З.Энхболд СЕХ-ны 10-ны хуралдааны тогтоол л хуулийн дагуу шийдвэр
-Ажлын хэсэг өчигдөр хуралдаж ямар үр дүнд хүрэв?
-Санал солилцоод, ажил хэвийн явж байгаа. Yндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол ирсэн. Баянгол дүүргийн иргэн Батсуурь YХЦ-д өргөдөл гаргасан байна лээ. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгосон СЕХ-ны дарга Баттулгын шийдвэр бол СЕХ-ны шийдвэр биш. Энэ нь Yндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдол гаргасан юм. Yүнийг нь YХЦ-ийн гишүүн Пүрэвням Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар асуудлыг хуралдаанаар шийдэж, олонхийн шийдвэрээр гарсан тогтоолыг СЕХ-ны шийдвэр гэж үзнэ. Баттулгын ганцаараа гаргасан шийдвэр биш учраас маргаан үүсгэхээс татгалзаж байна гэсэн.
Баттулгыг шүүхэд өгнө гэж байгаа. YХЦ шүүхийн байгууллага учраас долдугаар сарын 28-нд гаргасан тогтоол нь шүүхийн шийдвэр гэсэн үг. Тэгэхээр Захиргааны шүүхэд өгсөн өгөөгүй Баттулгын бие дааж гаргасан шийдвэр, СЕХ-ны протоколгүй явуулсан бичиг хууль бус. Анхдугаар чуулганы хуралдаан дээр бидний ярьсан нь зөв байсан. Yүнийг МАХН-ын гишүүдэд тайлбарлаж өгсөн. Тэгэхээр СЕХ-ны тогтоолоор ирэх шийдвэрийг харъя гэж байгаа.
-СЕХ хуралдаж байгаа юм уу?
-15 цагаас эхэлж хуралдсан.
-Ардчилсан намынхан СЕХ-ны долдугаар сарын 10-ны хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Тэр дагуу анхдугаар чуулган зарлана гэж байгаа. Гэтэл долдугаар сарын 10-нд СЕХ тогтоол гаргаагүй бол яах вэ?
-Тогтоол гаргасан юм билээ. Хэлбэржээгүй болохоос. Яагаад заавал 10-ны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх ёстой вэ гэвэл сонгуулийн дүнг 15 хоногийн дотор нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Долдугаар сарын 10-наас хойш СЕХ хурал хийгээгүй. Тиймээс хуулийн дагуу ганц шийдвэр эхнийх нь байгаа юм.
-Тэгвэл 14-ны бичгийг юу гэж ойгох вэ?
-14-ных Баттулгын бие дааж үйлдсэн бичиг учраас бас хүчингүй болох ёстой. 10-ны хуралдааны протокол нь байгаа. Шийдвэр гарсан. Зургаан тойрог маргаантай байна гэсэн. Баттулгыг энэ бичгээс Ерөнхийлөгчид аваачиж өгөхөд хоёр тойргийн маргаан нь шийдвэрлэгдчихвэл өргөн барьж болно. Гэтэл энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн маргаан нь арилаад таван тойргийг хасаад 21-ийг нь өргөн барих эрх Баттулгад байж. Тэр нь тогтоол болох ёстой л доо. Баттулга дахиад хоёр тойргийн дүн өргөн барихаасаа өмнө хассан. Таван тойрогийн дүнг өргөн барихдаа хасах үүрэгтэй байснаа гуравыг нь үлдээгээд бөөн будлиан үүсгэсэн юм. Хуралдаан нь бол болсон. Харин гаргасан шийдвэрийг Баттулга дур мэдэж зассан.
-Ерөнхийлөгчид өгсөн бичгийн хариу ирсэн болов уу?
-Тэрний хариу нь Ерөнхийлөгч СЕХ-г ажлаа хий л гэсэн шүү дээ. Тэр дагуу нь ажлаа хийж байх шиг байна. Энэ бүх будлианы эзэн Баттулга. Намуудын ажлын хэсэг яриад шийдэж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. СЕХ-г алдаагаа засч, хуулийн хүрээнд хийсэн хүчин төгөлдөр 20 дугаар протоколын дагуу оруулж ирэх байх гэж хүлээж байна даа.
-Одоо тэгвэл СЕХ-ны шийдвэрийг л хүлээж байгаа гэсэн үг үү?
-Тийм.
-Yндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар?
-Өмнө оруулсан долоон өөрчлөлт Yндсэн хуулийг өөрчлөх боломжийг нээж өгч байгаа юм.
Одоо Yндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгохгүй бол өөр ямар ч зүйл өөрчлүүлэхгүй гэж эсэргүүцдэг хэсэг хүн байгаа. Тэдний тавьж байгаа шаардлага зөв гэж үзэж байгаа. Эхлээд үүнийг өөрчилж, хүчингүй болгоно. Тэгээд дараа нь бусдыг нь өөрчлөхөд ард түмнээс асууж байгаад нухацтайгаар, олонхийн шийдвэрээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Чухал асуудал хэлэлцэхэд 39 гишүүн суучихаад 20 нь шийдвэр гаргаад байвал Монголын ард түмнийг төлөөлөл болж чадахгүй.
Л.Номин
дугаар 145/464.465/