Есөн тэнгэрийн хүмүүс

Өдгөө Пакистаны баруун хойд хэсэгт орших Нуристан мужийн Читраль тойрогт нутагладаг тэднийг аж төрдөг уулсаар нь овоглож хиндү Кушийнхан гэлцэх нь ч бий. Сүүлийн судалгаагаар 6000 гаруй калашууд Афганистан, Пакистанд амьдарч байна. Нуристаны калашууд XIX зууны дунд үеэс лалын шашинтан болжээ. Харин 4000 мянга гаруй хүн эцэг өвгөдийнхөө бөөгийн уламжлал, зан үйлийг мөрдсөөр буй. Тэд их долоо, бага хоёр тэнгэрийг шүтдэг. Дээд буюу ес дэх тэнгэрт Хода буюу Десау гэгч их бүтээгч заларна. Харин найм, долоо дахь тэнгэрт сахиусан тэнгэр, бага бүтээгчид оршино. Зургаа, тав, дөрөв дэх тэнгэрт бурхан, хүнийг холбогч баг сахиусан тэнгэрүүд буюу их бүтээгчийн дагалдагчид байдаг бол гурав, хоёр дахь тэнгэрт нар, сар амардаг. Харин хүмүүст хамгийн ойр тэнгэрт нар амарна. Зургаа, долоо дахь тэнгэрт сүүн, цусан гол урсана. Сүүн мөрөн үерлэхэд идээ ундаа арвижна гэдэгт калашууд итгэдэг. Харин цусан мөрөн үерлэвэл гай зовлон ирнэ. Тиймээс ч калашууд улирал бүрийн их бөөгийн ёслолоор цусан голыг аргадах, есөн тэнгэрээ тахих зан үйлийг үйлддэг байна.
Ер нь калашуудын ёс заншил, зан үйл зэргэлдээх овог аймаг, хөрш үндэстэн ястнуудтай салшгүй холбоотой. Тэдний ардын аман зохиол, үлгэр туульс нь Грекийн эртний үлгэр домгийг санагдуулна. Харин хожмын Нуристаны калашуудын зан үйл Индо-Ираныхтай илүү ойр. Гэсэн ч оршин байгаа нутгийнхаа ёс, зан үйлээс хэчнээн суралцлаа ч есөн тэнгэрийн хүмүүс холын өвөг дээдсийнхээ тухай бараг үлгэр, домог бүртээ өгүүлдэг байна.
Калашууд Энэтхэг-Европын аймагт багтах Индо-Ираны бүлгийн Индо-Арийн салбар дарди хэлний төрөл калаш хэлээр ярина. Хэл шинжээчид уг содон хэлийг Читралийн ховаруудын ховар хэлтэй ижилсүүлдэг ч Норвегийн хэл судлаачид сүүлийн жилүүдэд калаш хэлийг бие даасан хэл хэмээхийг олон улсын мэргэжитнүүдэд санал болгосоор байна. XX зуун хүртэл калаш бүртгэгдээгүй хэл байлаа. Харин Грекийн эрдэмтэд, Нуристаны калаш иргэдтэй нийлж аман уламжлалт калаш хэлийг дүрсжүүлж, эртний грек үсэгтэй төстэй калаш бичгийг зохиожээ. Арав гаруйхан жилийн өмнө албан ёсоор баталгаажуулсан калаш бичгийн цагаан толгой сурах бичгийг Грекийн эрдэмтэд бэлтгэн хэвлүүлж калаш хүүхдүүдэд зааж байна.