Занабазараас хойш хийгдээгүй шинэчлэлийг З.Санждорж хамбын шинэ төв хийнэ

Уг төв нь Монгол улсад бурхны шашныг шинэчлэх асуудал зайлшгүй шаардлагатай болсонтой холбогдон үүсгэн байгуулагдсан гэх бөгөөд одооных шиг ашгийн төлөө үйлчлэх бус өглөг буяны байгууллага байх гэнэ. Шашинд шинэчлэл хийнэ гэдэг нь түүний онол сургаалийг үндсээр нь өөрчилнө гэсэн үг биш, харин шашин бодлого, чиглэл, үйл ажиллагаа, зан үйлийг шинэ төвшинд гаргах аж. Монгол оронд Өндөр гэгээн Занабазар анх шашны шинэчлэл хийж байсан цагаас хойш өдгөө хүртэл хуучин уламжилж ирсэн зан үйл хэвээр ноёлж байсан байна. Сүүлийн үед буддын шашинд итгэх сүсэгтэн цөөрч, Ганданд мөргөдөг мөргөлчдийн цуваа эрс багассан болох, түүнчлэн лам нарын нэр хүнд унаж, баарддаг, авгай хүүхэн эргүүлдэг, шуналтай зэрэг олон муу хоч авсан зэрэг хүчин зүйлүүд буддын шашинд шинэчлэл хийх цаг болсныг гэрчилж байна хэмээн шинэ нээгдсэн төвийн тэргүүн Санждорж хамба ярьсан юм.
Тэрбээр мөн өөрийн бодит ажлын эхлэл болгож УБ хотын 1 дүгээр эмнэлгийн бөөрний тасагт хэвтэж байгаа, бөөрний дутагдалд орж Монголд ямар ч эмчилгээгүй хэмээн оношлогдсон 56 настай эмэгтэй Г.Балжинсүрэн гуайн эмчилгээний зардлыг дааж Солонгос улс руу мэс засал хийлгүүлэхээр явуулах гэж байгаа юм байна. Лам нар үүрэг хүлээх цагаар энэ сарын 19, 20 буюу бурхан багшийн их дүйцэн өдрөөр Их хүрээ зурхайн дацанд хүрэлцэн ирсэн бүх хүнд ном, хадаг, хүж, арц, сахиус хүртээж багш шавийн барилдлага барих ёслол хийж буяны үйл ажиллагааг ямар нэгэн үнэ төлбөргүй бүтэн хоёр өдөр хийх ажээ.
Дугаар 18/28/