Ноолуур биш ноос бэлтгэдэг болох вий дээ?

Мөнгө санхүүгийн боломжгүйгээсээ жилийн жилд хятадуудад түүхий ноолуураа алддаг. Үндэсний үйлдвэрийхэн дотоодын зах зээлээс өрсөлдөгчгүйгээр ноолуураа бэлтгэж байна. Монголд ноолуур бэлтгэж байгаа ченжүүд болон үйлдвэрүүдээс зах зээлийн хамгийн өндөр ханшийг Говь ХК хэллээ. Ноолуурын эцэг үйлдвэр гэгддэг Говь ХК-ийн ноолуур бэлтгэлийн комисс кг түүхий ноолуурыг орон нутгийн малчдын rap дээрээс 31000-32000 төгрөгөөр худалдан авч байгаа талаархи мэдээлэл малчдын гэлтгүй хүмүүсийн сонирхлыг татсан. Зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан энэ үнэнд өөрчлөлт орсон ч бусдаас өндөр үнийг хэллээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ хямд байгаа дээр нь худалдан авч нөөц бүрдүүлдэг байхад Говь ХК-ийхан яагаад ноолуурын үнийг доош унахаас сэргийлж үнийн хязгаар тогтоож өгсөн юм бол? Энэ талаар тус үйлдвэрийнхэн бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн үед малчдаа бодсон бодлого баримталсных, нөгөө талаар ноолуурынхаа чанарт малчид маань илүү их анхаарал тавиасай хэмээснийх гэж тайлбарлаж байна.
Говь ХК-д түүхий ноолуураа зах зээлийн ханшаас илүү үнээр өгч, ноолуурынхаа мөнгийг газар дээр нь шууд авсан малчид баяртай байна. Харин ноолуур бэлтгэлийн мэргэжилтнүүд түүхий эд бэлтгэлийн систем алдагдаж, монгол ноолуурын чанар муудаж байгаад санаа зовж байна. Малчид ноолуурынхаа хэмжээнд анхаараад чанарт анхаарахгүй байна. Ноолуур боловсруулах салбар нь монголын экспортын тэргүүлэх салбарын нэг. Гэтэл ноолуурын чанар нь өөрөө асуудал болоод байгааг анхаарах хэрэгтэй болжээ. Ноолуурын үнэ ханш унаж байгаагийн шалтгааныг олимп болохтой холбогдоод Хятад руу түүхий ноолуур импортлохгүй байх шийдвэртэй холбож үзээд ирэх жилээс үнэ өсөх юм шигээр бодож бойохгүй гэж мэргэжилтнүүд өгүүлж байна. Ноолуурын түүхий эдийн бэлтгэлээр монголчууд БНХАУ-ын дараа хоёрдугаарт ордог. Дэлхийн зах зээл дээр хятад ноолуурын чанар эцсийн хэрэглэгчдийн хэрэглээг хангаж чадахгүйгээс зах зээлээс түлхэгдэж байна. Хятадад өндөр хүчин чадал бүхий техник технологитой 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч өнөөдөр ноолуурынхаа чанараас шалтгаалаад үйл ажиллагаа нь хязгаарлагдаад байна.
Иймээс Хятадын засгийн газар малынхаа тоо толгойг бууруулах, ноолуурынхаа чанарыг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авч эхлээд байна Энгийн жишээ дурдахад Хятад улс 2 жилийн өмнө 70 сая тоо толгой ямаа тоолуулж байсан бол одоо 60 сая болтол нь бууруулж чадсан аж. Манай орны хувьд бодит байдал эсрэгээр гэж хэлж болно. 2003 онд 10 сая тоо толгой ямаа тоолуулж байсан бол 2007 оны байдлаар 18,3 сая болтол нь өсгөжээ. Энэ нь нийт малын 44,5 хувийг эзлэж байна. Ямааны тоо толгой өссөнөөр цөлжилт ихэсч, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Монгол ноолуурын 80 орчим хувь нь 16,5 микронтой. 35-37 мм-ийн урттай байдаг. Монгол ямааны 10-аас ихгүй хувь нь цагаан, 40 гаруй хувь нь улаан, 60 гаруй хувь нь хар хөх зүсмийнх учраас ноолуурын дийлэнх нь бараан өнгөтэй байсан. Гэтэл одоо байдал эсрэгээр Говь ХК-ийн ноолуур бэлтгэлийн жишээнээс авч үзэхэд нийт бэлтгэсэн ноолуурын 20 хүрэхгүй хувийг бараа ноолуур эзэлж байна. Учир нь 90 оноос хойш цагаан ноолуурыг хэдэн төгрөгийн илүү үнээр худалдан авч байснаас шалтгаалаад улаан ухна тавьснаар сүргийн ерөнхий бүтэц болон ноолуурын өнгө өөрчлөгдсөн.
