Гар хөл амны өвчний сургалт, сурталчилгааны ажил Багануур дүүрэгт амжилттай явагдаж байна

Гар хөл амны өвчин гарсантай холбогдуулан 5 сарын 9-16-ны хооронд ХӨСҮТ-өөс бэлтгэсэн сургалтын материалыг баяжуулан Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч, үйлчилгээний нийт ажилтнууддаа 3 удаагийн сургалтыг сургалтын танхимдаа зохион байгууллаа. Үүнээс гадна бусад байгууллагуудад /сургууль, цэцэрлэгийн багш нар, хороодын дарга, нийгмийн ажилтнууд, уурхайн ажилтнуудад/ нийт 6 удаагийн 2 цагийн сургалтаар 760 хүнийг хамрууллаа. Эдгээр хүмүүст гар цэвэр бол бие эрүүл, усыг зөв хадгалж хэрэглэе санамжууд, зурагт хуудсууд, ХӨСҮТ-ийн зөвлөмжийг эх хувь болон хэвлэсэн байдлаар, халдваргүйтгэх уусмалыг хэрхэн бэлтгэх заавруудыг тус тус бэлтгэн тараагаад байна.
Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар дүүргийнхээ Боловсрол цогцолбор, Энх судар, Сод сургуулийн сурагчдад гар хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, үзлэг зохион байгууллаа. Үзлэгээр нийт 2673 сурагчид хамрагдахаас 2435 сурагчид хамрагдсан байна. Үүнээс сэжигтэй 4 тохиолдлыг илрүүлэн өрхийн эмчийн хяналтанд авч, үзлэгт хамрагдаагүй 238 сурагчдыг тодруулга хийж гэрийн хаягийг нь тэмдэглэн өрхийн эмнэлэгтэй нь холбон өгсөн байна.
Өвчлөл бүртгэгдсэн сургууль, цэцэрлэг, айл өрхүүдэд голомтын халдваргүйтгэлийг цаг тухайд нь хийж байгаа бөгөөд иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг зөвлөмжийг өдөр бүр орон нутгийн Сүлжээ 3, BBS, Ноён телевизүүдээр өгч байгаа юм байна.
НЭМНэгдэл, Багануур дүүрэг
Б.Солонго