Орчин цагийн Стоунхэнжийн байгууламжууд
Сүүлийн үед энэхүү байгууламжийг дуурайлган бүтээх болжээ. Өнгөрсөн зуунд бий болсон Стоунхэнжийн дуураймал хувилбарууд арав ч хүрэхгүй тоотой байгаа аж. Бетон, мод, сүрлэн баглаа, хаягдал тээврийн хэрэгслүүд, хуучин автомашинуудын сэг, ажиллагаагүй болсон хөргөгчүүд зэрэг зүйлээр орчин үеийн Стоунхэнжийг босгох болжээ. Ингээд эдгээрээс заримыг нь сонирхуулъя.
1918 онд Америкийн бизнесмэн, өмгөөлөгч Сэмуэль Хилл дэлхийн нэгдүгээр дайны үед амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан Вашингтон мужийн Мерихилл хотод Стоунхэнжийн загварыг ашиглан цутгамал хөшөө босгожээ. Хилл ямар учраас ийм хэлбэрийг сонгосон бэ гэвэл Стоунхэнжийн ойролцоо үхэгсдийг хөдөөлүүлдэг газар байсан гэж үздэгтэй холбон тэрбээр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан орчин үеийн анхны Стоунхэнжийг бий болгох суурийг тавьсанд тооцогдох болжээ.
Marуhill Stonehengeхэмээн нэрлэсэн дээрх дурсгалын хөшөөг барих ажил 1930 онд бүрэн дуусчээ. Үүнээс нэг жилийн дараа Хилл насан эцэслэсэн юм. 1995 онд Marуhill Stonehenge хөшөөнөөс холгүй орших нэгэн газар дэлхийн хоёрдугаар дайнаас Вьетнамын дайн хүртэлх хугацаанд амиа алдсан америкчуудын дурсгалд зориулан дахин нэг хөшөө босгосон байна. Их Британийн домогт чулуун байгууламжийн бас нэгэн хувилбар болох Кархенж-ийг 1987 онд Америкт барьжээ. Бусдаас ялгаатай нь ганцхан хүнд зориулагдсан аж. Зураач Жим Рейндерсийн гэр бүлийнхэн эцэг Рейндерсийн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд Стоунхэнжтэй адилхан хөшөө босгосон байна. Гэхдээ тус чулуун баримлын загварыг дуурайлгахдаа хуучны Кадиллак 38 загварын автомашинаас бүтсэн хөшөөг босгожээ. Өнгөрсөн зууны сүүлчээр Сантэ Фэ хотын ойролцоо зураач Адам Горовиц олон тооны хөргөгчний цуглуулга болсон Фриджхэнж-ийг санаачлан барьсан байна. Уг байгууламжийг босгоход найман жил шаардагдсан бөгөөд бараг 200 орчим жагсаалтаас гарсан хөргөгч орсон аж.
Энэ хөргөгчин байгууламжийн голч нь 30.5 метр, өндөр нь 5.5 метр бөгөөд Стоунхэнжтэй загварын хувьд адилхан юм. Гэсэн ч цаг хугацааны шалгуурыг даахгүй зарим нэг нь эвдэрч хэмхэрчээ. Үүнээс гадна хөөсөн хавтан бүхий хоёр ч Стоунхэнж бас бий. Түүний нэг нь Америкт байдаг бол харин нөгөө нь Их Британид оршдог. Хүн төрөлхтний түүхэн дэх тайлагдашгүй оньсогуудын нэг Стоунхэнж чулуун байгууламжийн нууцыг тайлахаар Их Британийн таван их сургууль хамтран ажилласаар байна. Тус чулуун байгууламжийг 4500 жилийн настай гэдэг ч чухам ямар зориулалтаар баригдсан нь одоог хүртэл мэдэгдээгүй байгаа билээ.
Э.Амин-Эрдэнэ
Дугаар 153/9709/