Хоригдсон иргэдийг суллуулахаар зөвшөөрөлгүй суулт хийж эхэллээ
Д.Сүхбаатарын талбайд дуугүй суулт хийлээ. Тэд нийслэлд болсон үймээний үеэр баривчлагдсан иргэдийг суллахыг шаардаж байгаа юм.
Дээрх хоёр төрийн бус байгууллага дуугүй, тайван суулт зохион байгуулах хүсэлтээ уржигдар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн цагдаагийн хэлтэст хүргүүлжээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайхан тэдний хүсэлтэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан үйл ажиллагаа дуусах хугацаа, оролцогчдын тоо зэрэг нь тодорхой бус байна. Та нарын тавьж байгаа шаардлагыг хүлээн авах боломжгүй. Саатуулсан иргэдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тэдний гэм буруутай эсэх нь шийдэгдээгүй учраас дуугүй суулт хийх хүсэлтийг бүртгэж авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Харин тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн зохион байгуулах гэж буй цуглаан нь долдугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбоотой учраас дахин эмх замбараагүй байдал үүсч болзошгүй. Тэгээд ч УИХ-д суудалтай МАХН, АН-аас болсон үйл явдалтай холбогдуулан ажлын хэсэг гаргаж зөвшилцөж байгаа асуудлын дунд саатуулсан иргэдийг суллах талаар санал байгаа. Тиймээс дуугүй суулт хийх боломжгүй гэжээ.
Холбогдох байгууллагууд ийнхүү талбайд дуугүй, тайван суулт хийх зөвшөөрөл өгөөгүй ч өчигдөр 12 цагаас иргэд суултаа эхлүүллээ. Суултад оролцож буй хүн бүр сулла, дарангуйллаа зогсоо гэсэн бичигтэй цаас амандаа зүүж, өмнөө тавьсан байлаа. Тэдний олонхи нь ахмад насныхан байсан юм. Учир нь, тус суултыг Монголын ахмадыг чөлөөт холбооныхон дэмжиж сайн дураараа оролцож байгаа аж.
Ганц худагийн урьдчилан хорих төвд саатуулсан иргэдийн ар гэрийнхэн ч тэнд цөөнгүй байв.
Тэднийг 12 цагт талбайд суулт хийхээр цуглаж эхлэхэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар ирж Та нар хууль бус суулт хийж байна. Талбайг чөлөөлж, тарцгаа. Хууль бусаар хийсэн жагсаал цуглаанаас гарсан хор уршиг, үр дагаврыг зохион байгуулагч нь биечлэн хариуцна шүү гэж тарах шаардлага тавьсан ч иргэд тарсангүй, суултад оролцох иргэдийн тоо улам нэмэгдсээр л байлаа.
Цагдаагийнхны өөдөөс зохион байгуулагчид болон суултад оролцогчид юу ч хэлээгүй учраас цагдаагийнхан тэднийг хүч хэрэглэн тарааж чадсангүй. Зүгээр л хөндлөнгөөс ажиглаж, хянаж байлаа.
Б.Алтанцэцэг
дугаар 145/464.465/