Талхны үнэ мөнхөд 550 төгрөг байх уу

Тэрээр 9000 тонн гурилаар 12 дугаар cap хүртэл талхны үнийг тогтвортой барина гэжээ. Гэхдээ зөвхөн нийтийн өргөн хэрэглээний Атар талхны үнийг л барина, бусад нэрийн талхны үнийг үйлдвэрүүд өөрсдийн зах зээлээс авсан гурилаар хийж өөрсдийнхөө үнээр борлуулах эрхтэй гэжээ. Энэ хэр бодитой санал вэ, энэ талаар яг ажил хариуцаж байгаа хүмүүс нь юу ярьж байгааг тодруулахаар ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал М.Хүрэлсүхтэй уулзав. Тэрээр Бид ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр гурил оруулж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар 1800 тонн гурил ачигдаад байна. Дээд гурил, нэгдүгээр зэргийн гурил ирж байгаа. Дээд гурилыг нь зах зээлд борлуулна. Нэгдүгээр гурилыг нь талхны үйлдвэрүүдэд талхны үнийг зах зээлд хүрэлцээтэй байлгах, үнийг тогтвортой хэмжээнд байлгах болзолтойгоор хуваарилах юм.
Хугацааны хувьд 9000 тонн гэдэг маань юу ч болохгүй л дээ. Гэхдээ одоо оросоос авах улаан буудайн түрүүч ороод ирнэ. Тэрүүгээр гурил үйлдвэрлээд гаргахад кг-ын үнэ нь 600 орчим төгрөгийг гурил гарна. Одоо бид энэ 9000 тонн гурилаасталхны үйлдвэрүүдэд кг-ыг нь 660 төгрөгөөр өгнө. Тэгэхэд талх 550 төгрөг байх боломжтой. Ингээд оросын улаан буудайгаар гурил үйлдвэрлээд нэг хэсэг явж байтал намрын ургац залгана гэж тооцоолж байгаа. Намрын ургацаас бас улс өөрийн нөөц бүрдүүлж аваад талхны үйлдвэрүүдэд өгөөд байх боломжтой гэсэн хариу өгсөн юм. Харин энэ арга хэмжээ ингээд тасралтгүй яваад байх хэр боломжтой вэ, нэг хэсэг ингээд аргалаад байдаг гэтэл дараа оны эхнээс ч юм уу, наадмын үеэр ч юм уу тасалдаад талхны үнэ гэнэт өсөх юм биш байгаа. Талхны үйлдвэрүүд өнөөдөр зах зээлээс өөрсдөө худалдаж авсан гурилаараа үйлдвэрлэл явуулж байгаа болохоор л талхны үнэ өсөөд байгаа гэсэн асуултад Бидний урьдчилан харж байгаагаар энэ байдлаар таслахгүй яваад байх боломжтой л юм.
Үнэхээр энэ арга хэмжээг үргэлжлүүлж чадахгүй зогсоочихвол хэцүү л дээ. Талхны үнэ өснө. Үйлдвэрлэгчидтэй ярьж л байна гэлээ. Гэтэл үүнтэй уялдаад дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ байнга өсч, манай гаригийн олон оронд хүнсний хямрал нүүрлэж байгаа энэ үед Засгийн газар байнга хямд үнэтэй гурил өгөөд байж чадах болов уу гэсэн асуулт гарч ирж байна. Атрын гуравдугаар аян нь амжилттай болоод учиргүй их улаан буудай хураагаад авчихвал болох л байх. Урьд урьдын жилүүдийнх шиг наадмын дараа бас л халуун нар шараад ургац авч чадахгүй бол яах вэ. Нэгэнтээ л байгалиас хараат газар тариалантай болохоор үүнийг бас л тооцох ёстой. Үүнд ямар хариу өгөх бол. Үүнээс гарах арга нь намрын ургац хураалтын дараа гадаадаас улаан буудай хямд байхад нь худалдаж авах гэсэн товчхон хариу өгч байна. Харин намар улаан буудайн үнэ бүр өсчихсөн байвал яах юм бүү мэд. Тэр үед гурилын үнэ бүр өсөөд 1000 төгрөг болчихсон байвал талхны үнийг Засгийн газар 550 төгрөгт бариад зөрүүг нөхөөд байх юм болов уу.
Харин талх үйлдвэрлэгчид ямар бодолтой байна вэ. Талх чихэр үйлдвэрийн гүйцэтгэх захирал С.Мандах Засгийн газар бидэнд хатуу болзол тавьж байгаа нь үнэн. Нэгд, талхыг 550 төгрөгт багтааж гарга, хоёрт бүх дэлгүүр цэгт 550-570 төгрөгийн үнэтэй байлга гэсэн болзол тавьсан. Бидний хувьд талхны үнэ 600 төгрөгөөс доош буулгах боломж байхгүй. Тэгээд дэлгүүр ямар үнээр борлуулахыг бид хариуцана гэдэг ямар ч боломжгүй зүйл гэж байна. Атар өргөө компанийн гүйцэтгэх захирал Ж.Сайнжаргал энэ тухайд манай үйлдвэрийн хувьд өнөөдөр дугуй талх 630 төгрөгөөр гарч байгаа. ХХААЯ биднээс үнийн санал авсан. Яг өнөөдөртөө ярьж хэлэлцээд тохирчихсон зүйл алга л байна. Ярьж л байгаа. Яахав Засгийн газар байнга хямд гурилаар хангаад байх юм бол болохгүй ч зүйл биш л дээ. Хамгийн хэцүү нь энэ тохироо, хэлцэл хэр удаан настай вэ гэдэг л байна. Сонгуулийн дараа өөр бас нэг Засгийн газар гарч ирээд хүчингүй болгочихвол хэрэглэгчдэд л хүнд тусна даа. Тэгэхгүй тэдний хэлээд байгаа шиг байнга үргэлжлээд байх юм бол бидэнд нэг их хүнд биш гэж байна.
Үйлдвэрүүдийн хувьд ганцхан Атар ч гэдэг юм уу, өргөн хэрэглээний дугуй талх үйлдвэрлээд байдаггүй. Зүсмэл ч юм уу, загасан гэхчлэн өчнөөн олон нэрийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байна. Гэтэл дугуй талхыг 550 ч юм уу, 570 төгрөгөөр борлуулаад ирэхээр бусад талхны гүйлгээ хумигдах аюул тулгарах нь мэдээж. Хүмүүс хямд талх аваад бусад нэрийн талх авахгүй байна аа гээд тэднийгээ үйлдвэрлэхээ больё гэхээр үйлдвэрлэлийн шугам нь зогсч, баахан ажилчин нь ажилгүй болох гээд байдаг. Ийм нэг бэрхшээл гарч ирж байна. Юутай ч ХХААЯ, талх үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байна. Засгийн газрын тавиад байгаа санал нь харин хэдий хугацаатай вэ гэдэг л асуулт хэвээр үлдэж байна. Сонгууль өнгөртөл үү, намрын ургац хураалт хүртэл үү, он дуустал уу. Бүр 100 жил үү…..Арай сонгуулийн шоу биш биз. Гэтэл бас сонгуулийн дүн яаж гарах билээ. Өнөөдөр С.Баяр, Ц.Ганхуяг нарын яриад байгаа зах зээл сөрсөн социализмын үеийн энэ шийдвэрийг хэн залгаж авах юм бол. Үргэлжлүүлэх үү, үгүй болов уу….. Хэрэглэгчид бол хямд үнэтэй талх идэх дуртай л байна. Гэхдээ л…….
Ц.Хас
Дугаар 99/418/