МУГЖ Ц.Төмөрбаатар Жамухад тоглох гэж адууг нугаслаж үзсэн

гайхан бишрүүлж МУГЖ Ц.Төмөрбаатарыг Дэлгэцэнд мөнхөрсөн он жилүүд буландаа урин оролцуулсан юм. Хүн бүрт заяадаггүй ховорхон авьяасыг эцгээсээ өвлөсөн билээ. Тэрээр найз нөхөдтэйгээ билльярд тоглосон шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байсан юм.
-Юуны өмнө урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Урлагтай амьдралаа холбосон хүмүүсийн түүх сонин. Харин таны хувьд аав нь их нөлөөлсөн болов уу гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Хэдийгээр биднийг том болтол аав маань хамт байгаагүй ч дэлгэцээр аавыгаа харах тоолонд амьд сэрүүн мэт санагддаг. Би 1974 онд арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид элсэн орсон. Харин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн жил маань 1976 он. Ардын жүжигчин, найруулагч Жигжидсүрэн багшийн найруулсан Хүний амь киноны Эрдэнээгийн дүрд анх тоглож, цэнхэр дэлгэцнээ анхны дүрээ мөнхөлсөн түүхтэй. Түүнээс хойш одоо 42 жил болж байна даа.
-Жүжигчин хүний хүүхдэд анхных нь дүр тийм ч хэцүү биш байсан байх даа?
-Ер нь жүжигчин хүнд эхний тоглолт, анхны дүр тийм ч хэцүү биш байдаг. Харин гурав дахь юм уу дөрөв дэх өдрөөс нь эхлээд кино ч бай, жүжиг ч бай хэцүү болоод ирдэг. Яагаад гэхээр дүрдээ илүү хувирч, мэдэрч чаддаг болчихдог. Анхныхаа хувиарлаж авсан дүрийг хөөрсөн сэтгэлээр амархан бүтээчихдэг учир зовлонг нь нэг их мэдрэлгүй өнгөрдөг. Гэхдээ шинэ цэргийн хувьд эхний тоглолтон дээр сандрах зүйл гаралгүй яахав. Кинонд бол өмнөөс камер харчихна. Түүнийг дагаж яваад, хажуугаар нь том жүжигчид харчихаж байгаа болохоор сүрддэг л юм. Гэлээ гээд яахав. Миний хийх л ёстой ажил учраас айж сандарч байгаагаа аль болох нуугаад тоглодог байсан.
-Гурав, дөрөв дэх дүрээс хэцүү болдог гэлээ. Гурав дахь кинондоо ямар дүр бүтээсэн бэ?
-Ю.Цэдэнбалын дүр байсан. Тухайн үед амьд сэрүүн байсан хүний дүрд тоглоно гэдэг их хэцүү. Харин хамтран тоглож байсан туршлагатай сайн жүжигчдийнхээ заавар зөвлөгөөг сайн авсан болохоор энэ дүрийг бүтээж чадсан гэж боддог. Сургуулиа төгсөөд удаагүй байсан надад их хүнд санагдсан ч, туршлага суусан шүү.
-Ю.Цэдэнбал гуай киногоо үзчихээд юу гэж хэлсэн бэ. Сүүлд нь таарчихаад айж байсан болов уу?
-Киногоо үзчихээд гарч явсан чинь Ю.Цэдэнбал гуайтай таарахаар нь юу гэх бол гэж их айсан. Тэгсэн харин Би залуудаа ийм хүн байсан юм уу гэж асуудаг байгаа. /инээв.сур/ Харин Цэдэнбал Филатова гуай Чи их сайн тогложээ. Манай хүн залуудаа яг ийм хүн байсан гэж хэлсэн. Тэр хүний эхнэрийнх нь санаанд нийцсэн гэхээр би нэлээд дөхүүлсэн юм шиг санагдсан. Дээр үед Хорлоогийн Чойбалсан гуайн дүрд нэг жүжигчин тоглочихоод За, маршал аа хэр болов гэсэн чинь Би ийм сайхан хүн юм гэж үү гэхээр нь Та сайхан хүн ш дээ гэсэн чинь Ийм тэнэг гэж үү? гэсэн гэдэг. Яг үүн шиг л Ю.Цэдэнбал гуай надаас ингэж асуусан бол би тухайн үедээ яах байсан бол оо гэж одоо хэр нь боддог.
