Ц.Рэнцэнмягмар Вирусын халдвартай, өвчин нь хүндэрсэн хүүхэд олноор ирэх боллоо

-Танайд хэвтэж буй хүүхдүүдийн бие ямар байгаа вэ?
-Хүүхдүүдийн олонхи нь хөнгөвтөр өвчилсөн. Харин сүүлийн үед эцэг, эх нь хүүхдийнхээ өвчнийг хүндэрсэн хойно эмнэлэгт хандах боллоо.
-Одоогийн байдлаар хэчнээн хүүхдийн бие хүнд байгаа юм бэ?
-20 гаруй хүүхэд хавсарсан өвчтэй. Тодруулбал, ханиад, хатгаатай байгаа. Зургаан хүүхдийн бие хүнд байна.
-Юунаас болж өвчин нь хүндрээд байгаа юм бол?
-Хуучин хавсарсан өвчтэй, дээр нь Энтеровирус-71 халдвараар хүндэрсэн тохиолдол цөөнгүй бий. Хавсарсан өвчтэй хүүхдийг бид маш сайн анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Зарим хүүхдийг хүнд байдлаас аварсан
тохиолдол ч бий.
-Хятадад олон хүүхэд энэ өвчнөөс болоод нас бараад байгаа болохоор санаа зовж байна. Хүнд байгаа хүүхдийн амь насанд нь аюулгүй гэж хэлж чадах уу?
-Ер нь өвчлөл ихтэй байгаа энэ үед нэг ч хүүхдийн амь насыг хохироохгүй, хүндрүүлэхгүйн төлөө өдөр шөнөгүй эмч нар ажиллаж байна. Бид ямар нэгэн нас баралтгүйгээр уг өвчнийг татлана гэсэн хатуу зорилттой ажиллаж байгаа. Засгийн газраас ч ийм үүрэг өгсөн.
-Одоо 200 гаруй хүүхэд л танайд эмчлүүлж байгаа гэх юм. Өрхийн эмчийн хяналтад байгаа хүүхдүүд өвчнөө цааш тараах юм биш үү?
-Энтеровирус-71 -ийн халдвартай хүүхдүүдийн 95 болон түүнээс дээш хувь нь хөнгөн явцтай өвчилсөн. Ийм тохиолдолд бид эцэг, эхийн хяналтад гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байна. Гол нь, хүүхдүүдэд халдвараас хамгаалах зөвлөмжийг өрхийн эмнэлэгт нь, өөрсдөд нь, дүүргийн эмч нарт, болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч байна. Энэ бүх мэдээллүүдийг авснаар гэртээ болон өрхийн эмчийн хяналтад байгаа хүүхдүүд халдвар тараахгүй байх боломжтой юм.
-Энэ өвчин тийм хурдан эдгэдэг юм уу. Хүүхдүүд эмнэлгээс гарлаа л гэх юм?
-Тийм ээ. Хөнгөн туссан, өөрсдөө эрүүл ахуйн дэглэм сайн сахиж урьдчилан сэргийлснээр хурдан эдгэрсэн юм.
-Энтеровирус-71 -д тухайлсан эмчилгээ байхгүй гэх юм. Тийм бол манайх ямар эм, тариа хэрэглэж байгаа юм бэ?
-Вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Үүнийг л хүмүүс эмчилгээгүй гэж ойлгоод байх юм. Мөн үүсгэгчийн эсрэг эм байхгүй. Гэхдээ энэ нь эмчилгээгүй гэсэн үг биш. Нийт өвчилсөн хүүхдийн 80 гаруй хувь нь тууралт хэлбэрээр оношлогдсон. Тэр тусмаа ямар нэгэн эмчилгээ байхгүй ч дархлаа дэмжих, шинж тэмдгийг нь дарах эмчилгээнд эдгэрчихээд байгаа юм. Бид хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, хордлого тайлах, өвчин намдаах зэрэгхавсарсан эмчилгээ хийж байна.
-Ямар тохиолдолд өвчин хүндрээд байгаа юм бэ. Танайх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадалгүй хүндрүүлээд байна уу?
-Энэ нь хувь хүнийхээ биеийн онцлогоос хамаардаг. Тэр тусмаа биеийн эсэргүүцэл сайтай хүүхдүүд гайгүй, харин хавсарсан өвчтэй нь л хүндрээд байгаа юм. Хувь хүний биеийн эсэргүүцлийг хэн ч хэлж мэдэхгүй. Манайх Энтеро-вирус-71 халдварын аюултай хэлбэрээр өвдсөн хүмүүсийг л хэвтүүлэн эмчилж байна.
-Цаг агаар дулаарах тусам уг өвчин улам тархана биз дээ?
-Тийм ээ. Энэ өвчин Хятадын дулаан зүгээс манай руу тархсан учраас идэвхжинэ. Зургаа, долдугаар сард бүр илүү идэвхжих боломжтой. Тиймээс иргэд анхаарлаа хандуулж сэрэмжлэх шаардлагатай.
-Өдөр ирэх тусам халдвартай хүүхдийн тоо зуу, зуугаар нэмэгдэх юм. Үүнийг намжаах боломжгүй юм уу?
-Энэ өвчинг үүсгэж буй вирусийн шинж, тархалт нь маш өндөр байна. Хэрэв хүндэрсэн тохиолдолд тархины зөөлөн эд, зүрхний булчин, мэдрэлийг өвчлүүлдэг халдварт вирус.
-Урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Хүн бүр, айл өрх, үйлчилгээний газрууд халдварын эсрэг хамтдаа тэмцэх юм бол эрсдэл багатай гарах боломж бий. Гэхдээ огт эрсдэхгүй гэж хэлээгүй. Ихэнх хувь нь хөнгөн явцтай илэрч байна шүү дээ. Гэвч хүндэрдэг халдвар бий гэдгийг сануулмаар байна.
Х.Эрдэнэ
Дугаар 99/418/