Зургаан настнууд эрдмийн аянд мордох гээд байдаг гэтэл…

Үүнээс болж бид дэлхийн шившиг болж байна гээд Н.Болормаа сайд томорч билээ. Өндөр хөгжилтэй орнууд хүүхдийг тав, зургаан наснаас нь сургуу¬льд авч, ерөнхий боловсролын сургалтыг 12-14 жилд багтаан олгодог. Олон улсын дундаж жишиг 12 жил байдаг болохоор энэ жилээс эхлэн зургаан настанууд эрдмийн аянд мордох гэж байна. Тус шийдвэрээр уул шугамандаа 2012 оноос наана зургаан настай хүүхдийн сургалтыг зохион байгуулах ёстой аж. Жил жилээр нь судлахад хамгийн цөөхөн буюу 47 мянган зургаан настантай жил нь энэ онд тохиож байгаа юм билээ.
Тэгэхээр шинээр нэгдүгээр ангид элсэх 47 мянган хүүхдээ хаана багтаах вэ, хичээл заах, дотуур байранд асарч хүмүүжүүлэх олон зуун багш бэлтгэх ирэх вэ гэсэн асуултууд ар араасаа гарч ирж байгаа юм. Улсаас зургаан настаныг хүлээн авахад зориулж боловсролын салбарт таван тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк үлдсэн 41.4 хувийг гаргаж байгаа.
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Хотод гэхэд л бараг бүх сургууль 2-3 ээлжээр хичээллэж байгаа. Намар хичээлийн шинэ жил эхлэхэд сурах байргүй зургаан нас¬тай баахан хүүхэд гудамжинд ээлж хүлээн зогсох нь. Н.Болормаа сайдын хэлснээр бол Дөрвөн сургууль шинээр барина. Цэцэрлэгүүдийн байрыг засч тохижуулах, өргөтгөх ажлууд хийгдэж байна. Бүх сургуульд төрийн, хувийн гэлтгүй шаардлага тавьж байна.
Зай талбайгаа сайн шахаж өг гэж захирлуудад үүрэг өгсөн гэж хариуллаа. Наад захын жишээ гэхэд, Өвөрхангай аймгийн Уянга сумын сур¬гууль 340 хүүхэд сурах ёстойгоос 1600 хүүхэд, 30 минутаар гурван ээлжээр хичээллэсээр өдий хүрчээ. Уг нь, 45 минут хичээллэх ёстой ч хүүхдийнхээ тооноос шалтгаалан 30 минутаар хичээллэхээс өөр аргагүй болсон. Наад зах нь ийм сургууль олон байхад зургаан настанд зориулж анги танхимаа шахахаар дөрвөн ээлжээр хичээллэх юм байх даа.
Нэг хүүхэд нэг ширээ сандалтай
Сурагчдын ширээ сан¬дал улсын хэмжээнд хуучирч, 60 орчим хувь нь шаардлага хангахгүй болсныг УМХГ-аас мэдээлсэн. Бага насны хүүхдүүд хөлний улаар газарт бүрэн тулаагүй дүүжлэгдсэн байдлаар сууснаас амархан ядарч эцэх, ясанд эмгэг өөрчлөлт өгөх зэрэг эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болсон. Мөн нэг ангийн 50 хүүхдийн нэг нь сургуулиа төгсөн төгстлөө ширээ, сандалгүй буюу гурваараа сууж байгаа талаар улиг болтлоо ярьж байхад анги танхимынхаа зай талбайг шахах асуудал яригдаад байх юм.
Харин зургаан настнууд энэ зовлонг амсахгүй ч байж магад. Учир нь, нэг анги 30 хүүхэдтэй байхаар бодож, нэг хүүхэд нэг л ширээ сандал эзэгнэх гэнэ. Мөн нуруунд нь тааруулаад намсгаж, өндөрсгөж болдог, бөх бат ширээ сандлыг Хятадаас оруулж ирэхээр болжээ.
Багш нар хангалттай болчихож
Нэгдүгээр ангид хичээл заах 1700, дотуур байранд 500 багш шаардагдаж байгаа юм билээ. БСШУЯ-наас төлөвлөж байгаагаар бол юуны өмнө бага ангийн багшийн мэргэжил эзэмшчихээд ажилгүй яваа багш нарыг татаж авах гэнэ. Мөн төрийн өмчийн болон хувийн сургуулиудыг энэ жил төгсч байгаа оюутнууд, цэцэрлэгийн бэлтгэл ангийн болон тэтгэвэрт гарчихаад яваа олон зуун багш нарыг нийлүүлэхэд 2200 багш элбэг бүрдэнэ гэв. Тэдэнд амьдралд нь нэмэр болохуйц цалин өгөөд хичээл заалгаад, дотуур байранд багшлуулъя гээд ярьж байх юм.
