Монголын сор болсон компаниуд гадаадынхны мэдэлд шилжсээр байна
Манай Улсын төсвийн орлогын бараг гуравны нэгийг өгч байгаа Эрдэнэт-ийн хувь заяаг оросууд бидэнд мэдэгдэлгүйгээр аль нэг компанидаа шилжүүлсэн нь анхаарал татаж буй юм. Магадгүй Монголын талын тодорхой хүмүүстэй тохиролцсон байхыг үгүйсгэхгүй. Лав л ард нийтийн хувьд энэ мэдээлэл хаалттай байсаар зөвхөн Оросын хэвлэлийн эх сурвалжаас мэдсэн билээ. Энэ мэтээр монголчуудын амьдрал, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон байгууллагууд гадаадынхны мэдэлд зугуухан очсоор байна. Сүүлийн үед ХААН банкны эргэн тойронд дуулдаад эхэлсэн шуугиан бас л ийм сэжиг таамаг дагуулах болов. Хэдийгээр японууд хувьчилж авсан, одоо Питер Морроу тэргүүтэй америкууд менежментийг нь хариуцдаг боловч ХААН банкны хөрөнгө чинээ Монголын хот, хөдөөгийн бараг саяар тоологдох харилцагчдын зүтгэлээр арвижсан.
Тэр тусмаа Монголын сум болгонд хүрсэн сүлжээтэй цорын ганц банкийг бид гадаадынханд хувьчилсан. Төрөөс хөдөөний ард түмэндээ банкны үйлчилгээ үзүүлэх гэж олон жилийн турш ХААН банкийг Хөдөө аж ахуйн банк нэртэй байх үеэс нь тэтгэж дэмжиж байлаа. Ерээд оны сүүлч, шинэ зууны гараан дээр тус банкийг олон улсын санхүүгийн байгууллагуудын төслөөр төр зориуд бодлоготой дэмжсэн түүх хуучраагүй байна. Ийм стратегийн чухал ач холбогдолтой банкаа манай улс 2003 онд японуудад хувьчилсан юм.
Гэтэл ХААН банкны ашиг орлого нэмэгдэх тусам одоогийн Гүйцэтгэх захирал Питер Морроугийн зан хувирч байгааг анзаарахгүй байхын аргагүй байгааг олон эх сурвалж хэлж байна. Банкны их хэмжээний хөрөнгийг Америкаас авчирсан өндөр настай мэргэжилтнүүдэд хяналтгүй хуваан тараадаг дур зоргоороо авир газар авсныг тус банкны монгол ажилтнууд эсэргүүцэх болжээ. Бид нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж, өнгөтэй өөдтэй болгоноо их үнэ хэлсэн гадаадынханд хувьчилдаг байлаа.
Тухайн үед 6,8 сая доллараар хувьчлагдсан ХААН банк энэ хэдхэн жилийн дотор энд ажиллаж буй монголчуудын хямдхан хүч хөдөлмөрөөр олон зуун сая америк долларын үнэ цэнтэй болж гадныхны хөнгөхөн баяжих эх үүсвэр болсон. Тэгвэл Монгол Улс хөгжлийнхөө замд алхан орсон ийм үед стратегийн ач холбогдолтой салбарууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн авах вэ гэсэн ухаалаг бодлого үгүйлэгдэж байна. Ялангуяа ашигт малтмал, банк санхүүгийн салбарт гаднын хөрөнгө оруулагч ямар хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг улс орны эрх ашгийн үүднээс бодох ёстой.
Ингэхгүй бол ХААН банкны одоогийн удирдлага шиг монгол ажиллагсдыг ялгаварлан гадуурхсан, Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн дээрэнгүй, ёс зүйгүй авир улам даамжрах болно. Банк санхүүгийн аль ч байгууллагын оршин тогтнох эрүүл хөрс болсон үнэнч шударга байх, ил тод үйл ажиллагаа явуулах зарчим ХААН банкинд алдагдаж эхэлсэнд эдний ажилтнууд дургүйцэж байгаагаа нуугаагүй юм. Төсвийн их хэмжээний хөрөнгө мөнгө тус банкаар дамжин иргэдэд хүрч байдгийг бодолцсон ч ХААН банкны ил тод, монголчуудын эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаа туйлаас чухал. Цөөн тооны америк менежерийн хяналтгүй үйл ажиллагаа даамжирвал Монголын банк санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх ч уршигтай.
М.Даш
Дугаар 182/2942/