10 нам, эвсэл сонгуульд оролцохоо мэдэгдлээ

Манайхан цагийн юмыг цагт нь хийдэггүй, гэнэт сэрсэн юм шиг л аашилдаг зангаараа өчигдөр бужигналдлаа. Ийнхүү тэд хуулийн хугацаандаа багтаж бүртгэлээ хийлгэцгээлээ. Өчигдөр өглөөний байдлаар МАХН, МУНН, ИЗН, Ардчилсан нам, Ард түмний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам зэрэг найман нам бүртгүүлсэн байсан. Үдээс хойш оройхон Эх орон нам бүртгэлээ хийлгэсэн гэнэ. Мөн ИХ нам, Ногоон нам, МСДН зэргээс бүрдсэн Иргэний эвслийнхэн ч бүртгэлээ хийлгэж, энэ жилийн сонгуульд оролцохоо ийнхүү баталгаажуулж авав. Эдгээр намууд СЕХ-нд Мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүрэлдэхүүн, хандивын тайлан өнгөрсөн сонгуульд оролцсон санхүүгийн бичиг баримтуудаа хавсаргасан байна. Манай улсад нийтдээ 18 нам бүртгэлтэй байдаг.
Тэдгээрийн ихэнх нь шинэ намууд бөгөөд хаана юу байгаа нь мэдэгддэггүй. Энэ өдөр ч аль намынх нь ч мэдэхгүй хүмүүс олон байсан. Намууд бүртгэлээ хийлгэхээр ирэхдээ зарим нь ганц нэгээрээ, ирж байхад нөгөө хэсэг нь бүлэг оптоороо ирцгээсэн. МАХН-аас тус намын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа, ИЗН-аас дарга С.Оюун, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганбат нар ирцгээсэн. Харин АН-ынхан бараг бүгдээрээ шахуу ирж СЕХ-г золтой л нураачихсангүй. Тэднийг ийнхүү олны сүрийг үзүүлэн ирсэнд багагүй гайхсан СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Та бүхнийг ийм олуу-лаа ирнэ гэж бодсонгүй, дараагийн удаа ингэж ирэхээр бол урьдчилан мэдэгдэж томоохон заал бэлдүүлж байгаарай хэмээн аргагүйдэн хэлж байсан.
Арга ч байж уу, Кёкушюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Гансүх гээд том том хүмүүс олон байхад. АН-ынхан олуулаа ирээд зогсоогүй санал хүсэлттэй ирснээ Ц.Элбэгдорж дарга уламжилсан. Үүнд тэдний санааг хамгийн их зовоож буй зүйл бол 116 мянган хүн 240 мянган хаяг дээр давхар бүртгэгдсэн байгаад шударга сонгууль явна гэдэгт эргэлзээтэй байгаагаа энэ үеэр дуулгасан. Үүнийг нэн даруй шийдвэрлэх ёстой. Сонгогчид тухайн тойрогт ногдсон мандатын тоонд заавал хүргэж нэрээ дугуйлах ёстой гэж тэд энэ үеэр захиасаа хэлж амжив. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан зарим гишүүдийг нөхөн батлах тухайд ч асуудал тавьж байсан. Ж.Сүхбаатар сонгуульд нэр дэвших тул ажлаас чөлөөлөгдсөн.
Мөн Ж.Нарантуяа өөрийн хүсэлтээр, Д.Сандаг-Очир УИХ-ын даргын зөвлөх болсон тул нөхөн сонгох хэрэгтэй гэж АН-ынхан үзсэн. Намын даргаа анхны хайртад нь тавиад туучихсан Ард түмний намынхан бүртгүүлэхээр энэ үеэр ирж таарсан. Намын дэд дарга Б.Зоригтоос ганц хоёр зүйл тодруулах гэсэн боловч хэлгүй дүлий аятай загнав. Түүнээс Л.Гүндалай АН-аас УИХ-д нэр дэвших болсонд намын нөхөд ямар бодолтой байгааг лавлахад Хүний улстөрийн эрхийн асуудал гэж мэдэгдсэн. Мөн АТН сонгуульд дангаараа оролцох бөгөөд хотод дөрөв, орон нутагт гурван хүн дэвшүүлэхээр удирдах дээд байгууллага Их хуралдайгаараа шийдвэр гаргасан бөгөөд эцсийн хариугаа Бага хуралдаанаас гаргах аж. Эдгээр бүртгэлийн бичиг баримтуудыг СЕХ нягталж үзээд ойрын үед хуралдаж сонгуульд оролцуулах эсэхийг нь шийдвэрлэн батламж гардуулах юм байна.
Д.Баярхүү
дугаар 112/2399/