Да Винчийн буйдан-нисдэг тэрэг хөөрөв

Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд уг хөлгийг хамгийн жижигхэн, авсаархан нэг хүний суудалтай хэмээн бүртгэжээ. Харахад буйдан мэт хэлбэртэй нисдэг тэргийг Японы уулын бүсийн Нагано мужид турших анхны туршилт амжилттай болжээ. Энэ сарын 25-нд туршилтын нислэгийг алдарт зураачийн эх нутаг буюу Флоренц хотоос холгүй орших Винчийн төрсөн хотод хийхээр төлөвлөж байна. Да Винчийн зурагнаас санаа авч бүтээсэн эл онгоцыг Японы зохион бүтээгч Гэннай Янагисава бүтээжээ. ГЭН Эйч-4 нисдэг тэрэг нь цагт 50 км хүртэл хурдтай хөөрдөг. 75 кг жинтэй.
Сэргэн мандалтын үеийн агуу зураач Леонардо да Винчи нисдэг тэргийг 1493 онд зурсан гэдэг. Харин ноорог зургийг ХIX зуунд олсноор зурган дээрх нисдэг тэрэг эгц босоо маягаар нисч, буух анхны төхөөрөмж болжээ. Агуу зураачийн үед хэн ч эл төхөөрөмжийн учрыг олж хэрэгжүүлэхийг, бас ойлгохыг хүсээгүй юм. Түүний амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан цаг үе нь огторгуйг эзэгнэж, тэнгэрт хөөрөх нь хүн төрөлхтний мөрөөдөл байсан юм. Хүн төрөлхтөн мөрөөдлөө биелүүлэхийн тулд сансар огторгуйн талаархи төсөөлөл дээрээ үндэслэж, агаарт хөөрч болох төхөөрөмжийг ч толгойдоо ургуулан бодож байсны нэг жишээ нь дээрх нисдэг тэрэг юм. Леонардо да Винчи агуу зураач байсан шигээ суут зохион бүтээгч байв.
Түүний амьд ахуй цагтаа бүтээн бий болгосон зүйлүүд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, мэргэжилтнүүдийг дуу алдуулсаар байна. Да Винчийн гараар бүтсэн тэртээх зууны эд зүйлийг орчин үед бий болгох инженерийн төсөл анх 2001 онд бий болсон юм. Агуу мастерын зураг төслийн дагуу долоон жилийн өмнө Норвегийн Ас хотод явган хүний 100 метрийн урттай гүүрийг барьжээ. Уг байгууламж XYI зууны үеийн Туркийн султанд зориулагдсан бөгөөд тухайн үеийнхээ хамгийн урт/346 метр/ гүүр болно хэмээн төлөвлөгджээ. Гэвч II Баязет Флоренцийн алдарт зураачийн саналаас татгалзсан гэдэг. 500 жилийн дараа биеллээ олсон да Винчийн гүүр явган хүний гол гарц болж байна. Тухайн үед гүүрийг чулуугаар бүтээхээр төлөвлөж байсан ч өдгөө модоор барьсан аж.