-Төмөрбаатар гэдэг хүнийг хүмүүс олон сайхан дүрээр мэднэ. Тэр дундаас Жамухын дүрээр ард түмэн илүү хүлээж авдаг юм шиг санагддаг?
-Уг нь Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Жамухын дүрд биш Чингис хааны дүрд тоглох байсан юм. Чингис хааны дүрд тоглоно гээд өөртөө их итгэлтэй байсан чинь Энхтайваныг тоглуулчихдаг байгаа. Найруулагч маань ч За Төмөрбаатараа чи Жамухын дүрд тоглоно шүү гэхээр нь шарандаа Чингисийн дүрээс илүү дүр гаргана даа гэж бодож явсан. Тэгээд зохиолоо уншсан чинь Жамух нугаслуулж үхнэ гэсэн байхаар нь дүрээ хүнд илүү хүргэхийн тулд амьтан нугаслуулж үхэхээрээ яадаг юм бол гэж бодоод адуу нугаслаж алсан. Нүднийх нь байдлыг их ажигласан л даа. Ам хамраас нь цус гараад хөл нь татганаад үхэж байхаар нь үүнийг л Жамухыг нугаслуулдаг хэсэг дээр гаргах юм байна гэж тооцоолсон. Ингэж бодож хийсний хүчинд Жамухын үхэл хүмүүст илүү хүрсэн байх.
-Жамух гэдэг хүний зан араншин таныхтай хэр нийцэх бол?
-Кино гарсны дараа найруулагч И.Нямгаваа надад Чи ерөөсөө л орчин үеийн Жамух шүү гэж хэлдэг байсан. Харин зарим хүмүүс болохоор чиний дүр бол Жамух биш, Төмөрбаатар гэдэг байсан. Нүүр царайгаараа Жамухтай төстэй биш, харин чи жүжигчний ур чадвараар Жамух гэдэг хүний дүрийг илүү тод гаргаж өгсөн гэдэг. Харин надад тэр хүнийг харж байсан биш хэлэх зүйл ерөөсөө олдоггүй.
-Киноны зураг авалт хэдий хугацаанд, хаана өрнөсөн бэ. Хэрвээ та Чингисийн дүрд тоглосон бол аль хэсэг дээр нь илүү жүжиглэх байсан бол?
-Мөнх тэнгэрийн хүчин дор киноны зураг авалт хоёр жил шахам үргэлжилсэн. Хэрлэнгийн хөдөө арал, Хустай нуруу болон Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт гол зургууд авагдсан. Энэ кино бол сайн кино. Ер нь Чингисийн хэлэх гэсэн санаа, үзэл бодол, монголынхоо тухай хийж байгаа бүхнийг түүхээс гуйвуулалгүй, яг түүх чигээр нь хадгалж үлдсэн цорын ганц кино. Гэхдээ бодоод байхад Чингисийн дүрээсээ илүүтэй Жамухын дүрд тоглосноороо олзуурхдаг.
-Найруулагч Эрдэнэбулганы Үхэж үл болно кинонд Чингисийн дүрд тоглосон байх аа?
-Ер нь уран бүтээлч хүн янз бүрийн л дүрийг бүтээдэг дээ. 1980 онд Говь хянганд тулалдсан нь киноны Цэдэнбал даргын дүрийг гаргасны дараа 1985 онд Амьдралын нахиа киноны согтуу Баяраагийн дүрийг бүтээсэн. Тэгэхэд хүмүүс Цэдэнбалын дүрийг мартаад, Баяраагийн дүрээр хүлээж авдаг байсан. Дараа нь Мөнх тэнгэрийн хүчин дор кинонд Жамухын дүрийг бүтээхэд Жамухын дүрээр хүлээж авсан. Одоо харин Чингисийн дүрээр хүлээж авах болов уу гэж найдаж байна. Би Чингисийн дүрд тоглох гэж 19 жил хүсэн хүлээж байлаа шүү дээ.
