МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Гандантэгчинлэн хийдэд болсон Бурхан багшийн Их дүйчэн өдрийн ёслолын ажиллагаанд оролцоо

Тэрээр айлдвартаа тус өдөр нь Бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, хувилгаан дүрийг олсон гурван үйл давхацсан өдөр гэдгийг онцолсон юм. Дараа нь Мандал өргөж, Бурхны шашны их шар тугийг заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ ёслол дээр дэвшүүлсэн мэндчилгээндээ
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш манай нийт иргэд, үндэсний хэмжээний сэтгэл санааны ариусал, оюун билгийн гэгээрэл, эв нэгдлийн өдөр болж, шашин соёлын бүтээн байгуулалт, ном эрдмийн баяр болон өргөжих сайхан заншил болж төлөвшөөд олон жилийн нүүр үзэж байна.
Энэ бол төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим хэрэгжиж буйн нэгэн илэрхийлэл, баталгаа юм.
Ерөнхийлөгч би өнгөрсөн жилийн Их дүйчэн өдөр, энэ индэр дээрээс олон түмнийхээ хүсэл санаачилгыг дэмжиж, Очирвани шүтээнийг бүтээх тухай зарлиг гаргахаа сонордуулсан билээ. Энэ зарлигийг дэмжиж, нэгэн жилийн дотор нийтийн Их шүтээнээ Монголын бүх иргэдийн оролцоо, хөрөнгө санхүүгийн дэмжлэгээр бүтээн залж чадсан нь эвлэвэл бүтдэгийн тод илэрхийлэл болж, хийж бүтээснээрээ бахархаж баярлахын амтыг мэдрүүлж, цаашид санаж сэдэх, хийж бүтээхийн урам зоригийг өдөөлөө.
Энэ бол Бурхан багшийн сургаал нь энэрэн нигүүлсэхүй үзэл санааны зэрэгцээ бүтээн туурвихуйн эрдэм ухааныг өгч, сайн үйлийг хийж бүтээх, эв найртай хөгжиж дэвшихийн эрч хүчний эл ундрага болдогийн нотолгоо юм.
Бурхан багшийн их дүйчэн, Очирвани шүтээний равнай ёслол, Их эзэн Чингис хааны хүндэтгэл ёсон нийлэн нэгдэж энэрэхүй ёс, эв нэгдэл, эрч хүчний бэлгэдэл утгад шүтэн барилдаж, Монголчууд эвтэй бол хүчтэй гэсэн уриа дуудлагын бодит хэрэгжилт болж байна. Монгол Улс хөгжиж дэвшихэд бидэнд эв нэгдэл юу юунаас чухал. Үүний тулд эвийн шүтээн Очирваниа бүтээлээ. Одоо гагцхүү хүн бүр эвийг эрхэмлэж үйлдэх, бүтээх нь эрхэм боллоо.
Манай улсын хөгжил болоод хүн бүрийн ажил үйлсэд эрч хүч, хурд нэн хэрэгтэй байна. Эв эеэ нэгтгэхдээ эрч хүчээ нэмж, хурдан шаламгай ажиллавал бидний үйл хэрэг санасанчлан бүтэх болно.
Монголын Бурханы шашин буман олны сэтгэлийг бурханы номын ариун хураар тэтгэх, хүн бүрийг энэрэхүй үзэлт, эв эеийг хичээгч, эрдэм боловсролтой, эрч хүчтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх замаар эх орныхоо хөгжилд оюун санаа, ёс суртахууны хүчирхэг тусыг үзүүлж чадна гэдэгт Төрийн тэргүүн миний бие итгэлтэй байна. Бурханы шашны ариун номын ёсоор сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол түмэнд буяны хотол чуулганы хур буутугай гэв.
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Пүрэвбат Тайландаас авчирсан Бурхан багшийн шарил үрэл болж арвижсан гэгдэх рэнсэлийн тухай тайлбарлав. Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бурхан багшийн рэнсэлийг аймаг бүрээс ирсэн 30 гаруй сүм хийдийн төлөөлөлд гардуулсан юм.
Дарамсалагаас ирсэн Жадо Ринбүүчи, Ризон Ринбүүчи, Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөгч н.Цэрэнсампил нар Бурхан багшийн тухай айлдвар айлдаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Харин лам нар Итгэл, Бурхан багшийн сургаал хэмээх хоёр номыг сүсэгтэн олонтой хамтран монгол хэлээр уншлаа. Ёслолд УИХ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт болон гадаадын лам хуврагууд оролцлоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Б.Солонго