Миний мэдэхийн хөдөө орон нутагт залуусыг ажиллуулах гээд байр, мөнгө, мал хүртэл амлаад үр дүнд хүрээгүй санагдана.
Сурах бичиг ганцхан хувилбартай
Зургаан настнуудад зориулан монгол хэл, математикийн үндсэн хоёр номоос гадна, бэлтгэл ажил, хөгжим, хүн орчны болон дүрслэх урлаг, техникийн дасгал ажлын номыг гаргажээ. Эдгээр номыг сурагчдад сургуулиас олгохгүй, эцэг эхчүүд худалдан авах бөгөөд тэдгээрийг нэг хувилбартайгаар хэвлэхээр болсон байна. Харин эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд сурах бичгийг үнэгүй олгох аж. Энэ нь нийт хүүхдийн 30 гаруй хувийг эзэлж байгаа юм билээ. Сурах бичгийн үнэ хэдэн төгрөг байх нь одоо-гоор тодорхойгүй байна.
Сумын сурагчид сургуулийн дотуур байранд биш гэрт амьдарна
Кинонд гардаг шиг хувьсгалын дараахь хорь, гучаад оны сургууль шууд санаанд бууж байгаа биз. Зургаахан настай нялх амьтад өвлийн хүйтэнд яаж зутрах бол. Харин Боловсролын сайд үүний хариуд Хөдөөний хүүхдүүд чинь гэрийн нөхцөлд амьдарч байгаа. Тэд хэнээс ч илүү амьдраад байж чадна. Бас өөр боломж байгаа. Ах дүү, садан төрлөөрөө, баг бригадаараа нийлээд зургаан настнууддаа зориулан гэр, байшин гаргаж, нэг итгэлтэй хүнээрээ асарч тойлуулаад суулгахыг дэмжинэ.
Хот суурин газруудад бол дотуур байрны боломж бий гэв. Зургаан настнууд эрдмийн аянд мордох гэж бөөн юм болох нь. Юутай ч есдүгээр сарын 1-нийг л хүлээе.
Энэ жил зургаан настнуудын туршилтын анги хичээллэсэн. Зарим нэг багш, эцэг эхийн санал бодлыг сонирхсон юм.
Тавдугаар сургуулийн багш Ч.Сарантуяа
-Ирэх намраас зургаан настай хүүхэд сургахад бид бэлтгэж л байгаа. Өнгөрсөн жилийн хувьд туршилтаар зургаан настай хүүхдүүд авч долоон настай хүүхдүүдтэй хольж сургасан. Манай сургалтын хөтөлбөр өөрөөдан бичгийн арга барилтай болохоор зургаан настай хүүхдүүдэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Зургаан настай хүүхдийн аливааг хүлээж авах оюуны чадвар сайн ч, анхаарлын төвлөрөлт муу байдаг. Тиймээс бичиг цаасаар нүдээд байлгүй тоглоомын аргаар сургадаг юм. Суралцах орчин, анги танхим гээд бэлтгэл ажил шаардлагатай.
Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд зургаан настны анги хичээллэж байгаа. Тэр ангид сурдаг сурагчийн ээжийн ярьснаар бол
Яахав дэлхийн жишигт үнэхээр хүрч чадах юм бол сайн хэрэг. Зургаан настай хүүхдийн хувьд үнэхээр ядардаг юм билээ. Сургалтын систем нэг л таалагдахгүй байна. Их л хэцүү аргаар заагаад байх шиг. Дөнгөж сурч байгаа хүүхдэд бөөн нэр томъёоны асуулт, даалгавар өгөх юм. Даалгаврыг нь хийх гэсээр байгаад хүүхдээ амраасан ч юм байхгүй. Өдөрт хичээлийн 5-6 ном авч явна. Бүх хичээл нь дасгал ажлын номтой. Бас нэмэлт дасгал ажил хавтастай ном гээд элбэг 7-8 кг юм нуруундаа үүрнэ. Номууд нь 4-10 мянган төгрөгийн үнэтэй. Тэр А.Баяжих гэдэг хүн хэдэн төрлийн ном бичдэг юм. 3,4 дүгээр ангийн хүүхдүүдэд хүртэл Баяжихын шахсаны номыг өгдгөө болимоор юм. Дээр нь дүрэмт хувцас нь үнэхээр муу материалаар хийгдсэн. Дараа жил дахиад л дүрэмт хувцас авах байлгүй.
У.Бадам
Дугаар 99/418/