ОХУ-д түрээс төлөхийг зогсоолоо

Үүний гэрч нар бол Баянзүрх дүүргийн 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,7, 11, 12,13 дугаар байрны оршин суугчид юм. Тэд өөрийн эх орон Монгол улсдаа амьдран суугаа хэрнээ олон жилийн турш харийн гүрэнд буюу ОХУ-д өндөр түрээс төлж иржээ. Тэд яагаад ийнхүү гадаадын оронд өндөр түрээс төлөх болов? Хариулт нь 1971 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хууль бус гэмээр протокол.
Хууль бус гэсний учир юу вэ гэвэл Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах зорилгоор 50,000 кв/м
талбай бүхий газрыг /үүнээс 40,000 нь Улаанбаатарт, 10,000 нь Дарханд/ буцалтгүй хугацаагүй, төлбөргүйгээр ЗХУ-д эзэмшүүлэхээр тохирсонд байгаа юм. Уг нь Монгол Улсын үндсэн хууль, Газрын тухай хуулийн дагуу гадаадын байгууллага, иргэдэд газрыг хугацаагүй, үнэ төлбөргүй ашиглах асуудал эрх зүйн хувьд боломжгүй билээ. Зөвлөлтийн гэх мэргэжилтнүүд амьдрахаа больсон ч ОХУ -ын тал бусдад түрээслүүлсэн орлогоосоо манай улсад нэг ч төгрөгийн татвар төлдөгггүй баримт байна.
1991 оноос хойш энэхүү протоколын дагуу БЗД-ийн 350-иад өрхийн 2000 гаруй орлого багатай иргэн ОХУ-ын талаас сүүлийн 14 жилийн туршил харьцангүй өндөр түрээсийн төлбөр төлж амьдарч байсан аж. Орон байрны нөхцлөө сайжруулахаар улсаас өгсөн байранд орсон иргэд найр хийж баярлаж байсан болохоос олон жилийн шар махтайгаа хатна гэж санаагүй байсан гэдэг. Тэд тухайн үед өөрсдийг нь төлөөлж байсан УИХ-ын гишүүн асан Х.Хуланд хандаж, дараа нь УИХ-ын гишүүн асан Р.Амарсайханд хүртэл асуудлаа тавьж байсан гэнэ.
Гэтэл Р.Амарсайхан нь бүр Та нар улсын нууцад хамаарах чухал протоколыг хаанаас олов хэмээн байцааж буруутгах шахаж байсныг Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Батцэцэг хэлж байлаа. Тэрээр, УИХ-ын гишүүн бол хүүхдийн тоглоомын талбай барих, сургуулийн дээвэр засварлах ажлыг хийх бус хууль тогтоох боловсруулах үйл ажиллагаанд оролцож, эрх ашиг нь хөндөгдсөн монгол иргэдэд тусалж, хоёр улсын хооронд байгуулсан хууль зөрчсөн энэхүү протоколыг хүчингүй болгохоор ажиллах ёстой гэж үздэг юм билээ. Үүнийг ч олон хүн хүлээн зөвшөөрөх биз. Эх орондоо байгаа хэрнээ гадаад оронд орон сууцны түрээс төлж эдийн засгийн болон сэтгэлийн дарамтад байгаа иргэдийн амин чухал асуудал нь амьдран суугаа байраа бусдын л адил хувьчилж авах. 1991 оноос хойш хандаж болох бүхий л албан тушаалтанд үгээ хэлж явсан иргэд 2004 онд УИХ-ын гишүүн Д.Ганхуягт асуудлаа танилцуулжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2004 оноос хэдэн иргэдээ гадаадад түрээс төлдгийг, ялангуяа Үндсэн хууль, Газрын тухай хууль, Олон Улсын гэрээний эрх зүйн тухай Ненийн конвенцийг зөрчсөн аль. 1971 оны протоколыг хүчингүй болгохоор зүтгэсэн баина. Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-д оруулж, Засгийн газраас санал авч гишүүдийг амар байлгахгүйгээр чихнээс нь хонх уяж хөөцөлджээ. Үүний үр дүн ч эхнээсээ гарч Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын В.А.Зубковтой уулзаж, хэлэлцээ хийхдээ Монгол Улсад байгаа ОХУ-ын өмч гэж тооцогддог түрээсийн байруудыг монголын талд шилжүүлэх асуудлыг тавьж богино хугацаанд дуусгахаар тохиролцсоноо УИХ-ын гишүүн Д.Ганхуягт мэдээлжээ. Одоогоор тус байруудын түрээсийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.
Дугаар 18/28/