Агаарын тээврийнхэн харийнханд хайртай
Дэлхийн улс орнууд ч харилцаа гэгч зүйл дээр гол анхаарлаа хандуулдаг юм билээ. Үүнийг та бид бүгд мэднэ. Хэрэглэгч гэдэг тэдний хувьд хаан нь байдаг. Жинхэнэ утгаараа шүү дээ. Бөхөлзөж тонголзоод, үйлчлүүлэгч та хэн ч байсан бидний хаан, хэнээс ч эрхэм гээд л урдуур хойгуур орж гүйгээд байдаг. Монголчууд бид иймэрхүү зан үзэж хараагүй, басхүү дасаагүй болохоор сонин хачин санагддаг байсан үе бий. Одоо ч сонин хэвээр л байгаа. Үнэнийг хэлэхэд харилцаа гээч зүйлийг мэддэггүй, мэдрээгүй байхдаа мөн ч их ичдэг байж дээ. Хэдийгээр тухайн үйлчлүүлэгчийн буруу байсан ч урдаас инээмсэглэл тодруулсан хүн эелдгээр харилцахад ямар хэцүү байдаг гээч. Өөрөөсөө ичээд болдог бол нүүрээ халхалчихмаар л санагддаг. Ийм байдалд өчнөөн л хүн орж байсан гэдэгтэй эргэлзэхгүй байна.
Харилцаа гэж зүйл бизнест дэндүү чухал хөшүүрэг байдаг нь үйлчлэгч нарынх нь, ажиллагсдынх нь царай, тэдний инээмсэглэлээс харж болохоор байдаг. Хүн бүрт инээмсэглэл бэлэглэж, түүнийхээ хариуд баярлалаа гэсэн үгийг харамгүй авдаг болохоор ч тэр үү ажил нь их л бүтэмжтэй харагддаг юм билээ. Харин манай улсад энэ ДҮР зургийг дуурайх гэж ядаж яваа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Уг нь хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон гэж арай дээр зарим нэгнийг нь цоллосон байдаг. Харин хөх даавуун цолыг авсан хэсэг бүлэг нь биеэ хэт тоох нь дэндүү харамсалтай. Ердөө л нэг даавуун дээр бичсэн өргөмжлөл гэх зүйлийг хэн ч, хаана ч авч чадахгүй мэтээр өөрсдөөрөө бахархах нь гутмаар. Ийн үйлчилгээний байгууллагуудыг хэлэх болсон нь учиртай.
Өнөөдөр манай улсад үйлчилгээний соёл буюу харилцаа гээгчийг дэндүү орхигдуулаад байгааг хөндөхгүй, бас хэлэхгүй байж боломгүй санагдсаных. Өдөр тутмын нэгэн сониныхон амарч яваад ирж. Харин нэгэн нөхрийнх нь биеийн байдал тавгүйрхсэн учир агаарын тээврийн Изинис эйрвэйз компанийнханд хандсан байна. Гэтэл тус компанийнхан ямар хүн юм бэ, гадаад хүн бол авья гэсэн хариултыг өгч. Монгол хүн ийм учиртай гэж хэлээд ч тусыг эс олсон тухайгаа мэргэжил нэгт нөхөд маань хуучилсан юм. Тус компани ихэвчлэн хөдөө орон нутагт нислэг үйлддэг. Ялангуяа Хөвсгөл, Хархорин чиглэлд түлхүү юм билээ. Изинис эйрвэйз-ийнхний хувьд монгол хүн хүний тооноос аль хэдийнэ хасагдсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг нуух юун.
Харин бие нь чилээрхсэн монгол хүний оронд ногоон нүдтэй харийн хүмүүс байсан бол тэд Өө тэгэлгүй яахав хэмээх байж. Үүний учир шалтгаан маш энгийн. Ердөө л хэдэн төгрөгийн наана цаадах асуудал шүү дээ. Хүний амьнаас илүү хэдэн халтар төгрөг л Изинис эйрвэйз компанийнханд хэрэгтэй бололтой юм. Телевизээр гарах реклам сурталчилгааг нь харж байхад хүний сэтгэлд хүрч үйлчилнэ гэж байсан. Гэтэл ажил, амлалт нь алд дэлэм зөрүүтэй байгаа нь харамсалтай. Изинис эйрвэйз гэх компанийн удирдлагууд ажилтан, мэргэжилтнүүдээ нарийн шалгуураар ажилд авдаг байлтай. Баргийн хүн нислэгийн компанид тэнцэж ордоггүй гэсэн бодол салхинд хийсэв.
