Хөдөлмөрийн зах зээл дээр 35-аас дээш насныхныг ялгаварлах нь тэднийг хүний наймаа руу түлхдэг

Энэ үеэр тус байгууллагын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан хуульч Тим Дэ Меуертэй ярилцлаа.
-Олон улсын хөдөлмөрийн стандартын нэгээхэн хэсэг нь зохистой хөдөлмөр эрхлэлт гэж хэлж байна. Зохистой хөдөлмөр эрхлэлт гэж чухам юуг хэлээд байгааг манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Олон улсын хөдөлмөрийн стандартын гол суурь нь зохистой хөдөлмөр эрхлэлт юм. Энэ нь хөдөлмөр эрхлэлээ гэхэд амьдралаа, ар гэрээ тэжээх бололцоотой болох, ажлаа сонгох эрх зүйн орчин байх, ажилгүйдлийн тэтгэмж авч байх зэрэг маш олон зүйлийг тусгаж өгч байгаа юм. Гэвч Монголд зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдал бидний санасанд хүрэхгүй л байна. Тиймээс олон улсын хөдөлмө-рийн байгууллагын стандартын хэрэгжилт ямар байгаа талаар семинар хийж, цаашид юу хийх талаар НХХЯ, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч байна.
-Семинарын үеэр хөдөлмөрийн зах зээлд 35-аас дээш насныхан гологдож байна гэж дурдаж байсан. Үүнийг
шийдвэрлэх арга зам бий юу?
-35-аас дээш насны хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд голж байгаа нь Монголд тохиолдоод байгаа асуудал биш. Хөгжиж буй бүх улсад гарч байгаа шийдвэрлэх ёстой, хэрвээ орхигдуулбал олон асуудлын буглаа болсон зүйл. Хөдөлмөрийн зах зээлийн ялгаварлалын нэг жишээ. Энэ нь нийгэмд маш их хор уршигтай. Тухайлбал, архидалт, ядуурал, үүнээс улбаалан хүүхдийн эрхийн зөрчил гээд л. Насаар ялгаварлах үзэгдлийг арилгахын тулд төр засгаас яагаад насны ангилал гарав, юунаас болж өсч байна гэдгийг нь тогтоон шийдэх ёстой. Өөр нэг зүйл нь 35-аас доош насныхны ажлын байрак дахь, бэлгийн дарамт. Үүнээс болж ажлын байранд бүтээлч сэтгэлгээ, идэвхи санаачлага үгүй болдог. Угтаа хөдөлмөрийн зах зээлд хэн, юу хийж байгаа нь хамаагүй. Гагцхүү ажлын цагаар ажлаа л хийж байх ёстой. Харин 45-аас дээш насныхныг наснаас болж ажилд авахгүй гадуурхаж байгаа нь ядуурал руу түлхдэг. Энэ нь эргээд улсад маш том ачаа болно. Тиймээс ядуурал нь гэнэт бий болдоггүй, нэг нь нөгөөгөөсөө хамааралтай байдаг байна. Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт бий. Хөгшин хүмүүс аливаа юмыг хүлээж авахдаа удаан, бүтээлч биш гэх үзэл. Тэгвэл энэ нь эсрэг байдаг юмаа гэж хэлмээр байна. Харин ч энэ насны хүмүүс туршлагажсан, ажиллаж байх хугацаандаа бүтээлч сэтгэлгээ гаргах нь илүү байдаг. Төр ядуурлыг бууруулахын тулд ажил олгогчтой ойр байж, ажилгүйдлийг зохих төвшинд барих ёстой юм. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол хөдөлмөрийн зах зээлд ялгаварлал дээд цэгтээ хүрч энэ насны бүсгүйчүүд хүний наймааны золиос болох эрсдэл дагадаг.
-Тэгэхээр бага насны охидоос гадна энэ насны бүсгүйчүүд хүний наймааны өгөөш болох аюултай байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Наснаасаа болж ажилд орж чадахгүй болсон бүсгүйчүүд ажилтай болохын тулд аюул эрсдэлтэйг үл харгалзан ажлын байрны санал тавьсан хэнд ч зөвшөөрсөн хариу өгдөг. Яагаад гэвэл, тухайн хүнд тэрнээс өөр ажилтай болох боломж олгохгүй байгаа учраас тэр. Иймд төрөөс хөдөлмөрийн хууль болон олон улсын хөдөлмөрийн стандартыг амьдралд хэрэгжүүлэх ёстой.
-Сүүлийн үед Монголд хувийн байгууллагуудын тоо өсч байгаа нь сайшаалтай ч, хөдөлмөр хамгааллын асуудал орхигдчихсон. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлгүйгээс маш олон хүн амиа алдсан?
-Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн ороод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд жил бүр танай улс олон улсын хөдөлмөрийн стандарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар манайд илтгэлээ явуулж байх ёстой юм. Гэвч хангалтгүй байгаа. Ажил олгогчийн зүгээс тухайн хүнийг ажиллах таатай орчин, аюулгүй байдлыг нь хангасан байх ёстой. Гэтэл танай улсад ажил олгогчид тавих хяналт, хариуцлагын тогтолцоо гэж үгүй болжээ. Хөдөлмөр хамгааллыг менежментдээ тусгавал илүү үр дүнтэй болох талтай. Тэгж чадвал ажил олгогч, ажилтан хоёулаа үүнд анхаардаг, нэг нэгэндээ шаардлага тавьдаг болох юм.
-Бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд?
