Эвдэрч тоногдсон, айлтай хаяа нийлсэн оршуулгыг нүүлгэн шилжүүлж, цэгцлэх цаг болжээ

Монголын Ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул, Улаанбаатар буян ХХК-ийн захирал Б.Гэрэлтуяа, Бөө судлаач Д.Бадарч, Зууны мэдээ сонины тоймч Н.Наранбилэг нар оролцож, Улаанбаатар хотын эргэн тойрон дахь оршуулгын газрын аймшигт дүр төрх, хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Тв-клуб-ыг Б.Болдбаатар хөтөллөө.
Б.Болдбаатар -Монголчууд шарилтай хэрхэн харьцдаг байсан, нас нөгчсөн хүмүүсээ яаж хүндэлж, нутаглуулдаг байсан юм бол. Одоо Улаанбаатар хот ямархуу байдалтай байна вэ?
Д.Бадарч -Монголчууд талийгаачдаа хөдөөлүүлэхдээ маш нарийн дэг жаяг, уламжлалыг барьдаг байсан. Хотжилтын үед энэ уламжлал ихээхэн алдагдсан. Хамбын овоонд гэхэд л 500 гаруй ламыг алаад булчихсан, Дарь Эхийн овоонд хогийн цэг байгуулчихсан байх жишээтэй. Монголчуудын уламжлалд шарилын газар уурын дуу сонсогдохгүй, утааны дуу үнэртэхгүй хол газар амьдарна гэсэн байдаг. Утааны дуу гэдэг нь хөдөө 5 км газрыг хэлдэг байтал одоо Даландавхар, Нарангийн энгэрийн салхин доор айлууд байгаа нь бид гэртээ л халдвар аваад сууж байна гэсэн үг.
Б.Болдбаатар -Байгаль экологийн байдал манайд ямархуу байна. Шарилын эргэн тойронд хүмүүс амьдарч байгаа нь ямар хор уршигтай байна вэ?
А.Саруул -Энд экологиос гадна соёлын том асуудал хөндөгдөж байгаа юм. Бид талийгаачдаа хогон дунд хөглөрүүлж орхичихоод харахад хүртэл хэцүү байна. Оршуулгын газрыг хаана байрлуулах вэ гэдэг уламжлал эртнээс л байсан. Цогцос хортой бодис ялгаруулдаг учраас Ромын эзэнт гүрний үед ч хотын дотор оршуулдаггүй байж. Европын орнууд оршуулгын хуультай. Гадагшаа хорт бодис нэвчихгүй байлгахын тулд тодорхой шингэн бодисыг цогцостой хайрцагт хийх ёстой гэсэн стандарт хуулинд нь байдаг. Хамгийн гол баримтлах зарчим нь усны судал дээр оршуулгын газар байж болохгүй гэдэг. Энэ мэтчилэн маш нарийн судалж байж оршуулгын газраа сонгодог уламжлал байдаг юм. Газар ашиглах, бохирдлоос хамгаалахын тулд цэвэрлэгээний ажлуудыг хийдэг юм билээ. Үүнийгээ хүчээр тулгахгүй мөнгөөр эвтэйхэн зохицуулдаг. Сүмийн хашаанд байгаа оршуулгын ар гэрийнхэн жил бүр тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Төлж чадахгүй бол шарилыг авч чандарлаад дараагийн хүнийг оршуулах гэх мэтээр газраа аль болох тэлэхгүйгээр зохицуулдаг юм билээ. Олон жил болсон, гэрийнхэн нь ирэхээ больсон, мартагдсан, олохоо байсан, хог болсон оршуулгыг гаргаж чандарлаад, хүндэтгэж бунханд байрлуулан тэр талбайг нь цэвэрлэж, янзлаад цэцэрлэг байгуулах гэх мэтээр асуудлыг зохицуулж болно.
Б.Болбаатар -Зууны мэдээ сонин шарилын асуудал, байгаль экологийн талаар их бичдэг. Улаанбаатар хот одоо яг ямар байдалтай байгаа талаар та мэдээлэл өгөөч?