Дээрх монгол хүн бол бид авахгүи гэх хариултыг сонссон болохоор тэр. Хар ухаанаар бодоод үзэхээр олон нийттэй харилцдаг, үйлчилгээний байгууллагын ажилчид наад зах нь харилцааны соёлтой байх ёстой. Цаашлаад хамгийн өндөр боловсролтой, шигшигдсэн хүмүүс байдаг. Гэтэл Изинис эйрвэйз -ийн ажилчид гудамжны гэх тодотголтой боловсролгүй нэгнээс дор аашлах нь сонин. Энэ компанийн талаархи барагтай мэдээлэл нэлээд байх юм. Хамгийн сүүлийнх нь л гэхэд хариуцлагагүй ажилтан нь Кувейтын эрхэм дээд Эмирийн хүүгийн тансаг онгоцонд гэмтэл учруулсан. Хариуцлагагүй ажилтан автомашинхаа арааг салгаад, гар тоормосоо таталгүй орхисноос осол гарсан талаар хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдээлж байсан.
Эрхэм дээд Эмирын хүүгийн онгоц АНУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн Goldstar-135 ҮP-CLL загварын онгоц гэж албаны эх сурвалж мэдээлж байсан. Тус онгоцыг захирлгаар цөөн тоогоор үйлдвэрлэдэг эд гэсэн. Гэтэл амрах гэж ирсэн хүний онгоцыг хариуцлагагүй, хэнэггүй ажилтнаасаа болоод ослын хэмжээнд хүргэжээ. Хэдийгээр ноцтой осол биш боловч Монгол Улсын нэр гарна гэдгийг хаа хаанаа бодсонгүй өнгөрсөн нь харамсалтай. Жижиг мэт юм шиг боловч асуудал хэзээ ч багадаггүй гэдгийг Изинис эйрвэйз компанийнханд сануулах гэсэн юм. Мөн үйлчилгэний салбарт өрсөлдөж байгаа гэдгээ ажилчидынхаа ой ухаанд суулгаж өгөх цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн хэрэг.
Өнөөдөр манай улсад агаарын тээврийн бизнест хүч сорьж байгаа цөөн тооны компани хүч сорьж байгаа. Тэр нь дэлхийн түвшинд хүрсэн гээд магтахад үш гоёдох гээд байгаа нь харамсалтай. Тухайлбал, Аэро Монголия. Энэ компанийн чанар чансааг монголчууд мөн ч олон удаа үзсэн. Вайс гээд л нислэг үйлдэж айгаад ослын буулт хийлээ гэдэг. Мөнхийн айдас түгшүүртэй зорчиход хүргэж байсан нь нууц биш. Ааарын тээврийн бүх компани дээрх алдааг гаргадаггүй. Гэсэн хэдий ч нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдгийг мартаж боломгүй санагдах юм. Гэмтэл саатал эсхүл харилцаа муутайгаасаа болоод манайд агаарын тээврийн бизнес цэцэглэн хөгжиж чадахгүй байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Үйлчилгээний байгууллага, тэр дундаа цөөхөн хэдхэн компани соёлгүй, чанаргүй гэсэн маш олон тодотголыг зүүж байгаа нь монголын эмгэнэл гэлтэй.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн асуудал байгаа нь Монгол хүнийг тэд юу ч биш болгож, үнэ цэнийг нь унагаж байгаа явдал. Гадаад хүн гэвэл гар хөлөө хугалах шахам гүйх мөртөө элэг нэгтнээ харахаар хамраа сөхдөг нь аль ч үйлчилгээний байгууллагад байгаа. Үүнтэй мэдээж маш олон хүн санад нэгдэх байх. Уг нь гадаад, дотоод байхаас эс хамааран үйлчлүүлэгч л бол хаан баймаар юм. Эсхүл агаарын тээврийнхэнд, ялангуяа Изинис эйрвэйз компанид үйлчлүүлэгч та хаан гэдэг үйлчилгээний байгууллагуудын уриа үг үйлчилдэггүй бололтой юм. Хоёр нүүр гаргаж байхын оронд зөвхөн гадаадын иргэдэд үйлчилнэ гэж олон нийтэд зарлачих юм бол амар баймаар юм. Бор, шар арьстайгаас нь хамаараад үйлчилгээг өөр өөрөөр, нэг үгээр хэлбэл ялгавартай хүргэж байгаа нь энэ нийгэмд шударга явдал мөн гэж үү…
Д.Цэнгүүн
Дугаар 146/819/