-Чингис хааны аль хэсгийн жүжиглэлтээр үзэгчид өөрийг чинь илүүтэй хүлээж авах бол?
-Улсын начин Эрхэмбаяр Чилгэр бөхийн дүрд тоглосон. Кинонд Гурван Мэргэдийг дараад Тэмүүжин Чилгэр бөхөөс Бөртэг булааж аваад явсан чинь жирэмсэн байдаг. Тэгээд хүүхэд нь гарахаар Тэмүжиний ухаан гаргаж би өөрийнхөө ууган хүүг Зүчи гэж нэрлэе гээд түмэнд зарладаг хэсэг дээр зритель нэлээн огших болов уу гэж бодож байна. Киноны энэ хэсэг дээр Тэмүжин Чилгэр бөхөд ялагдаж байсан чинь Чилгэр бөхийн араас Тэмүүжиний авга ах нь харваж алдаг байхгүй юу. Тэгээд үхэхээс нь өмнө нөгөө хүүхдийг Тэмүжин Энэ миний ууган хүү Зүчи гэж зарлахад Чилгэр бөх бүх юмаараа ялагдаж байгаагаар харуулсан энэ хэсэг хүмүүст нэлээд хүрэх байх.
-Үхэж үл болно киноны зураг авалт дууссан гэсэн. Хэдийгээр кино сонирхогчдын хүртээл болох вэ?
-7 сарын 2-нд нээлтээ хийнэ. Уг кино маань Монголчуудаа монгол шиг байгаач ээ гэсэн санааг түлхүү гаргахыг хичээсэн. Эцэг өвгөдийнхөө байгуулсан Монгол улсаа хайрла, түүхээ битгий гуйвуул гэж хэлмээр байна. Яагаад гэхээр сүүлийн үед гарч байгаа Чингисүүд үнэхээр монгол үндэстэнг доромжилж байна ш дээ. Учир нь бараг монголчуудын хувцсыг нь тайлахаар бөөс нь дээш доошоо гүйж байдаг мэт л дүрслэн харуулсан Чингисүүд болимоор юм. Ингэж болохгүй. Монгол ахуйн зан заншил, нүүдэлчдийн соёлын өв уламжлалыг яг байснаар нь гаргах ёстой. Гадаадынхан XIII зууны үеийн Чингисийн монголчуудын түүхийг дарах сонирхолтой хүмүүс захаасаа аваад зөндөө бий. Тийм болохоор Монголчууд бид л Чингис хааныгаа Чингис хаан шиг үзүүлж, Монголыгоо монгол шиг байлгамаар байна. Гэхдээ үүнийг төрийн түшээд ухаараасай. Тэд дандаа л мөнгө бодохоос биш төр улсаа, ард түмнээ гэдэг хүн нэг ч байхгүй ш дээ. Тэгээд л дөрвөн жилд ганц болдог сонгууль гэгч зүйлээр худлаа амлаж, дээгүүр харсан хүмүүс хоосон яриа гаргаад явдгаа болиосой.
– Хоёулаа Амьдралын нахиа киноны талаар ярилцья. Энэ кино хүмүүст илүү амьдралын ухаан өгдөг юм шиг санагддаг?