Н.Наранбилэг -Манай сонины редакцид Цагаан давааны хог шарилтай нийллээ, Даландавхарын оршуулга айлуудтай нийлж аймшигт байдал үүсч байна, үүнийг сурвалжлаач гэсэн хүсэлт ирсэн. Иргэдийн энэ гомдлын мөрөөр 2007 оны 10 сард сурвалжлах баг гарч Улаанбаатар Буян ХХК-ийнхантай хамт Улаанбаатар хотын эргэн тойрон байгаа оршуулга, хогийн цэгээр явсан юм. Газар дээр нь очиход шарилыг ухаад хаячихсан, дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй, хогондоо дарагдсан нүд хальтирам дүр төрх биднийг угтсан. Улаанбаатар хотын ойролцоох бүх уулын энгэр оршуулгын газар болжээ. Оршуулгын газар нь хоттойгоо нэгдэж агаарын бохирдол, орчны бохирдол нь гамшгийн байдалд шилжлээ гэдгийг сониноороо зарласан. Гадаад дотоодод амьдарч байгаа олон хүмүүс сонины хаягаар орж санал сэтгэгдлээ бичиж, шийдэх эрх мэдэлтнүүдэд хүргэх хэрэгтэй гэж биднийг дэмжсэн. Бид дараагийнхаа сурвалжлагыг бэлдэж байтал цас орчихсон. Хавар болохыг хүлээхээс өөр аргагүй болсон. Шарилын газар нь хоттойгоо нийлж, шарилан дотор хүн амьдраад, шарилын хайрцаг ухаж байгаа нь хүн болгоныг эмзэглүүлсэн, энэ асуудлыг яаралтай шийдэх цаг болсныг харуулж байгаа юм.
Б.Болдбаатар -Хайртай хүмүүсээ бөөн хогон дунд аваачиж орхиод, дараа нь бөөн хулгайч, тонуулчинд хайрцаг савыг нь ухуулж тонуулаад байх нь зөв үү. Энэ талаар Улаанбаатар Буян компани ямар ажил хийж байна вэ?
Б.Гэрэлтуяа -Манайх сүүлийн 50-иад жил газарт булж оршуулах хэлбэрээр оршуулсан. 2004 оноос шарил чандарлах хэлбэр үүсэн байгуулагдаж, одоо дөрөв дэх жилдээ явж байна. Улаанбаатар хотод 1000 гаран га газар оршуулгад ашиглагдаж байна. Үүнээс Цагаан даваа, Даландавхар, Буянт-Ухаа гэх мэт оршуулгын газар нь өргөжин тэлэх боломжгүй учраас 1992 онд хаагдсан. 1990-ээд оноос хойш булш бунхныг тонох, төмрийг нь авах, хулгайлах, хайрцгийг нь ухах зэргээс болоод ихээхэн хэмжээний шарил, булш эвдрэн, тоногдож, их хэмжээний хур хог үүссэн. Сүүлийн үед шилжин суурьших хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор хөдөөнөөс ирсэн хүмүүс зөвшөөрөлгүй амьдарч, хог хаягдлаа шөнийн цагаар оршуулгын газар авчирч хаядаг. 2004 оноос эхлээд Америк, Австралийн оршуулгын холбоотой хамтарч ажиллан, туршлага судалсан. Оршуулгын соёл, зан заншил нь тухайн улс орны хөгжил, ёс заншилтай холбоотой байдаг ч ихэнх орнууд оршуулгын газрын тохижилтоо шийдвэрлэж, ногоон байгууламж, зам талбайтай болчихсон байна. Хятад улс хуучирч 50-60 жил болсон, ар гэрийнхэн нь очихоо больсон оршуулгын газруудаа эмхэлж, зарлахад 3/1-ийнх нь ар гэрийнхэн ирсэн байна. Тэднийг нүүлгэн шилжүүлж бусдыг нь чандарлаж, зам талбайг нь тэгшлээд зарим газар нь ногоон талбай, цэцэрлэг байгуулсан. Австралид болохоор олон жил болсон оршуулгын газраа засч хөл бөмбөгийн талбай байгуулсан туршлага байна. Манайд ч энэ эвдэрч тоногдсон, айлтай хаяа нийлсэн, хөшөө булш бунхан нэргүй болсон оршуулгыг нүүлгэн шилжүүлэх, эмхлэн цэгцлэх болжээ.
Б.Болдбаатар -Монголчууд нас барсан хүмүүсээ голдуу ил тавьдаг байсан. Энэ зөв үү?
Д.Бадарч -Монголчууд эрт дээр үед хүн ам цөөн байхдаа ил оршуулдаг байсан юм билээ. Ил тавьсан цогцсыг чоно нохой, шувуу цөөхөн хоногийн дотор идэж дуусгавал бэлэгшээдэг байсан. Шинжлэх ухааны судалгаагаар цогцос 60 метр дотор хортой агаар ялгаруулдаг гэдэг юм билээ. Мөн Түвдэд шарилыг хэрчээд бүргэд тэжээдэг тухай зурагтаар гарч байсан, Түдэв гуайн Оройгүй сүм зохиолд ч гардаг. Гэвч ХХI зуунд цэвэр цэмцгэр ногоон байгууламж болгох мэтээр олон улсын стандартад нийцсэн байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Гол нь сүнсийг зөв замд үдэж өгөх нь чухал байгаа юм. Монголчууд асар мэдлэгтэй ард түмэн л дээ. Гүр хаан Жамухыг ууцыг нь хуалж хөнөөж байгааг өнгөц харвал харгис цааз гэмээр. Гэтэл мөнх тэнгэрийн дагуу хүний сүнс нурууны дагуу дээшээ дэгдэж явдаг байгаа юм. Дээд язгуурын хүн учраас сүнсийг нь хол дэгдээхгүй авч үлдэж байгаа юм. Энэ бол их нарийн зүйл. Талийгаачийн оршуулган дээр тэр бүр очоод байдаггүй, мал ахуй оруулдаггүй нарийн дэгтэй байсан атал одоо оршуулгын газар хогийн цэг шиг болно гэдэг ямар ч хүний ухаанд хүндэтгэл бус эвгүй сэтгэгдэл үлдээхээр байна. Энэ бол бидний оюуны хоцрогдлын үр дүн юм. Үүнээс гарахын тулд үндэсний уламжлал дээрээ олон улсын стандартад суралцаж явах хэрэгтэй.
