АН-ын бодлогын зөвлөлийн дарга Н.Алтанхуяг Сонгогчид 2000 онд бидэнд ганц суудал өгч шийтгэсэн, хатуудаа хүрвэл хатуу улс

-Батбаяр ардчиллыг сонгож орж ирсэн. Хүн ам ихтэй СХД-ийг сонгосон. Харин СХД-ийг сонгоход нь бид зохих хэмжээгээр нөлөөлсөн. Батбаяр Монголд төдийгүй Японд нэр нүүртэй хүн. Энэ хүний боломж бололцоо, гадаад харилцааг Улаанбаатар хотын нэг том дүүрэг рүү чиглүүлэх нь тэнд амьдаргч байгаа хүмүүсийн ахуй амьжиргаа хөгжилд нэмэртэй юм болов уу гэж бодож, СХД-д дэвшүүлэх болсон. Сая бид нэлээд ярилцсан. Батбаяр би ардчиллын хүчээр Япон явж Сумод хүчээ үзсэн, ардчилсан улсад амьдрах өөр юм байна гэсэн. Ер нь ардчиллын хүчээр бид сумог үзэж суугаа. Батбаяр ардчиллын үнэ цэнийг их мэдэрсэн хүн юм билээ.
-Сонгинохайрхан дүүрэгт улсад топ 10 улстөрчийн тоонд багтдаг С.Оюун, Б.Жаргалсайхан хоёр нэр дэвшинэ. Дээр нь Батбаяр нэмэгдэхээр өрсөлдөөн улам ширүүсэж танд ашиггүй болох юм биш үү?
-Хамаагүй ш дээ, хэнийг гаргах вэ гэдгээ Сонгинохайрханы хан өөрсдөө мэднэ. Олон хүн дэвшиж байна. Энэ жилийн хувьд сонгогчид өнгөрсөн дөрвөн жилд өөрсдийнх нь амьдрал ахуй дээшилсэн үү, эс дээшилсэн үү, сонгосон гишүүд маань биднийг юугаар гийгүүлэв гэдэгт дүгнэлт өгөх болов уу. Би тэр нэр дэвшиж байгаа олонд нэртэй хүмүүсээс ялгаатай нь энэ дөрвөн жилд УИХ-д суугаагүй. УИХ-д суусан эдгээр хүмүүс маань олон нийтийн төлөө юу хийж чадав гэдгээр нь сонгогчид санал өгөх байх. Энэ өнгөрсөн дөрвөн жилд төр засаг их бужигнасан. Жаргалсайхан Оюун хоёр аль нь УИХ-д сууж, Засгийн газарт ороод их ажиллалаа. Юу хийж бүтээв гэдгээр нь дүгнэх байх, Хоёрдугаарт УИХ-д бодлогоо хэрэгжүүлж чадах, олон гишүүнээ гаргаж ирж чадах намыг дэмжсэн нь зөв байх.
Олонд танил гэдгээр нь ганц хоёр хүнийг сонголоо гэхэд тэд гарч ирээд ганцаараа хийж бүтээх юм Монгол улсад алга байна. Багаараа ажилладаг, намын гишүүд бөөнөөрөө нийлж байж юм бүтээдэг. Ийм зүйлээс сонгогчид өөрсдөө дүгнэлт хийж эцсийн эцэст маргаашийн амьдралыг нь хэн арай гайгүй болгох вэ, хувь нэмэр оруулж чадах уу гэдгээр сонголт хийх байх. Манай дүүрэгт зарим хүн гурил будаа тараагаад явж байгаа юм билээ. Нэг удаа гурил будаа тараагаад сонгогчдын саналыг авна гэж бодож байх шиг байна. Энэ бол том эндүүрэл. Нэг хоёр кг будаа тарааснаар хүмүүсийн амьдрал сайжрахгүй. Нэг удаа дөрвөн кг будаа өгсөн хүнийг биш, дөрвөн жилд өөрсдийнх нь амьдралыг өөд нь татаж чадах хүнийг сонгох нь зөв.Энэ бүхнээс үзэхэд ирж байгаа цагийн
төлөө, өнгөрсөн дөрвөн жилд явуулсан дампуу үйл ажиллагааг шүүмжилж эсэргүүцэж санал өгөх байх.Энэ үүднээс СХД-т ардчиллыг илүү дэмжих байх гэсэн дүр зураг харагдаж байна.
-Ан-ын гишүүд бие дааж нэр дэвшиж магадгүй нь. Хэнтийн Засаг дарга Жаргал, Сайран гишүүн хоёр бие дааж нэр дэвших юм яригдаад байна?
-Мэдэхгүй. Нэр дэвшигчид хараахан эцэслэн тодроогүй байна. Энэ бол дам яриа.
-АН-ын зөвлөлийн гишүүд ХХАА-н сайд Ганхуягийг огцруулах санал орууллаа. Сонгууль дөхсөн үед ийм асуудал тавих нь хэр оновчтой юм бол?
-Нэг хүнийг огцруулснаар бүх юм сайжрахгүй. Гэхдээ
Засгийн газрын гишүүн гэдэг хариуцлагатай үгийг олон нийтэд хэлж байх ёстой. Эсвэл хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж байх ёстой. Угтаа манай ХХАА-н сайд гурилын үнийг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд хэлчихсэн. Яагаад тэгээд хэлснийг мэдэхгүй. Ам гарсан бол түүнийгээ хэрэгжүүлсэн байх учиртай. Хэлсэн зүйл нь хэрэгжихгүй ард түмний бухимдлыг төрүүлж байгаа үед нэг сайд огцрох юу ч биш. Хэрвээ Ганхуяг сайд хэлсэндээ хүрсэн бол хэн ч түүнийг огцруулах тухай ярихгүй. Олон нийтэд хандаж хариуцлагатай үг хэлэх хэрэгтэй, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
-УИХ-ын сонгуулийн тандалтын судалгааны дүн гарч эхэллээ. АН-ын рейтинг муугүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Судалгаануудыг харж байхад янз янзын дүр зураг гарч байна. Гэхдээ нийтлэг нэг юм байна. 18 жилийн түүхэнд анх удаа АН-ын нэр хүнд МАХН-ын дээр, бусад намуудаас илүү өндөр болсон байна. Үүнийг юу гэж үзэж байна гэвэл 1996-2000 онд бид засаг барьсан. Засгийн газраа олон сольж, олон түмний бухимдлыг их хүргэж байсан. Саяын өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газраа их олон сольж, юмны үнэ их өсөж байгаа явдал нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж байна. Үүнийг олон нийт их хатуу шийтгэдэг. 2000 оны сонгуулиар бидэнд ганцхан суудал өгч шийтгэсэн. Энэ удаа эрх баригч нам буюу МАХН-д сонгогчид их хатуу шийтгэл хүлээлгэж магадгүй. Ер нь засаг төрийг бужигнуулсан хүнд их хатуу хариуцлага тооцдог юм ш дээ.
Дугаар 19/604/