Белградад мөргөлдөөн үүсч 46 хүн гэмтжээ
Албан бус мэдээгээр үйл явдлыг хальснаа буулгаж явсан Испанийн телевизийнхэн хохирсон гэнэ. Мөргөлдөөн Боснийн сербүүдийн удирдагч асан Радован Каражичийг дэмжсэн цуглааны үеэр болжээ. Замдаа таарсан цонх, шилэн хорго зэргийг хагалж эвдэн танхайрч, цагдаа нар руу чулуу, петард буюу тэсрэх бодис шидэлж байсан залуусыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сум хэрэглэсэн байна. Танхайрагчид Сербийн Ардчилсан намын байр руу нэвтрэн орж амжсан боловч хагас цаг гаруй ширүүн мөргөлдсөний эцэст цагдаа нар тэднийг Бүгд найрамдах улсын талбай руу шахан зайлуулж дөнгөсөн гэнэ. France Press агентлаг танхайрагчдын дийлэнх олонхи нь өсвөр насныхан байсныг тэмдэглэсэн бол харин Белградын В92 радиостанц хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид байсан гэв. Цагдаагийн нэмэлт хүч нэмэгдэн ирснээр байдал намжжээ. Цуглааныг үндсэрхэг Сербийн радикал нам зохион байгуулж, Сербийн Ардчилсан нам, Шинэ Серби нам, бусад барууны үндсэрхэг хөдөлгөөнүүд дэмжин оролцсон аж. Энэ талбайд Каражичийн талын 100 гаруй мянган хүн цугларна гэж тооцоолсон боловч цагдаагийнхны мэдээлснээр 16 мянга орчим хүн ирсэн байна. Тэд Младич, Каражич, Шешель, Милошевич нарын нэрсийг дуудан хашгирахын зэрэгцээ өнөөгийн Ерөнхийлөгч Борис Тадичийг элдвээр зүхэн доромжилжээ. Цуглааныг удирдан зохион байгуулсан Сербийн Радикал намын ерөнхий нарийн бичгийн дарга Александр Вучич өөрсдийнх нь тавьсан шаардлагыг биелүүлтэл энхийн эсэргүүцэл үргэлжилсээр байх болно хэмээжээ.
КАРАЖИЧИЙГ ГААГА РУУ ШИЛЖҮҮЛЭХЭД ӨМГӨӨЛӨГЧ НЬ СААТУУЛСАНГҮЙ
Каражичийн өмгөөлөгч Светозар Вуячич Сербийн эрх баригчдын зүгээс түүний өмгөөлүүлэгчийг Гаага руу шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсангүй гэж лхагва гаригт AFP агентлаг мэдээллээ.
Вуячич нь Каражичийн нутагтаа байх хугацааг уртасгахын тулд давж заалдсан гэнэ. Ингэснээр түүний гэр бүлийнхнийг Каражичтай уулзах боломжийг гаргахыг хүссэн аж.
С.Өгөөмөр
Дугаар 182/2942/