А.Саруул -Одоо манайд нас барсан хүмүүсийн 70-90 хувийг нь оршуулж, 30-10 хувийг нь чандарлаж байна. Оршуулах нь экологийн хувьд хортой гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, олон шинэ аргуудыг гаргаж байна. Тухайлбал, Шведэд нэг арга дэлгэрч, 30 орноос захиалга аваад байна. Бие бараачийг өндөр температурт хөлдөөгөөд дараа нь тусгай шингэнд хийхээр шил шиг бутархай болдог. Хайрцганд хийгээд 30 см гүнд хийхэд хагас жилийн дотор биологийн хувьд задраад алга болдог арга дэлгэрч байна. Тэр газарт нь маш сайхан цэцэрлэг босгож нөгөө хүнээ эргээд амьдарч байгааг бэлгэдэж байна. Мөн хүнийг чандарлаад үнсийг нь лазераар буудаж хиймэл алмааз болгон гэрийнхэн нь дурсгал болгон авч үлдэх гэх мэт аль болох цэвэр, зай хэмнэх аргад шилжиж байна.
Б.Болдбаатар -Улаанбаатар буян компани ямар ёс дэг барьж байна. Ард түмэн ямар үйлчилгээг илүү авч байна вэ?
Б.Гэрэлтуяа -Улаанбаатар буян компани буяны үйлчилгээг цогц байдлаар үзүүлдэг. Хуучин иргэдэд үйлчлэх Буян компани байсан бол 2004 оноос Улаанбаатар Буян компани болж шарил чандарлах оршуулгын шинэ үйлчилгээг гаргаж, өргөжин шинээр байгуулагдсан. Газарт оршуулах, шарил чандарлах үйлчилгээ болон буяны ажилд хэрэгтэй бүх л үйлчилгээг үзүүлж байна. Америк, Авсртали, Азийн оршуулгын холбооны гишүүн болсон. Жил бүр хурал нь болдог. Өнгөрсөн жил Макаод болсон хуралд оролцож туршлага судалж ирлээ. Олон улсын оршуулгын холбооны захирлууд цуглаж хүн, байгаль экологид ээлтэй оршуулгын ёслолыг сонгож байна. 2005 оны байдлаар хүмүүс 90 тонн төмрийг оршуулгын газрын хайрцаг сав, чимэглэл, нэр хийхэд зориулж газарт булсан, 800 мянга шахам баллон хийг ашигласан байна. Бурхан болоочийн биеийг амьд байсан шиг нь хадгалахын тулд химийн бодис хэрэглэдэг, тэр их химийн бодис нь байгаль дэлхийд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс байгальд хор нөлөөгүй, ээлтэй зан үйлийг сонгохыг хичээж байна.
Б.Болдбаатар -Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хотын газрын бодлого зохицуулалтын дарга, Эрүүл мэндийн яамны орчны эрүүл ахуйчийг дуудсан боловч ирсэнгүй. Сүүлийн үед манайд янз бүрийн халдварт өвчин гараад байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
Б.Гэрэлтуяа -Оршуулсан хүний биеийн зөөлөн эд 3-5 жилд, хатуу эд нь 10-15 жилд амьдрах чадвараа хадгалж байдаг. Сүрье, шар өвчин их гарч байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Цогцос задралаар хорт бодис нь хөрсний усанд шингэж, хавар шар усаар ойр орчмын айлуудад тарж, хөрсний уснаас агаарт дэгдэж байна. Тиймээс хүн амын суурьшил нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед газарт булж оршуулах хэлбэр нь өнөөдрийн амьдралын хэв маягт таарахгүй юм.
Б.Болдбаатар -Хүн бүр дуртай газраа оршуулж, хаа сайгүй оршуулга байх нь энгийн иргэдэд эвгүй санагдана. Ядаж л оршуулгын зан үйлээ дуусгаад хог новшоо хаялгүй хамж аваад явж байгаасай гэж хүсэх байна. Оршуулах зан үйл, байгаль экологийн талаар холбогдох газрууд нь анхаарч үзээсэй гэж NTҮ Телевиз, Зууны мэдээ сонин уриалж байна. Ярилцлага өгсөн та бүхэнд баярлалаа.
Дугаар 122/2882/