Байгалийн чанадын хязгаарын захиргаа Монголын зээрийг аварч байна

Хилийн Соловьевск заставын бүрэлдэхүүн байнгын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өдөрт 20 гаруй удаа түргэн жагсаал авч хилээ нээх ажил хийж байгаа юм байна. ОХУ-ын тал хилээ нэг км орчим газраар онгойлгон өвс бэлчээр, ус хайж ирж байгаа зээрийн сүргийг оруулж байгаа аж. Тэд хилийн хамгаалалтын торыг газраас нэг метр хэртэй өргөж зээрийн сүргийг хил нэвтрүүлэх арга хэмжээ авч байна. Гэсэн ч зээр хэдэн арван мянгаараа маш өргөн фронтоор ирж байгаа болохоор гаргасан хаалга хүрэлцэхгүй бэрхшээл учирч байна. Бид зээрт зориулаад хилээ үүнээс илүү бүрэн нээх гэхээр хил хамгаалалтын аюулгүй байдал алдагдах гээд байдаг гэж тус заставын дарга Вадим Попов ярьсан байна.
Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл бол Монголын нутагт өвс, бэлчээр, усгүйдэн Тарь нуурыг бараадан орж байгаа зээр маш их эцэж туйлдсанаас олноороо үхэж байгаа явдал гэнэ. Тэднээс элдэв өвчний халдвар тархаж болзошгүй гэж үзэж, сэг зэмийг нь шатаах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа ч үүнд ойролцоогоор нэг сая рубль хэрэгтэй аж. Энэ хэмжээний мөнгө төсөв Даурын дархан цаазат газрын захиргаанд байхгүй. Харин ихээр туйлдаж хол явж чадахаа больсон зээрийн сүрэгт зориулан машины дугуйгаар онгоц хийн усалж тэнхрүүлэх арга хэмжээ авч эхлээд байна гэж тус дархан цаазат газрын захиргааны орлогч дарга Вадим Кирилюк ярьсан байна. Гэвч энэ бүхэн бас л хүрэлцэхгүй байна гэж тэр нэмж хэлжээ.
Хилчид, нутгийн иргэд, дархан цаазат газрын захиргааныхан мал эмнэлгийнхэнтэй хамтраад зээрийн сэг зэмийг шатаах, туйлдсан зээрийг услах ажлыг чадлынхаа хэмжээнд хийж байгаа юм байна. Тавдугаар сарын сүүлч гэхэд зээр янзагалж эхэлнэ, тэгээд ч хур бороо орж цаг зуншлага сайжрах биз. Тэр үед Оросын Улаан номд орсон энэ олон амьтан Оросын нутагт суурьшиж үлдэх үү, Монгол руугаа буцах уу гэдгээ шийдэх биз дээ гэж ОХУ-ын Брозинскийн районы мал эмнэлгийн албаны малын эмч Виктор Кулабухов ярьсан байна.
Х.Өлзий
Дугаар 99/418/