Мөн ямааны тоо толгой хэт ихэдсэнээс цөлжилт явагдаж, цаг агаарын хүнд нөхцөл байдлыг даван туулах чадварыг сайжруулахын тулд эрлийзжүүлснээс монгол ноолуурын 16,5 гэсэн микрон нь 16,8 болтлоо өөрчлөгджээ. Мөн ноолуурын урт богиносч байна. Ингээд ирэхээрээ ноолуур биш ноос гэсэн төрөл рүү ордог аж. Энэ нь ноолууранд хялгаслаг чанар нь илүү их байна гэсэн үг. Тиймээс ноолуурын үнээс 2 дахин бага үнэ ханшаар тооцогдоно гэсэн үг. Хэмжээ нь хичнээн их байгаад ч чанаргүй ноолуур бэлтгэвэл хэн хэндээ ашиггүй гэдэг нь тодорхой болоод байна. Хөвөн шиг зөөлөн ноолуур цагаан байх тусмаа үнэтэй гэсэн ойлголт ард үлджээ. Энэ бол дэлхийн зах зээлийн өөрчлөлт. Эцсийн хэрэглэгчийн хандлага нь сүлжмэл бүтээгдэхүүн байхаа болоод ноолууран драп, ноолууран даавуун бараа бүтээгдэхүүнийг сонирхох нь ихэссэн. Үүнийг бор, бараан өнгийн самнасан ноолуур, ноолууран утсаар хийдэг аж. Говь үйлдвэрт ирдэг гадаад захиалгын ихэнх хувийг бор бараан өнгийн самнасан ноолуур, утас эзэлдэг аж. Тэгээд ч энэ жил бор, бараан өнгийн ноолуур илүү эрэлттэй, илүү үнэтэй байна. Цаашид ч энэ хандлага газар авах нь тодорхой.
Монгол ноолуур өөрийн үндсэн өнгөөр, ноолуурынхаа бүтцийг хадгалаад байж чадвал зах зээлийхээ үнэ ханшаас илүү үнээр үнэлэгдэх болно. Гадаад зах зээл дээрх хагас боловсруулоан болон түүхий ноолуурын үнэ унаад байхад чанар ба бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдийн гарт хүргэж, өрсөлдөх чанарыг дээшлүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэгчид малчидтайгаа хамтран ажиллах хэрэгтэй нь мэдээж. Аливаа улс орон гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа бараа бүтээгдэхүүнийхээ экспортын татварын нэмэгдүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эдийн засгийн хөшүүрэг арга хэмжээ авдаг. Чанарын үзүүлэлтээрэ дэлхийд тэргүүлдэг монгол ямааны ноолуурын экспортын татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэн бүхэн санал нэг байгаа. Татвар ногдууллаа ноолуурын ханш унахгүй малчдын орлого ч буурахгүй нь тодорхой. Килограмм ноолуурын үнэ 12000 төгрөг байхад ногдуулсан татварыг өнөөдөр өөрчлөх нь зүйн хэрэг.
Дотоодын үйлдвэрлэлээ хөрөнгө мөнгө багатайгаар дэмжин сэргээх арга бол энэ. Монголчууд бид монгол ямааныхаа ноолуураар дэлхийд танигдсан брэнд үйлдвэрлэж, эх орноо гадаадын зах зээлд сурталчилдаг. Үндэсний үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлээд дэлхийн тавцанд гаргаж чадвал улсад орж байгаа татварын орлого нэмэгдээд үр шимийг нь хэн хүнгүй хүртэх нь тодорхой. Их хэмжээний ноолуур бэлтгэх нь гол биш энэ стратегийн чухал бүтээгдэхүүнийхээ үндсэн үнэ цэнэ үнэлэмжийг хадгалж чадвал ноолуур маань сая үнэ цэнээ алдахгүй. Газрын хөрсөн доорхи баялаг бол нэг өдөр дуусах нь тодорхой. Харин ноолуур бол шавхагдашгүй баялаг. Товчоор хэлбэл Ургадаг алт билээ.
Дугаар 19/604/