-Энэ их олон талаас тайлбарлаж болно. Гэхдээ анхдагч эх үүсвэр нь ядуурал. Ээж, аавд нь ажил олдохгүйгээс гэр бүлээрээ алт олборлохоор явж байна. Уг нь тэр хүүхэд үеийнхэнтэйгээ адил сурч, боловсрох ёстой. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд наснаасаа болж гологдсон, эсвэл ажлын байр нь байхгүйгээс ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн эцэг, эхтэйгээ адилхан шууд ядууралд орж ажил хийдэг. Тиймээс олон улсын хөдөлмөрийн стандартыг танай улсад бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнийг ярья гэвэл маш их зүйлийг ярих болно л доо.
-Монгол Улс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч цалин огцом нэмэх нь нийгэмд маш олон сөрөг үр дагавар авчирдаг гэх юм?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Монгол Улсад 48 мянгаас 60 мянгаар болгож нэмсэн. Ингээд саяхан 80 мянган төгрөг болголоо. Нэг талаас нь харахад цалинг нэмснээр иргэдийн амьжиргаа дээшлэхийн чацуу хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн гэж бодсон байх талтай. Мөн ажил хийгээд байвал хөдөлмөрөө үнэлүүлээд байх юм гэсэн бодол иргэдэд төрнө. Харин нөгөө талаар хэт өндөр цалин нь ажилчдын эрх ашигт халдаж байгаа юм. Яагаад гэвэл, ажил олгогч байгуудлагууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 80 гаруй мянган төгрөгөөр олон хүнийг хуулийн дагуу цалинжуулаад байж чадахгүй учраас хөдөлмөрийн гэрээ хийлгүй аман тохиролцоогоор ажил хийлгэдэг. Үүнээс болж ажилтан хохирдог.
-Манай улс 2004 оноос эхлэн гадаадаас ажиллах хүч олноор авч эхэлсэн. Гэвч энэ нь Монгол залуусын ажлын байрыг булаагаад байх шиг?
-Тиймээ. Монгол Улсад өнөөдөр залуус нь гадаадад гарч өндөр цалинтай ажил хийхийг зорьж, тэр хэмжээний гадаадын иргэд ажил хийх гэж танайд ирж байна. Үүнийг олон өнцгөөс тайлбарлаж болно. Гэхдээ манай байгууллагын зүгээс хэлэхэд шууд утгаараа мэргэжил сургалтын үндэсний төвүүдийн сургалтад анхаарах болжээ гэж хэлмээр байна. Би Монголд 20 гаруй мэргэжил сургалтын төвд байдаг гэж сонссон. Гэвч тэдний төгсгөж байгаа залуусаас хэдэн хувь нь ажлын байртай байна вэ гэдэг нь сонин шүү дээ. Энэ бүх байдалд дүгнэлт хийх цаг болсон.
-Та дээр гадаад руу монгол залуус их гарч байна гэж хэлсэн. Гэхдээ голдуу эрэгтэйчүүд явдаг. Үүнийг хүйсийн ялгаварлал гэж үзэж болох уу?
-Энэ их хүнд асуулт байна. Миний ажигласнаар Индонези, Сингапурын эмэгтэйчүүд өндөр цалинтай ажил хайж гадаад руу их гардаг. Гэвч бодит байдал дээр бага цалинтай ажил угтдаг. Монголын залууст ч гэсэн ийм асуудал тохиолдоод байна. Гэхдээ тухайн залуусын сурч байсан мэргэжлийн дагуу Япон, Солонгост ажилчин авч байж болно. Харин эмэгтэй хүн ажиллаж болох ажлын байранд ерөөсөө эмэгтэй хүн авахгүй, эрэгтэйг л авна гэж хүйсээр нь зааж байвал энэ үнэхээр ялгаварлал гэж үзэж болно.
-Олон Улсын хөдөлмөрийн байгууллагад хүлээсэн үүрэг, амлалтаа манай улс хэр биелүүлж байна вэ?
-Нэг зүйл хэлэхэд олон улсын стандарт гэдэг хүний хөдөлмөр эрхэлж өдөр тутамд гарч байгаа бүхий л зүйлсийг хэлж байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагад танай улс элсч ороод таван жилийн нүүр үзэж байгаа. Гэвч хөдөлмөрийн тухай хуульдаа олон улсын хөдөлмөр стандартуудыг оруулан тусгаж хэрэгжүүлэх зохицуулалт алга. Өөрөөр хэлбэл, хуульдаа тусгасан хэрнээ бусад хуультайгаа ямар ч уялдаагүй. Үүнээс улбаалан олон улсын хөдөлмөрийн стандарт хэрэгжиж чадахгүй байна. Жишээлбэл, ажилтанд ажилгүй үед нь ажилгүйдлийн тэтгэмж өгөх, гадаад үзэмжээр ажлаас нь халах ёсгүй зэрэг хөдөлмөрийн стандартын нэгээхэн хэсгийг Монгол Улс хөдөлмөрийн тухай хуульдаа ерөөсөө заагаагүй байна. Тиймээс стандартыг хэрэгжүүлэхийн тулд ажилтан, ажил олгогч хоёрын гүүр нь төр засаг байх ёстой. Тэгж чадвал хөдөлмөрийн стандарт биелэх боломжтой юм. Харин хөдөлмөрийн стандартыг хэрэгжүүлэх талаар танай улс өндөр үүрэг, амлалт авсан байгаа. Гэвч зарим зүйлд сэтгэл дундуур байна. Тэр өндөр, үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн тулд захиргааны хүний нөөц дутмаг, санхүүжилт нь оройтож ирдгээс төдийлэн сайн биелэхгүй байгаа юм.
Т.Оюун
Дугаар 99/418/