22-ын товчооны чиглэлд зургаан урсгал замтай болно

Энэ сарын 15-ны өдрөөс нийслэл даяар замын ажлууд албан ёсоор эхлээд байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Энэ жил хэдий хэрийн хөрөнгөөр зам засварын ажлууд хийгдэх вэ?
-Замын санд 2008 онд 4.3 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 2 тэрбум төгрөг цуглаад байна. Үүний 1 тэрбумаар нь нийслэлийн төв замуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэхээр зургаан багц болгон тендер зарлаж, гүйцэтгэгч компаниуд ажилдаа орлоо. 725 сая төгрөгөөр төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол дундах замуудыг шинэчлэх юм. Энэхүү ажлыг мөн л зургаан багц болгон тендер зарласан бөгөөд гүйцэтгэнид тодорч ажилдаа орсон. Мөн Монгол улсыг хөгжүүлэх сангаас 16.5 тэрбум төгрөгөөр II объектын ажил хийхээр төлөвлөсөн байсан юм. Үүний хамгийн том нь Хорин хоёрын товчоо чиглэлийн 10.4 км замын ажил байгаа. Энэ замын ажил 5 дугаар сарын 20-доос эхэлнэ.
Үнийн өсөлтөөс үүдэн асфальт, бетоны үнэ 40 хувиар нэмэгдсэн, зам барилгын ажлын норм, үнэлгээ шинэчлэгдсэнээс хамаараад замын өртөг маш их өсч байна. Үүнээс болж төлөвлөсөн замын ажлууд тоо ёсоороо хийгдэж чадахгүйд хүрээд байна. Зөвхөн Хорин хоёрын товчоо чиглэлийн 10.4 км замын ажлын өртөг нь 10 гаруй тэрбум төгрег болж байгаа. Энэ дээр нэг км зам нэг тэрбум төгрөгийн өртөгөөр босч буйд эргэлзэх хүмүүс гарч магадгүй юм.
Хотын зам хөдөөгийн зам хоёр эрс ялгаатай. Хөдөө барьж буй зам хоёр л урсгалтай. Нэг урсгал нь стандартаараа бол 7 метр өргөнтэй байдаг юм. Хорин хоёрын товчооны замын тухайд зургаан урсгалтай, нэг урсгал нь 3 метр. Нийтдээ 18 метр өргөнтэй зам болж байгаа. Дээр нь ноднингоос эхлээд хотод зам барихдаа явган хүний зам, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгийг иж бүрнээр шийддэг болсон. Ийм учраас хотын зам хөдөөгийн замаас өндөр өртөгөөр хийгдэж байгаа юм.
– 2008 онд нүхэн гарц, гүүрэн замын ажил хийгдэх үү?
– Энэ жилийн хувьд хотын зам дээр эрс эргэлт гаргахуйц даацтай ажлуудын эхлэл тавигдаж байна гэж хэлж болно. Нийслэл хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс нүхэн гарцуудыг нэлээд олноор барьж байгуулахаар төлөвлөлөө. Явган зорчигчид авто зам дээр зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, нөгөө талаас жолооч нарт саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэх нүхэн гарцуудыг 12 газарт хийхээр төлөвлөж, зураг төслүүд бэлэн болсон.
Мөн Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн замыг олон түвшний огтлолцолтой болгох буюу давхар зам барих зураг төслийн олон улсын зөвлөхийн тендер зарлаад одоо гэрээ байгуулах ажилдаа орж байна. Жил бүрийн хавар намар хөдөлгөөний эрчмийн тооллого хийдэг юм. Энэ тооллогыг хийж дууслаа. Ямар уулзвар дээр цагт хаанаас хаашаа хэчнээн тээврийн хэрэгсэл зорчиж буйг тоолсноор тухайн уулзвар ачааллаа дааж буй эсэхийг эрчмийн тооллогоор тодорхойлдог юм.
Энэ жил хэдэн нүхэн гарц хийгдэх вэ?
– Нэг нь л хийгдэнэ. Ионсей эмнэлгийн харалдаа Боловсролын их сургуулийн өмнө дороо нийтийн бие засах газар, интернет төв, дулаан, цахилгаантай байнгын ажиллагаатай байгууламж байх юм.
Дугаар 102 /9658/