Шинжлүүлсэн айрагны 20 хувь нь хольцтой байжээ
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн Хяналтын Газраас зарим байгууллагын төлөөлөлтэй хамтран дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайд гэр, сүүдрэвчтэй, ил задгай худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна. Айрагны гэрүүд дүүргийн Үйлдвэр тохижилт үйлчилгээний хэлтэстэй гэрээ хийсэн боловч гэрээнд тусгагдаагүй үйлчилгээ явуулж байжээ. Тэд хадгалах орчин нөхцөл бүрдээгүй, хаана чанасан нь тодорхойгүй мах, цагаан идээ худалдаалж байгаад баригдсан байна. Мөн айргаа шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулаагүй, худалдагчаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, ажлын хувцасаар хангаагүй, зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны чанар аюулгүй байдал, хадгалалт, борлуулалтын үеийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй борлуулалт явуулж байгаа хэд хэдэн газар гарсан байна. Шалгалтын явцад есөн иргэний айрагнаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын төв лабораторид шинжлүүлэхэд 20 хувь нь Хүнсний аюулгүй байдлыг хангаагүй аж. Тэдгээрт холбогдох хууль тогтоомжийн дагуу 160 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 54 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ.
Ч.Энхбат
Дугаар 182/2942/