Шатахуун импортлогчид төрийн гацаагаар дулдуйдав
Энэ бүхний учир нь монголчууд нефть олборлодоггүй, бензин үйлдвэрлэдэггүйд юм байх. Оросоос хараат бид тэдний үгийг сонсож, нэхсэнийг нь өгч, тэр хэрээрээ авдаг. Өгсөн, авсан хоёрын дундаас илүү ашиг унагаж, эрх дураараа авирлаж монопольчилж байгаа нь харин бензин, шатахууны бизнес эрхлэгч компаниуд болж хувираад байна. Тэдний үйлдэл даварч хэрээс хэтэрлээ. Тэд хилийн цаанаас зөөсөн бензин, шатахуун авсан үнэ, тээсэн зардал, түгээсэн ашгаасаа гадна худалдах үнийг дураараа тогтоодог болоод удаж байна. Үүнээс болж талх, мах, сүү, гурил, будаа, өмсөх хувцас зэрэг бидний амьжиргааны бүх зүйлийн үнэ өсдөг. Магнай трейд, Тэс петролиум, Петровис, Ойн бирж, Жамп, Алтжин гээд гарын арван хуруунд багтах хэдхэн компанийн Оросоос зөөж ашиг орлогоо нэмэгдүүлэн үнийг зөнгөөрөө тогтоож байгаа байдал Монголын эдийн засгийг ийнхүү хөдөлгөж, бусниулж чадаж байна. Тэд бүр даварч төр, засгийнхнаас бадар барьдаг болсон. Тэр нь татвар төлөгч та бидний мөнгө. Нөхөн олговор гэж ядруухан нэрлэсэн үүнийг нь дарга нар өөгшүүлж тэднийг үнээ битгий өсгөөч хэмээн царайчилдаг болсоор удав.
Тэрбум тэрбумаар өгдөг болсон. Гэтэл үнэндээ манайд оруулж ирж байгаа шатахууны гуравны нэг нь л өргөн олон түмний хэрэглээ, хэрэгцээнд очдог. ихэнхийг нь нүүрсний уурхай, алтны зэрэг уул уурхайн томоохон компаниуд хүртдэг. Шатахууныг голлон хэрэглэдэг тэд яагаад үнэ өсөв гэж гомдол нэхэж гоншигнохгүй байдаг нь хачин. Үүний үндэс нь ердөө л үгсээ. Шатахуун импортлогчид үнээ үгсэн нэмдэг шиг мөн голлох хэрэглэгч томоохон компаниудтай Бид үнээ нэмсэн мэтээр харагдана шүү, та нар юм хэлж болохгүй. Бид та нарт өмнөх үнээрээ нийлүүлнэ гэж тохиролцдог байна. Тэдний өөр хоорондоо үгссэн нь анх Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт баригдаж 300 сая төгрөгөөр торгуулж байсан нь саяхных.
Гэвч энэ нь тэдний хууль бус ашиг, орлогын дэргэд юу ч биш.
МОНГОЛ ДЭЛХИЙД ПАДГҮЙ БАЙТАЛ ДЭЛХИЙН ҮНЭЭР ГУЛ БАРИХ ЮМ
Нэг баррель нь 150 ам.долларт хүрч байсан нефть өнөөдөр 123 ам.доллар болтлоо буурлаа. Үнэндээ оросууд манайд хандсан үнээ тэгтлээ өсгөдөггүй. Нэг талаар төр, засгийн хэмжээнд ярьж тохиролцсон зүйл бий. Манайд хөнгөлөлттэй ханддаг нь учиртай. Тэд зөвхөн экспортын буюу хилээс гарах татвараа л нэмдэг. Гэтэл үүгээр манайхан шалтаг хийн дэлхийн зах зээл дээр үнэ өсөөд байна, бүх улс оронд инфляц нэмэгдээд байна гэж өөрсдийнхөө олдог ашиг орлогоо халхавчилж сууна. Уг нь үнэ ханш зах зээлийнхээ жам ёсоор тогтож, явдаг. Зах зээлд шилжсэн орнуудад нээлттэй, эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас уялдаатай зохицуулагддаг. Үүнийг хэн ч дур зоргоор тогтоодоггүй. Гэтэл манайд эсрэгээр. Эрэлт нь бага, нийлүүлэлт нь тэр хэмжээгээр байдаг учир манайх шиг жижиг зах зээлд нийлүүлэлтийн урсгалаас бүх өртөг шалтгаалдаг гаж тогтолцоо үүсээд байна. Чөлөөт зах зээлд орсон гэх Монгол Улс тэр замаар явж чадахгүй байгааг шатахууныхны үйлдэл харуулж байна.
