Засгийн газраас үнэ тогтоочихоод биднийг хяна гэдэг
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын Хяналт, зохицуулалтын хоёрдугаар хэлстийн дарга Б.Оюунцэцэгээс тодрууллаа.
-Холын хүнээс үг дуул гэдэг. Дэлхийн хэдэн орны төлөөлөгч энэ уулзалтад оролцов?
-Тайландын нийслэл Бангкок хотноо бүсийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын зөвлөлдөх уулзалт, буюу Жижиглэнгийн худалдааны салбарын өрсөлдөөн сэдэвтэй семинар болсон юм. Семинарт Япон, Сингапур, Солонгос зэрэг орны 40 гаруй төлөөлөгчөөс гадна зохион байгуулагч Тайваны Шударга худалдааны хороо, хамтран зохион байгуулагчаар Дэлхийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид байсан. Манай газраас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ.
-Нэр нь их сонин санагдаж байна?
-Сүүлийн үед дэлхийн улс орнууд жижиглэнгийн худалдааны салбарын өрсөлдөөнд их анхаарч байгаа юм билээ. Сэдэв дотроо худалдан авах чадвар, зах зээлийн чадвар гэсэн хоёр ерөнхий бүлэгт хуваан хэлэлцүүлэг хийсэн. Ер нь манайхаас бусад оронд худалдааны хуультай байдаг. Энэ хуулийнхаа хэрэгжилтэд шударга худалдааны хороо нь хяналт тавьдаг. Япон, Тайланд, Тайван зэрэг орныг жишээ татаж болж байгаа юм. Харин яагаад жижиглэнгийн худалдааны салбарын өрсөлдөөнийг илүүтэй хянаж байна вэ гэхээр өндөр үнээс илүүтэй зардлаас доогуурх үнэ маш их аюул дагуулдаг. Учир нь, зах зээлд борлуулж буй адилхан бараанаас хямд үнэ хэрэглэгчид санал болгосноор бусад өрсөлдөгч компанид төдийгүй эдийн засагт маш их хохирол учруулдаг байна. Ийм зүйл ч их гардаг.
-Тэр ч тийм л дээ. Гадаадад тэгж байна гэж ярихаасаа илүүтэй өөрсдийнхөө амьдралд нийцүүлэх ёстой юм биш үү. Манайд бол зардлаас доогуурх үнээсээ илүүтэй бодит зардлаасаа хол давсан үнийг компаниуд бараандаа тавьчихдаг шүү дээ?
-Манайд бол яах аргагүй тэгж байгаа юм. Гэхдээ тэр дотор тээврийн зардал, барааны үнэ орж байгаа шүү дээ. Гадаадад бол зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа бараа, бүтээгдэхүүний үнэ тогтож байгаа гэдэг үүднээс үнэ өсдөг.
-Тэгэхээр манайх буруу тогтолцоо хэрэгжүүлэх гэж үйлээ үздэг байх нь ээ?
-Манай байгууллага бол хуулийнхаа хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг. Манайд үнэхээр хаана өндөр үнээр бараа зарах гээд байна вэ, түүнийг л буулгана гэж зүтгэдэг. Үнэндээ бол энэ чиглэлийн салбарт өрсөлдөөн бий болж байна гэсэн үг. Тухайлбал, Засгийн газар нь талх тэдэн төгрөг байх ёстой гэж зохицуулчихаад үнийг нь хяна гэж манайд үүрэг болгодог. Энэ нь хянах ёстой гэдэг үүднээс хандаж буй нь тэр.
-Зардлаас доогуурх үнэ гэдэг том зах зээлд яригдах ёстой. Манай зах зээл жижиг шүү дээ. Тэр ч утгаараа үгсэн хуйвалдаж үнэ нэмж болзошгүй салбарт л анхаарах шаардлагатай юм биш үү?
-Тийм ээ. Зардлаас доогуурх үнэ гэдэг том зах зээлд яригдана л даа. Харин семинарын үеэр жижиглэн худалдааны өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавьж, энэ салбарт үгсэн хуйвалдах буюу картелийн хэргийн талаар хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн талаар. Тэгээд Шударга бус өрсөлдөөнийг хориглрх тухай хуульд зааснаар Монголд дээд тал нь 250 мянгаар торгох шийтгэл оногдуулдаг гэхэд оролцогчид ийм бага гэж үү гээд л гайхаж байсан. Учир нь, эдгээр оронд өрсөлдөөний хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд шийтгэл оногдуулдаг, тэр бүү хэл гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна лээ.
-Тэгэхээр манай өрсөлдөөний хуульд нэмж, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг үү?
-Хуулийн зарим нэг заалт дээр нэмэлт өөрчлөлт хийхээр болж байгаа. Харин худалдааны ёс зүйг сахиулах ёстой худалдааны хуулийг Үйлдвэр худалдааны яамнаас гаргах болов уу. Одоохондоо тэр нь энэ нь гэсэн товлочихсон юм алга.
-Хэрэглэгчээс гадна бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёрын дунд багагүй маргаан гардаг. Үүнийг шийдвэрлэх арга бий юу?
– Манай өрсөлдөөний тухай хууль ерөнхийдөө үйл ажиллагаа талдаа чиглэсэн байдаг. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёрын дунд бараагаа хэт өндөр үнээр зарах гэсэн эсвэл зах зээлээс доогуурх үнээр авах, түүхий эдээр боох гэсэн маргаан гарахад шийдвэрлэж чадахгүй л байна. Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлтдөө үүнийг оруулах байх аа.
-Семинараас танд энийг л манайд хэрэгжүүлбэл зүгээр юм даа гэсэн зүйл ажиглагдав уу?
-Хөгжингүй орнууд жижиглэн худалдааны өрсөлдөөнд их анхаардаг. Ялангуяа, эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй. Үүнйй жишээ нь ч өрсөлдөөний хуулийнх нь голлох хэсгийг шударга худалдааны эрх зүйн зохицуулалт эзэлдэг байх юм. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн нэг зүйл нь энэ байх.
Т.Оюунбаяр
Дугаар 145/464.465/