Говь Гурван Сайхан

Өргөн сүндэрлэх Говь Гурван Сайхан минь
Алаг зүрхээрээ тандаа би үүрд үнэнч явнаа,
гоё Гурван Хайрхан минь!
Алтайн нурууны үргэлжлэл болон өмнийн шаргал говьд хошууран цуварч тогтсон Говийн цэнхэр хангай гэгдэх Гурван Сайхан уул нь далайн төвшнөөс дээш 2000-2848 метр өндөр, хөх номин униар дунд тэнгэр мөрлөн дүнхийсэн сүрлэг гоё уулс юм. Тийм ч учраас Сайхан хэмээн нэрлэсэн буй заа. Энэ уулаас баруун тийш Баян-Цагаан, Баян бор нуруу. Зүүн урагш Буур, Номгон, Хачиг, Хөрх, Аргалант, Зурамтайн сүрлэг хадан уулс зүүн өмнө зүгрүү цувран тогтсон байдаг. Уулсын их өмнөө гэдэг энэ буюу. Гурван Сайхан бол ашигт малтмалын баялаг ордтой, арц гангын анхилам үнэртэй, аргаль янгир шивээлсэн тас, ёл, харцага, бүргэд элин хальсан, ирвэс хадны суусар, галт хар үнэг зэрэг ховор сонин амьтадтай, байгалийн сонин тогтоц бүхий агуй хонгил элбэг, ам бүхэндээ шивэр шугуй, булаг ус арвин өгөөж дүүрэн уул юм. Энд Хаалгын ам, ёлын ам, Шат, Гэгээт, Мухар шивэрт, Улиастай зэрэг сэрүүн тунгалаг горхи ус бургилсан ам хавцлууд олон бий.
Дүнгэнээгийн амаар хоёр машин дөнгөж зөрөх бөгөөд хажуугаар нь хорь гаруй метр хадан хавцал эгнэн хашиж явснаа, тэр нь шувтрахын үес гэнэт цэлийгээд явчихдаг, баруун зүгийн их уулс нүднээ уран зураг мэт тодрон харагддаг сонин гоёмсог газар юм. Эндхийн хамгийн үзэсгэлэнт газар нь домогт ёлын ам билээ. Алтайн нурууны өмнөд үзүүрт орших алдарт Говь Гурван Сайханы зүүн сайхан уулын Ёлын ам нь Дархан цаазат газар бөгөөд түүний үзэсгэлэнт байгалийг сонирхохоор хол ойрын, гадаад дотоодын түмэн амьтан ирж очиж байдгаараа Өмнийн их Говьдоо төдийгүй Монгол даяар нэр цууд гарсан билээ. Ёлын ам Даланзадгад хотоос шулуунаар явбал 40 орчим км-т тойруу замаар 62 км -т оршино. Ёлын амаар мөнх хүйтэн усаа юүлсэн мөнгөн горхи жирэлзэн дэгдэж өвлийн цагт тошигнон хөлдөөд зуны наранд ч хэвээр байсаар 8-р сард хайлдаг. Хур бороотой жил ёлын амны горхи элбэгшиж, олон жижиг боргио босго дундуур шаагин урсана.
Тэнгэр тулсан бэрх хад асга, элгэн улаан цохионд нь янгир, тэх сэрийлцэн зогсоно, гүвээ хамар дээр нь аргаль, угалз тайван идээшлээд, ирвэс суусар мацан дүүлнэ. Эрээн хавирга дүрсхийн нисэж, хойлог шувуу хад асгаар гүйлдэх нь сонин. Энэ бүгдийг ажихуйяа амьтны хүрээлэнд орсон мэт. Толгой дээгүүр ёл, бүргэд, харцага, шонхор халин дүүлэх нь сонин. Ёлын амны Бүст улаан нэрт өндөр хаданд уулчид авиран гарахад дороос нь харсан хүнд тэр бараг үзэгдэхгүй шахам цэг төдий бүртэлзэн байдаг учир тун ч өндөр хадан цохио гэж болно.
