Дорнод, Хэнтий, Баянголын маргааныг цэгцлээгүй байна
Дорнод, Хэнтий аймагт өрсөлдсөн нэр дэвшигчдээс ялагдсан нь гомдолтой байгаа. Иймд тус хоёр тойргийн хороо саналын хуудсаа дахин тоолохоор болсон. Дээрх хоёр тойргийн хороо одоогоор дахин тооллого явуулаагүй байна. Хэнтийн тойрог шийдвэрээ цуцалж саналын хуудсаа дахин тоолох шаардлагагүй хэмээн үзсэн гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэлж байсан. Гэвч тус аймаг нэгтгэсэн дүнгээ СЕХ-нд ирүүлээгүй байна. Харин Дорнодын тойргийн хорооны дарга зугтсан гэх мэдээлэл бий. Гомдол гаргагчид түүнийг саналын хуудас дахин тоолохоос зайлсхийсэн гэж үзэж байгаа. Харин энэ тойрогт олон санал авсан УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлалтай нэр дэвшигчид саналын хуудсыг дахин тоолох шаардлагагүй гэсэн байр сууринаас хандаж байна.
Баянгол дүүргийн маргааныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан нэг тойрогт өрсөлдсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнийг хууль бус зүйл хийсэн гэж маргаан үүсгэсэн юм. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн сонгуулийн маргааныг нэг тийш нь цэгцлээгүй байна. Ерөнхийлөгчид СЕХ-ны дарга энэ сарын 10-нд таван тойргийг үлдээж 62 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгох албан тоот ирүүлсэн. Гэвч 14-нд дээрх гурваас бусад тойргоос гарсан 66 нэр Төрийн тэргүүнд ирсэн байв. Энэ хоёр албан тоотын аль нь хууль ёсных талаар АН шаардлага тавьж байна. Энэ тухай СЕХ өчигдөр үдээс хойш хуралдсан. Дугаар шилжих мөчид хуралдаан дуусаагүй байв. Дорнод, Хэнтий аймгийн тойрог тус бүр гурван мандаттай бөгөөд хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчийг дор хүснэгтэд үзүүллээ. Мөн нийслэлийн Баянгол дүүргээс хамгийн олон санал авсан эхний дөрвөн нэр дэвшигчийг хүснэгтээр харуулав.
СЕХ-ноос Ерөнхийлөгч Н.Энхбаярт долдугаар сарын 14-нд сонгуулийн нэгдсэн дүнг өргөн барьсан. Үүнд маргаантай гурван тойрогт нэр дэвшигчдийн саналын тоог гаргасан байсныг иш болгов.
Дорнод аймаг
№ | Нэр дэвшигч | Нам, эвслийн нэр | Авсан саналын тоо /хувь/ |
1 | Ц.Шинэбаяр | МАХН | 13782 /40.74 хувь/ |
2 | П.Алтангэрэл | АН | 13356 /39.48 хувь/ |
3 | Д.Одбаяр | МАХН | 13039 /38.54 хувь/ |
Хэнтий аймаг
№ | Нэр дэвшигч | Нам, эвслийн нэр | Авсан саналын тоо /хувь/ |
1 | Н.Ганбямба | МАХН | 16153 №0.52 хувь/ |
2 | Б.Бат-Эрдэнэ | МАХН | 15710 /49.14 хувь/ |
3 | Д.Арвин | МАХН | 14161 /44.29 хувь/ |
Баянгол дүүрэг
№ | Нэр дэвшигч | Нам, эвслийн нэр | Авсан саналын тоо /хувь/ |
1 | Ц.Мөнх-Оргил | МАХН | 35095 /52.73 хувь/ |
2 | Х.Тэмүүжин | АН | 33692 /50.62 хувь/ |
3 | Д.Энхбат | Иргэний эвсэл | 24806 /37.27 хувь/ |
4 | С. Эрдэнэ | АН | 23497 /35.30 хувь/ |
М.Ганаа
Дугаар 182/2942/