бэлтгэдэг гэсэн үг. Ёстой л хийдэг ганц хэлдэг гурав гээч энэ биз.
Н.Түвшинбат
Дугаар 99/418/