Өмнө нь сонгосон сурах бичгээ дахин хэрэглэх боломжтой
эрдэм номын дуу сонсох балчирхан үрс минь Сурагч болно хэмээн баяр хөөр болоод л… Үнэхээр ч бяцхан цүнх үүрч, дүрэмт хувцсаар гоёсон цэцэг цэврүү шиг охид, хөвгүүд хайр хүргэм эгдүүтэй харагддаг.
Өмнө нь цэцэрлэгтээ тоглоом наадгай эргүүлж, эрх дураараа үймүүлж явсан жаалууд үзэг, цаас нийлүүлээд л томоотой нь аргагүй хичээлээ давтах томоохон хариуцлага үүрэх нь. Үсэг цээжилж, тоо бодох гэх мэт хичээлийн хөтөлбөрөөс залхсан зарим сурагчид нойрмоглох юмуу дүрсгүйтэх гэж оролдох нь энүүхэнд гэж байгаа. Дуртай үедээ тоглож наадан, амарч тухалдаг байсан хүүхдүүдийн хувьд энэ бүхэн гэнэтийн өөрчлөлт л гэсэн үг.
Мэдээж хэрэг, цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд дунд сургуулийн бага ангийн хичээлийн хөтөлбөрийн эхний хэсэг буюу тодорхой шатны мэдлэгийг олгосон байдаг. Гэвч хүүхэд бол хүүхэд шүү дээ. Нэг хэсэгтээ л асуудал үүсгэх нь дамжиггүй. Энэ ч утгаараа, зургаан настай хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон агуулга, арга зүйг багтаасан дунд сургуулийн хичээл болон цэцэрлэгийн сургалтын хосолсон хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн ажээ.
Тухайлбал, бага боловсролд хамрагдах хүүхдүүдэд тоглоом наадгайгаар нь дамжуулж мэдлэг өгөх, хүмүүжил төлөвшлийн сургалт явуулахаар болсон гэнэ. Зургаан настай хүүхдэд хичээл заах аргачлал нь үндсэндээ тоглоомын аргад суурилсан байх юм. Энэ нь зургаан настнуудыг цэцэрлэгийн хүүхдийн тоглоомоор тоглуулна гэсэн үг биш. Сурагчдын сэтгэлгээг задлах зорилгоор биеийн хөдөлгөөнд суурилсан сэтгэхүйн тоглоомууд дээр хичээлээ явуулах бөгөөд хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулах, харилцааны соёлд сургах олон талын хөтөлбөрийг тусгасан хэрэг.
Зургаан настай хүүхдийн анхаарал 6-7 минутад төвлөрдөг учраас багш нар энэ хугацаанд зохих боловсролыг олгохоор болсон гэнэ. Харин бусад үед нь сэтгэхүйн тоглоом ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Эцэг эхчүүдтэй гэрээ байгуулна
Энэ жил Ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид нийт 67 мянган сурагч элсэх юм байна. Бага анги нь долоо болон зургаан настны гэсэн хоёр бүлэгтэй байх аж. Насаар нь ангилсан хоёр өөр ангийн хувьд, хичээлийн цагийн хуваарь огтхон ч ялгаагүй. Дээрх ангиуд жилд 32 долоо хоног, харин долоо хоногт 22 цаг хичээллэх талаар сургалтын хөтөлбөртөө тусгасан учраас тэр.
Тэгэхлээр бяцхан сурагчид өдөрт дунджаар дөрвөн цаг хичээлдээ суух юм. БСШУЯ-ны сайдын 72 дугаар тушаалаар 12 жилийн төлөвлөгөөний дагуу зургаан настнууд нэг хичээлийг 35 минутын хугацаанд судлах гэнэ.
Харин долоон настнуудын хувьд, 2006 оны 236 дугаар тушаалаар батлагдсан 11 жилийн сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэх юм байна. Багш, сурган хүмүүжүүлэгчид нэгдүгээр ангид элссэн бяцхан сурагчдын эцэг эхчүүдтэй багахан хэмжээний гэрээ байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Тухайлбал, хүүхдээ хичээлд нь хүргэж, тарахад нь тогтмол авч байх тухай асран хамгаалагчийн аль нэгэнтэй нь тохиролцох гэнэ.
Найман төрлийн сурах бичгийг шинэчилжээ
Шинэ хичээлийн жилд найман төрлийн сурах бичиг шинээр гаргах нь. Тус бүр хоёр сурах бичиг шинээр гаргах болон дахин хэвлүүлэх нь. Харин зургаан настнуудад зориулж монгол хэл, математик, дүрслэх урлаг, дуу хөгжим, технологи, хүн орчин зэрэг сурах бичгийг хэвлүүлж эхэлжээ.
Эдгээр сурах бичгүүд ямар нэг хувилбаргүй учраас улсын хэмжээнд энэхүү номыг л хэрэглэх юм байна. Үүгээр ч зогсохгүй, уг сурах бичгүүдийг ирэх жил дахин ашиглах боломжтой аж.
Ер нь сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурах бичиг тогтмол өөрчлөгдөж байсан учир эцэг эхчүүд багагүй гомдоллож, чамгүй мөнгө зарцуулдаг нь нууц биш. Багш нар гаргасан номоо сурагчиддаа шахаж, улсын хэмжээнд хэрэглэхээр заасан сурах бичгүүд хог дээр гарах дөхсөнийг хэн хүнгүй л мэднэ.
Харин өдгөө удтал үргэлжилсэн энэ моод-ыг халж, өмнө нь сонгосон сурах бичгээ жил бүр хэрэглэж заншихаар болсон сурагтай. Ерөнхий боловсролын сургуулийн шинэ болон шинэчлэх, дахин хэвлэх сурах бичигт ҮI анги-Англи хэл II, ҮII анги-Англи хэл III, ҮI-ҮII анги-Монгол бичиг II, ҮIII-IX анги-Монгол бичиг III, X-XI анги-Байгалийн ухаан /Хими, Физик, Биологи, ГазарзҮй/, XI анги- Англи хэл ҮII зэрэг ном багтаж байгаа аж.
Сурлага муутай бол тэтгэлэгт хамрагдахгүй
Амьдралын боломж муутай, нийгмийн халамж хүртэх эрхтэй охид, залуус их, дээд сургуульд элсч орсныхоо дараа төрийн сангийн зээл болон тэтгэлэгт хамрагдахыг хичээдэг. Түүнд хамрагдахад амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх тодорхойлолт, бас бус бичиг баримт. шаардлагатай байсан. Тэгтэл сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж олгох журам шинэчлэгдсэн ажээ.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж байгаа учир нэг оюутанд олгох зээл, тэтгэлгийн хэмжээ нэмэгдэх боловч төрийн сангийн мөнгөн дүнгийн хэмжээ төдийлөн өөрчлөгдөхгүй юм байх. Үүний зэрэгцээ, Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болжээ.
Бүтэн өнчин юмуу амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийг эхний ээлжинд сургалтын тэтгэлэгт хамруулах боломжтой. Гэхдээ сургалтын төлбөрийг нь төрөөс даана гээд хичэл сурлагадаа анхаарахгүй, санаа амар алхаж болохгүй нь.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сурлагын амжилтыг харгалзан, зээл тусламжийн гэрээг нь үргэлжлүүлэх эсэхээ шийдэх гэнэ. Тухайлбал, сурлагын дүнгийн голч нь 2.8-аас доош байвал тэтгэлэг болон зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг. Ингэснээр оюутны хичээл чармайлтыг дээшлүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэх сайн талтай юм байна.
Р.Мөнгөн
Дугаар 146/819/