ТӨРИЙН ОРОЛЦОО БАЙДАГ Л ЮМ БОЛ ТОХИРОЛЦОНО ГЭСЭН ЯАСАН БЭ?
Одоо төр, засгийнхны оролцооны талаар өгүүлье. Дээр дурдсанаар чөлөөт зах зээлийн эдийн засагт төр оролцоод байх нь хаашаа юм бэ гэж хэлэх боловч шатахуун, нефтийн хувьд манайд онцгой хэрэглээ учраас үүнд төрийн зүгээс оролцохгүй юм гэхэд хараа, хяналт тавьж, зохицуулж байхгүй бол болохгүй. Төрийн мэдэлд ганц үлдээд байсан НИК ХК-ийг хувьчилсанд харамсах хүн бишгүй тааралддаг. Төр өнөөдөр өөрийнхөө үүргийг биелүүлж, эрхээ эдэлж чадах¬гүй байна. Үүнийг ерөөс буулгүй, дандаа өөдөө өгссөөр ирсэн шатахууны үнэ гэрчилнэ. Арга ядаад импортлогчдодоо үнийн зөрүү хэмээн нөхөн олговор өгч тэднийг үнээ битгий өсгө гэж гуйдаг болсныг хүмүүс төр, засаг үнийг зохиомлоор барьж олон түмэнд сайн хүн болох гэж харагддагийнх гэсэн хардлагад өртөөд байхав дээ. Бүр сүүлдээ дээрлэхүүлнэ гэхэд дэндэж, одоо импортлогчид юу хэлдэг болсон бэ гэхээр Төрийн гацаанаас болж дизелийн үнээ бид 150 төгрөгөөр нэмэхээс аргагүй боллоо гэдэг болсон. Төр ингэж л доошоо орж байна.
Бид Засгийн газрын шийдвэрийг харлаа. Ер нь төрд шийдээд байх юм ч алга болж гэж нөлөө бүхий Петровис ХХК-ийн захирлуудын нэг О.Энхчимэг бүсгүй нэр устайгаараа, биеэрээ мэдэгдэж байх юм. Нээрээ ч саяхан л намар хүртэл үнэ өсөхгүй байх магадлалтай, нөөц бүрдүүлэхэд анхаарч байна, бараг л энэ он дуустал шатахууны үнэ хөдлөхгүй байх гэж мэдэгдэж байсан Ашигт малтмал, газрын тосны ХЭГ-ынхан өнөөдөр дизелийн үнэ нэмэгдсэнтэй эвлэрч суух юм. Үүнээс үзэхэд хэдхэн хоногийн өмнө холбогдох, хариуцах салбарыг эрхэлсэн ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатарын Энэ төрлийн бизнест төрийн оролцоо байдаг учир бид тохиролцоо хийх эрхтэй гээд байсан мэдэгдэл нь талаар болж байх шиг. Яасан бэ гэсэн чинь яг энэ асуудлыг ярилцах Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд С.Баяр байгаагүй гэнэ. Таарсан дугуйнуудын таарсан хариу энэ.
Б.Болд
Дугаар 182/2942/