Хаврын хахирган өдрөөр шорооны оронд мөнгөн шуурга түрэмгийлэв

Төр, засгаас бэлэн мөнгө тарааж, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөн, өгсөн тэр мөнгөө эргүүлэн булааж, бусад улс руу илгээсээр. Эх оронд маань үлдэх юм юу ч байхгүй. Учир нь, манай улс гурил будаагаа хүртэл гадаадаас зөөдөг болохоор. Өглөөнөөс орой, оройноос өглөө болоход л та бидний эдэлж, хэрэглэдэг юм бүхний үнэ нэмэгдэж байгаа. Харин үүнээс аврах гэж ч юм уу, эсвэл аварч байгаа харагдах гэж бэлэн мөнгө өгөөд байдаг боллоо. 2004 оны сонгууль өнгөрмөгц л хүүхдэд, гэрлэгсдэд, эхчүүдэд мөнгө өгч эхэлсэн.
Бас болоогүй, боловсролд нь анхаарч байгаа дүр эсгэнэ. 2004 оны сонгуулийн өмнөхөн төрийн сангийн зээлээр суралцсан бүх хүнийг зээлээс чөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт ч мөн л энэ шийдвэрийг гаргаж. 2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа дээрх шийдвэрийг гаргаж, малийтал инээж байгаад баяр ёслолын байдалтайгаар ард түмэнд зарлаж байлаа. Энэ алхам нь үр дүнгээ өгч сонгуулиар МАХН-ын рейтингэд нөлөөлсөн болохоор С.Баяр ч бас ингэж байгаа хэрэг. Гэхдээ энэ олон хөнгөлөлт, өршөөл, тусламжийн мөнгийг тэд өөрсдөө эрийн сайнаараа олчихсон юм шиг л гарын салаагаараа урсгаж байгаадаа ичих хэрэгтэй. Төрийн мөнгө гэдэг чинь уншигч таны, сэтгүүлч миний төлсөн татвар. Харин ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн хүмүүст бидний мөнгийг ийнхүү бэлэглэж байгаад нь дургүй хүрч байна.
Ганц сургалтын төрийн сангийн зээл ч биш, Засгийн газар янз бүрийн салбарынханд зээл олгодог бас чөлөөлдөг зуршилтай. Тариаланчдад энэ жил бас ээлжит зээлээ олгож байгаа. Төв, Сэлэнгэ, Булган аймгийн тариаланчдад тус бүр хоёр тэрбум төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгох тогтоол баталчихсан байна билээ. Өмнө нь ч тариаланчдыг дэмжих Уринш, Yр хөтөлбөр хэрэгжүүлж баахан зээл олгоод, дараа нь төлөөгүйг нь хүчингүй болгосон. Энэ нь найман тэрбум гаруй төгрөг болж байсан санагдана. Тэгэхээр төлсөн нь хохироод л үлдэж байгаа юм. Бас саяхан батлагдсан Татварын өршөөлийн хууль байна. Мөн л татвараа төлсний хохь, төлөөгүй, хууль зөрчиж, гүрийж чадсаны аз болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчигчдийг зохион байгуулалттайгаар төрөөс харж үзэж байна гэсэн үг. Энэ төр, засгийн хувьд ард иргэд бидний хэн нь араас нь, хэн нь урдаас нь гарсан болоод ийнхүү алаг үздэгийг хэлж мэдэхгүй юм. Гагцхүү хуулийн хүрээнд амьдарч, хүлээсэн үүргээ биелүүлсэн хүн л хохироод байдаг. Татвар, мөнгөний тал дээр явуулж байгаа энэ бодлогоос харахад олон түмнийг хууль зөрчихийг л дэмжээд байдаг, харин хууль сахьсан нь халаасаа хоослуулж, хамаг орлогоо татварт өгөөд дуусдаг болжээ.
Жирийн ажилтан, аж ахуйн нэгжийг болохоор татвар, шимтгэлээр дарамтлахыг жинхэнэ үзүүлж өгдөг. Хүн амын орлогын, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн, ажлын байрны гэх мэтээр өчнөөн төрлийн татвар нэхнэ. Харин энэ хураасан мөнгөөрөө дээрх маягаар хууль, гарын үсэг зурсан гэрээгээ зөрчиж, үүргээ үл биелүүлэгсдийг санхүүжүүлдэг. Бас хэн нэгнийг олон хүүхэд гаргасан, эсвэл гэрлэсэн, гэртээ сууж хүүхдээ харсан гэх мэтээр дулдуйдан олон арван тэрбум төгрөг үргүй зарцуулдаг. Тэр хүмүүст зориулан 499,8 тэрбум төгрөгийг энэ 2008 онд тарааж дуусгахаар улсын төсөвт тусгажээ. Түрүү жил яг энэ зориулалтаар 381,3 төгрөг зарцуулж байжээ.
Манай улсын төсвийн зарцуулалтад гадаадын мэргэжлийн байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгөхдөө, хэтэрхий үрэлгэн байгааг онцгойлон анхааруулжээ. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирснийг ч хэлэх үү, энэ хаврын хувьд үнэндээ мөнгөн шуурга шуурч байна. Бид шороон шуурганд нүүрээ буруулан яаруухан алхдаг байсан бол татварт төлсөн хэдээ мөнгөн шуурганд алдаж байгаадаа дургүй хүрч байна. Яаж ийгээд нэн ядуу ч юм уу, за ер нь ямар ч аргаар яах вэ, татвар төлдөг биш татаас авдаг болчих юмсан. Зүгээр сууж байгаад мөнгө авна гэдэг хэнд ч сайхан биз дээ.
Ж.Цэсэн
Дугаар 99/418/