Харгана, буйлс, шарилж, шаваг, агь, арцын үнэрт цэнхэр салхинд нь алхаж, Ёлын домгийг сонсож явахад сэтгэл сэргэн, нүд баясдаг бөлгөө. Дархан цаазат энэ амьтан ан амьтадыг хайрлан хамгаалж байгаагийн зэрэгцээ гадаадын зочдыг зугаацуулан амруулж эх орныхоо байгалийн үзэсгэлэнг сурталчилж байна. 1970 оны үед Ёлын амны усыг газар тариаланд ашиглах зорилгоор зүүн биед усыг нь тусгай санд тосон авч, услалтын систем нэртэй байгууламж байгуулсны уршгаар амны мөс хайлж, тэр хавь ганддаг болсон нь харамсалтай. Өндөр уулын бүсэд газар тариалан хөгжүүлж болдоггүйг ойлгоогүй харалган хүмүүсийн үрэлгэн бодлогын золиосонд энэ алдарт ам экологийн сүйрэлд нэг биш удаа тийнхүү өртсөн билээ. Ургац авахгүй, маш их хөрөнгө сүйтгэсэн энэ арга ажиллагааг төдөлгүй зогсоосны буянаар сүүлийн хэдэн жилд Ёлын ам унаган төрхөндөө орох шинжтэй болж байгаа нь азтай явдал юм. Эх болсон байгаль дэлхийтэйгээ ухаалаг зөв харьцахын чухалыг Ёлын ам хэн хүнд хүүрнэсээр говийн шаргал нарны доор сэрүү татан цэнхэрлэсээр байна. Ёлын ам хойд талын амыг Мухар шивэрт гэх агаад цаад талдаа мөсөөр хучигдсан хадтай, сэрүүн тунгалаг ус урссан үзэсгэлэнт газар юм. Энэ хавийн байгалийн цогцолбор газар болгон дархалсан нь учиртай. Монгол улсын начин А.Сугиа энэ амыг унаган төрхөөр нь байлгахын тулд сүүлийн хэдэн жил их ажил хийснийг нутгийн олон бахархдаг билээ. Арван хоёр салаа бүхий энэ ам Даланзадгадаас 31 км-ийн зайд оршино. Арц сонгино их, мөсөн хана, усан хүрхрээтэй. Сугиа начин энд их зүйл хийжээ. Арц ургамлаа хамгаалахаар 1-2 км газар чулуун гортиг татжээ.
Түр саатлын арваад чулуун сандал, 16 цэцгийн мандал, мод бут тарих хорго хийжээ. Бичил цөөрөм, усны тогоо, хадан тэмээ, арслан бүргэд, мазаалай, ирвэс зэргийг тусгай цэгээс ажиглах боломжтойгоор байгалийн баримал хийсэн байлаа. Нэг сонин юм бол элгэн хадан дээр долоон бурхан од, Алтан гадастай хамт харагдахаар цагаан чулуугаар шигтгэн байрлуулсан байна. Энд бас ёс начин шонхор, тасын үүрүүдийг харж болно. Ус булагтай, агь арц үнэртсэн, хэний ч сэтгэл татсан эрүүл мэндэд тустай, эмчилгээний цэвэр орчин бүрдсэн ард олон хойч үед хэрэгтэй сувилгаа эмчилгээний цогцолбор газар болжээ. Хужир марз тавьснаас болж Янгирын сүрэг бэлрүүгээ ойртон бууж ирдэг, түүнийг нь хүмүүс сонирхон харах боломжтой. Ингэж говийнхоо үзэсгэлэнт байгалийн цогцолборыг хүн олны тусын тулд тохижуулсан нь хэн бүхний талархлыг хүлээгээд зогсоогүй, хойч үед үргэлжлүүлэн өвлүүлэх буянтай үйл мөн. Говь Гурван Сайхан бол өмнийн говь дахь хамгийн өндөр сүрлэг өгөөж ихтэй уул! Энд хол ойрын