Засаг даргаар Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэв
Аймгийн Засаг даргаар найман жил ажилласан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж шинэ Засаг даргыг томилж Ерөнхий сайдад санал болгохоор иргэдийн төлөөлөгчид цуглажээ.
Аймгийн ИТХ дахь МАХН-ын бүлгээс Засаг даргаар Гомбожав овогтой Эрдэнэбатын нэрийг дэвшүүллээ. Г.Эрдэнэбат нь Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй юм. Тэрээр 1984 оноос Дархан-Уул аймагт амьдарч байна. Хурлын явцад аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх өөр саналтараагүй тул төлөөлөгчид Г.Эрдэнэбатад асуулт тавьж санал хүсэлтээ хэлж байв. Төлөөлөгчид түүнд орон нутгийн сонгууль хүртэлх хоёр сарын хугацаанд төрийн ажлыг амжилттай сайн гүйцэтгэхийг хүсч 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо. Хуралдааны үеэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа үг хэллээ. Тэрээр Би 22 жил Дархан хотдоо ажиллаж амьдарсан. Дархан болон Дарханы ард түмэн миний амьдралд олон сайхан дурсамжийг үлдээсэн газар. Тийм ч учир байнга дарханчууддаа баярлаж явдаг. Төрөө дээдлэн төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж явахыг төрийн албан хаагчиддаа захия. Дарханаа гэсэн сэтгэлтэй, төрийн албаны туршлагатай хүнд ажлаа шилжүүлж өгч байгаадаа баяртай байна гэсэн юм. Төгсгөлд нь Засаг даргад нэр дэвшигдсэн Г.Эрдэнэбат Ерөнхий сайд намайг батламжилж Засаг даргаар томилвол төрийн албаны залгамж чанарыг үргэлжлүүлэн ажиллах болно гэв.
А.Батзаяа
Дугаар 151/217/