Монголын дэд мисс, жүжигчин Г.Отгонцэцэг Би уран бүтээлч хүн, гацуур модны чимэглэл биш учраас Хувьсал-аас гарсан

Өнөөдөр таны төрх тэр үеийнхээс өөр байгаа нь бурханы бүтээлд засвар бололтой юм?
-Хүмүүс намайг хамраа өндөрсгөж, хөхөндөө силикон шахуулсан гээд байдаг юм. Манай аав өндөр хамартай хүн байдаг. Би аавынхаа хамрыг нь дууриасан. Оюутан байхдаа ширээний өнцөг мөргөж хамраа гэмтээчихсэн юм. Тайзан дээр амьдрах жүжигчний хувьд энэ нь харамсалтай хэрэг болсон. Ер нь эмэгтэй хүн нүүрэндээ гэмтэлтэй явах нь зохимжгүй. Хэн ч байсан гоо сайхандаа анхаарч янзлуулна шүү дээ. Төрөлхийн гажиг согог байгаагүй, санамсаргүй тохиолдлоор өөрөө өөртөө сорви бий болгож гоо сайхнаа гутаасан болохоор би хамраа засуулсан. Гэхдээ хамраа өндөрсгөөгүй.
-Хувьсал продакшны нүүр царай болж байсан СУИС-ийн хөгжимт драмын анхны төгсөгчид яагаад эх барьж авсан продакшнаа орхих болсон юм бэ?
-Манай ангийнхан анх 13-уулаа Хувьсал-д ирсэн. Тэгээд янз бүрийн шалтгаанаар гурав маань яваад арвуулаа үлдсэн. Дараа нь наймуулаа болсон. Тэгж байтал дөрвөн залуу маань Акапела хамтлагаа аваад бие дааж уран бүтээл хийхээр явсан. Пүүжээ ч Сингапурт суралцах боллоо. Харин хамтлагийн дөрвөн залуу Бид өөрсдийгөө сорих гэсэн юм нэг жилийн чөлөө авъя, эргээд бид ирнэ гэхэд нь найруулагч зөвшөөрөөгүй болохоор тэд нэг мөр явсан. Ууганаа бид хоёр үлдээд ажиллахыг хичээсэн. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байхдаа орхиод явсан. Найруулагчтайгаа таарч тохирохгүй бол нэг цөм болж, сайн уран бүтээл гаргаж чадахгүй шүү дээ. Шувуу хүртэл үүрээ орхиод нисдэг. Бид энэ удаа үүрээ орхиод нисэхээс өөр арга байсангүй. Залуу хүмүүс чийь урмаар тэтгэгдэж эрч хүчээр их удаан ажиллана шүү дээ.
-Найруулагчийн даалгавар бол жүжигчинд бурханы зарлигаас ч үнэтэй байдаг гэдэг. Найруулагч та нарын хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл шаардаа юу?
-Бидний дунд жижиг проблем байнга гардаг байсан. Жишээлбэл би мэргэжлийн жүжигчнээр төгсөөд ирсэн. Мэргэжилдээ сэтгэлээсээ хандаж байхад намайг Энэ юу ч чаддаггүй юм, зүгээр л чимэг болоод байж байг гэж ярьсан гэж сонсоод эмзэглэсэн. Би уран бүтээлч хүн, хэн нэгний гацуур модны чимэглэл биш учраас энд удаан байх сонирхолгүй болсон.
-Та нар хэдэн төгрөгийн цалинтай байсан бэ. Цоггэрэл продюсор та нарыг барууны жүжигчдийн жишигт ажиллуулж, гоо сайхан бие хаа гээд бүх зүйлд чинь мөнгө хайрлахгүй цацдаг гэж ярьж байсан?
-Сарын орлого янз бүр. Хийж буй тоглолтоосоо хамаарна. Бид нар гурав дөрвөн сараар тоглолт хийхгүй бол цалин авахгүй. Гэхдээ өдөр болгон цагаа бүртгүүлдэг.
-Хувьсал-аас гарснаасаа хойш ямар ажил амжуулж байгаа вэ?
-Реклам зар сурталчилгаа, клипны санал их ирж байна. Хоёр хоногийн өмнө хүртэл ирсэн. Одоохондоо надад хийх хүсэл алга. Би амралтын байдалтай байгаа, гэхдээ зүгээр амрахгүй ээ, тархиа цэнэглэж сураад явж байна.
-Отгоо жүжигчнээс гадна сайхан бүсгүйн титэм зүүсэн. Өнөөдөр хөл толгой нь мэдэгдэхгүй олон холбоо мисс шалгаруулж мисс үнэгүйдэх болжээ?
-Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоё чанартай, гоо сайхантай байдаг. Мисс бусад бүсгүйчүүдээс онцгой гоо сайхан байдлаараа байлдан дагуулж үлгэр дууриал болдог байх ёстой гэж боддог. Сүүлийн үед эмэгтэй хүн бүр мисс болчихсон. Монгол бүсгүйчүүд бүгдээрээ гоо сайхны тэнгэрлэг дагина, ухаалаг, энэрэнгүй байвал сайхан л даа. Гэхдээ тэднээс аль нь ашиг сонирхлынх, аль нь жинхэнэ монголын нүүр царай болж байгаа вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Хэрвээ чи мөнгөтэй л бол мисс болж болохоор болжээ. Зохион байгуулагчид энэ тухай бодох цаг болсон байна. Уг нь энэ тэмцээнийг олон зохиогоод байх шаардлагагүй. Би жил бүр уламжлал болгон зохиодог Монголын сайхан бүсгүй-н 12 дахь наадамд нь орж байснаараа бахархдаг.
-Уучлаарай, Өөрийн чинь хайр сэтгэл, найз залуугийн тухай үе үе шуугиан тарьдаг. Энэ удаа өөрөөсөө олон ах амрагтай болсон гэгдэх боллоо. Халуухан дурлалын түүхээс хуваалцан ярилцаж болох уу?
-Бие биеэ хайрлаж халамжлаж байна гэдэг чинь амьд байгаагийн хүн болж төрсний бахархал гэж би боддог ш дээ. Өнөөдрийн залуус хэт хөнгөн амьдрал сонгож байгаа. Залуус маань бүсгүйчүүддээ түшиг болж өндөр хариуцлага үүрэхээс татгалзаж байна. Тийм болохоор үнэхээр тийм хүн хаана байна, таарвал болохгүй нь юу байна. Зүгээр явж байгаад хэлүүлж байхаар зүгээргүй хэрэгжүүлж байж бичүүлсэн нь дээр шүү дээ.
Дугаар 19/604/