-1978 онд УГЗ Дамдин гуай энэ киноны найруулагчаар ажилласан. Тэр үед одооных шиг энэ сэдэв хуучраагүй байсан л даа. Архи гэж ямар хортой зүйл вэ, архинаас болж амьдрал яаж үрэгдэж, сүйрдэг гэдгийг харуулсан сайхан кино. Гэхдээ 1978 онд чинь архичид нууцагдмал байсан үе. Арга ч үгүй биз дээ. Захиргаадалтын үе байсан болохоор архи уудаг хүмүүсийг хотоос зайдуу байлгадаг байсан. Тухайн үед Сэлэнгийн Ерөөд аваачаад ажил хийлгэдэг байсан шиг санагдах юм. Амьдралын нахиа киног Москвагийн кино фестивальд үзүүлж билээ. Арай дэндүү хатуу кино байна гээд хүмүүс айдаг байсан. Яах ч аргагүй энэ бол амьдралын бодит сэдэв. Манай найз архины шил шидээд, хүүхдээ санаандгүй алчихдаг хэсгийг хараад Төмөрөө би хоёр хоног архинаас гарсан гэж хүртэл хэлсэн удаатай.
-Анх Баяраагийн дүрийг уншихад ямар сэтгэлдэл төрсөн бэ. Согтуу хүний дүрийг бүтээхэд хэцүү байсан уу?
-Залуу зандан насандаа архи уудаг залуучуудын дунд зөндөө явж байсан. Наад зах нь л Баяраагийн дүрийг бүтээхэд хоёр гурван шил юм хүнээс нууж авч уусан. Тэгээд дүрдээ орохын тулд архи нэлээд уудаг нөхдүүдтэй нийлээд л явж өгнө дөө. Энэ киноны зохиолыг тийм ч их бичээгүй байсан. Тэгээд Дамдин гуай МУГЖ Сарантуяа бид хоёрт Та хоёр энийг өөрсдөө амьдралд үзсэнээрээ баяжуул гэдэг эрхийг өгсөн. Уг нь зохиол дээрээ бол нарийн ширийн юм нэг их байдаггүй ш дээ.
-Ахмад уран бүтээлчид урлаг дагасан хүмүүсийн амьдрал хоосон үлддэг гэж ярьдаг?
-Тэр бол үнэн Хоосон хүмүүс гэж хөрөнгө мөнгөөр хэмждэг юм бол бид хоосон гэсэн баян үхдэг хүмүүс ш дээ. Яагаад гэхээр бүтээсэн дүр нь хэзээ хойно нь үлддэг байхгүй юу. Миний аавыг хар л даа. Энэ дэлхийд мэндлээд өнөөдөр байсан бол 103 настай хүн байх байж. Тэгэхдээ аав маань мөнх явж байна. Үлдээсэн юмтай. Дахиад 100 жил ч энэ зүйл үргэлжлэх ч юм бил үү бүү мэд. Хичнээн баян байгаад авсаңдаа авч ороод, хойд насандаа хэрэглэх биш. Хамгийн гол нь хүн сэтгэлээрээ баян байвал энэ дэлхийн хамгийн баян хүн болно.
-Таны амьдрал хэр байна даа?
-Миний амьдрал нэг их баян ч биш, ээ ядуу ч биш байна. Би өөрийнхөө хэрэгцээг хангаж, үр хүүхдийнхээ сургууль соёлыг төгсөөд амьдралд нь хүргэчих хэмжээний мөнгөтэй л байна.
-Таны хувийн амьдрал олон нийтэд тийм ч нээлттэй биш байдаг?
-Заавал ил байх ёстой юм уу. Тийм ч нуугдмал биш ш дээ. Би зөндөө л ярьдаг. Хоёр охинтой, манай эхнэр жужигчин Отгончимэг гэдгийг хүн бүр л мэднэ. Оюутан, багш хоёр танилцаад 1993 онд гэр бүл болсон. 15 жил амьдарч байна
-Хоёр охиноос чинь та хоёрын мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?
-Одоохондоо насанд хүрээгүй байна. Том охин маань 14 настай ш дээ. Өөрсдөө болохоор жүжигчин болно гэж ярьдаг юм. Миний нэн тэргүүний тавьж байгаа зорилго бол хүүхдүүдээ хэл сургах. Дараа нь яах вэ гэдгээ шийднэ. Үнэхээр удам дагах жүжигчин болохоор бол тэртэй тэргүй цус нь хөөсрөөд ирнэ.
дугаар 18/242/