С.Баярын Контр революций
харууллаа. Машид нууцлагдсан энэхүү бүлэглэлийн башир арга сонгуулийн ардчиллаар халхлагдсан байжээ.
Луйвардуулсан ардчилал авлигад идэгдэж нялх балчираараа мөхөх нь. 1990 онд монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалаар унагаагдсан эрх баригчид энэ удаад контр революций хийлээ гэдгийг ухаарсан хүмүүс цөөнгүй байгаа нь ардчиллын сүүлчийн үнэт зүйлс болж түүхэнд үлдэх нь ээ.
Сонгууль ямар булхайтай болсныг сонгогчид биеэрээ амсч үзлээ. Сонгуулийн луйвар одоо бүр ил цагаандаа гарч, зарим нь олны дунд авсан өгснөөрөө баярхаж эхэллээ. Буу ална гэгч л олны дунд болж байна. Манай нэр дэвшигч ч буянтай хүн дээ. Эгч нь мөнгө авахаараа л нэг боллоо. Бүр тавь, жар, зуун мянган төгрөг авсан шүү дээ. Yгүй ингэхэд чи хэдийг авав яасан жаахан мөнгө вэ. Архи өгч байна уу. Өгсөөн өгсөн. Уухаараа л нэг боллоо. Шар айраг ч бас тамтаггүй ээ. Танай хэсгийн хорооны Нараа ямар жаатай хүүхэн бэ. Нэг өрөө байранд орох болсон гэсэн шүү. Яагаав нөгөө өвгөн чинь хэн билээ. Манай хорооны Засаг дарга аа. Өө тийм, Балдан гуай. Бас байранд орох болсон гэнэлээ. Овоо доо зайлуул. Жил бүрийн сонгуульд амиа тавьчих шахдаг юм чинь. Энэ хэсэг аравтын дарга нар юу хийсэн гэж бидэнтэй барьцаад байгаа юм болоо.
Хэдэн хүний нэр л засч зоогоо биз. Яагаав Иргэний үнэмлэх олгоо биз дээ. Нээрээн тийм шүү. Тэгээгүй бол ч бас баларч мэдэх юм шүү. За яахав. Тэглээ гээд бид л хамаг муу муухай бүхнийг хийгээ биз дээ. Яриад яахав ээ хө. Чи ч гэсэндээ хаалга үүдэнд нь нэр нүүр хоёроо барж байж л гаргаж ирсэн юм чинь өгснийг нь авнаа хөө гэлцэх.
Yнэндээ хэдэн бор юмны хойноос ядуучууд ингэтлээ зүтгэж төрийн сонгуулийг луйврын гэмт үйлдэл болтол нь дэврээж өглөө. Сонгууль булхайтай болсон гэдгийг захын чавганцаас асуухад хэлээд өгнө. Авгай хүүхнүүд яах вэ Бор хоног шар нар-ны хооронд хоолны мөнгө олох гэж зүтгээ л биз гээд орхихын арга алга.
Төрийн машин гацжээ. Гацаанд оруулсан нь сум, хороо, баг хэсгийн хэдэн хүүхнүүд. МАХН-ын байрыг галдан шатаах үймээний тулгын чулууг тэд ингэж өрөлцсөн хүмүүс. Эрдэнэт хүний амь үрэгдсэн гэмт үйлдлийн эзэд нь Ж.Батзандан, О.Магнай биш, санал хураалтыг хэзээнээсээ луйвар болгож чаддаг байсан хүүхнүүд л дээ.
Одоо болохоор Ээ хайран сайхан намын байр маань шатчихлаа. Дэлхийд хосгүй морин хуурын чавхдас тасарчихлаа гээд хоосон гаслаж дуу тавьцгааж байна. Хүмүүс нас барсан гэнэ үү, за яахав тэр ч Ц.Элбэгдоржийн хийж байгаа ажил. Yгүй ер нь, түүнийг дүүжилчихгүй энэ С.Баяр юугаа хийгээд байгаа юм бол оо. Төр төмөр нүүртэй гэдэггүй бил үү. Тэр төмөр нүүрээ харуулаад энэ муусайн ардчиллынхныг бүгдийг нь алаад өгөхгүй яагаад хулчигнаад байгаа юм болоо.
Ялалт байгуулсан луйварчдын баг ам мэдэн буруу солгойгүй бурцгааж байгаа нь энэ. Авдаг шан харамжаа авч хийдгээ хийчихсэн тэд луйварчдын гарт Засгийн эрхийг шилжүүлэх нүгэл үйлдсэнээ мэдэх ухаан даан ч үгүй.
Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн ардчилал биш эрх баригчдын заасан замаар үг дуугүй мөлхөх зам руу ингэж хальтран орох юм гэж санасан ч үгүй явжээ та бид. Yгээ хэлсэн хүмүүсээр шорон гяндан дүүрч, улс төрийн хоригдлоор дэлхийд дээгүүрт орж, гудамж дүүрэн жийп сүлжилдэж дарга нар нь баян тансаг гэдэг нь жигтэйхэн, нийгэм нь зусарч бялдуучдаар дүүрэн, ард олон нь өлмөн зэлмүүн эрх чөлөөгүй амьдрах ноорхой замын эхний гишгүүр дээр монголчууд гарлаа.
Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхнөөр шорон дүүрч байхад маргааш өөрсдөөр нь шорон дүүрэхэд л үгээ хэлэх хүмүүс. Сонгуулийн дүнг доороо ингэж авлигаар эргүүлж байхад дээрээ тоо цифрийг засч резиндэх аргаар СЕХ баллуурдаж сууна. СЕХ-г баг бүрэлдэхүүнээр нь огцруулж, үнэний шүүхийн өмнө өвдөг сөхрүүлж чадвал сум, баг, хороо, хэсгийн хорооны авгай хүүхнүүд Найман найлзуурхай, долоон булчирхайгаа тоочиж гарах байлгүй.
Тэр цагт бүх ард түмний сонголт хаана нь явж байсныг гаргаж ирэх боломжтой. Yйлчилдэг хууль нь ч амь орно. Yхмэл хуультай албан хаагчидтай цагт үнэн ямагт ялагдал хүлээж, худалч бүхэн төрийн тархинд залрана. Yүнийг буурлууд түүх шаштиртаа цөвүүн цаг хэмээн захиж үлдээсэн байдаг юм билээ.
Есөн шидийн луйвар нь илэрдэгээрээ илэрч байна. Харин шүүдэг эрүү нь Монголд даан ч алга.
Yнэн худал хоёрын хэн нь амьдрах орон зайтайгаа үзэлцэх цөвүүн цагт Хоточ банхар шиг яваасай хэвлэлийнхэн. Өнөөдөр О.Магнай, Ж.Батзандан хоёроор туг тахиж мэднэ. Маргааш ард түмнээр туг тахиж магад. Харин нөгөөдөр өөрөөр чинь туг тахихад чамайг хамгаалах ганц ч зүрх байхгүй болсон байх вий.
Л.Цэрэн-Очир
дугаар 145/464.465/