зочид тасарна гэж үгүй. Монголд ирсэн харийн жуулчид, зочид говийг үздэг. Говьд ирээд энэ ууланд очдог уламжлал нэгэнт тогтжээ. Зүүн Сайхан уулын урд биеэр 1903 оны газар хүчтэй хөдлөлөөр хэдэн арван км урт газар хагарч, Балгасны хийд зэрэг хүрээ эвдрэн нуржээ. Энэ хагархай их сонин, Заримдаа ч аймшиг төрүүлэм. Одоо хүртэл эдгэрч битүүрээгүй, ил тод хэвээрээ газрын гүн сорви болон үлджээ. Газар зүйч, газар судлагч нарын дур хүслийг татан судалж, шинжлэх эрхэм чухал эд мөрийн баримт болсоор байдаг юм. 2848 метр Зүүн Сайханы оргил нь Хангайн сүрлэг уулсаас дутуугүй сүрлэх бөгөөд эгц цавчим хадан уулс ар араасаа сундлан цуварч тогтсон нь их л уран гоёмсог харагддаг билээ.
Энэ уулын тухай уран домог бий. Эдгээр уулс нь үзэсгэлэнт гурван бүсгүй байжээ. Хангай нутгийн энэ гурав нас бие жигдэрч үзэсгэлэн гоо бүрдэх үед эцэг нь охидоо тэр хавийн хөгшин ноёдод өгөхөөр сүй тавив. Цэврүү шиг охид нь хоорондоо хэлэлцээд, уул уулсыг давж, ус мөрнийг гатлан хүлэг морины хурдаар өмнийн говийг зорьж дээ. Тэд явсаар тэртээх говьд ирж, харцын бор гэрт амьдран суув. Сайхан Гурвын тухай ам дамжсан яриа говь нутгаар тархав. Хээрээр гэр, хэцээр дэр хийн амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирдаг болж хуримлан суухаар болзоо товложээ. Гэтэл өөдгүй нэгэн зарц нь эзэн ноёндоо ховлосноор сайхан адуучин баривчлан хар гэрт хориод, гав гинж зүүн байцаав.
Хонины бэлчээрээс холдолгүй аргалчин болгосноор мөнөөх гурав тийнхүү хангайгаас ирсэн гурван охинтойгоо уулзаж чадахаа больж, алс зүүн зүгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй гурван хайрхан болон үлдэж, он жилүүдийн уртад гурван залуугаа хүлээсээр нөгөө гурван охин ч Гурван сайхан уул болон мөнхөрсөн гэдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт хэлцээ болзоо ёсоор хонгор жаахан хөвгүүдийг заавал ирнэ хэмээн урин цагийн түрүүчээр ногоон торгон дээлээр гоёж, улирлын сэрүүн намраар цагаан эсгий тоорцог асааж газар тэнгэрийн савслагад гангалж суудаг болсон гэнэм.
Уул усны энэ уран домийг олон үеэр говьчууд хэлэлцсээр иржээ. Энэ уулныхаа бараа сүрийг харан баясаж, цэнхэр салхинд нь догдлон алхаж, гоо үзэсгэлэнд нь жаргаж өссөний хувьд үүнийг бичигч миний бие уулынхаа тухай олон шүлэг, найраглал бичсэн хүн юмаа. Түүнээсээ ганц нэг бадгийг иш татан энэ нийтлэлээ
өндөрлөе!
Алтан нутгийн минь үзэсгэлэн сүр хоёрыг өргөн сүндэрлэх уул минь
Алаг зүрхээрээ тандаа би үүрд үнэнч явнаа
Салгуу холын замд энэ л уулаа дурсан жавхаажиж яваарай гэж
Сайхан төрсөн хүүдээ эцгийн ёсоор захиж л суунаа.
дугаар 18/142/