Зориулалтын хувцас хурд нэмдэг
Энэ үед олимпод усан спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж буй тамирчин Д.Сайханцэцэг, Б.Бүтэх-Үйлс нарын дасгалжуулагч З.Зоригтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-Бэлтгэл сургуулилтаа хэзээ эхлэв?
-Энэ хоёр маань Азийн аварга шалгаруулах тэмцээн төдийгүй олон улсын тэмцээнээс амжилтаа ахиулж байсан ирээдүйтэй спортын мастерууд. Зургаагаас долоон жил хичээллэсэн болохоор туршлагатай. Бид хамтарсан бэлтгэлдээ тавдугаар сарын дундаас гарсан. Бэлтгэлээ Усан спорт сургалтын төв дээр хийж байна.
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ, хүндрэл бэрхшээл юу байна?
-Өглөө усанд хоёр, үдээс хойш хуурай газар дээр 6-7 цаг, үргэлжлүүлээд мөн усандаа бэлтгэлээ хийдэг. Манай усан спортын төрөлд өөрийн гэсэн байр байдаггүй болохоор мэргэжлийн ялангуяа олимпын бэлтгэл хийхэд тийм ч тохиромжтой биш. Тухайлбал бидний оролцох төрөл 50 метр шүү дээ. Гэтэл Усан спорт сургалтын төвийн урт нь ердөө 25 метр. Одоохондоо ийм байгаа боловч биднийг цаашид тусалж дэмжинэ гэж байсан. Гол нь бид бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй.
-Усан спортынхны хувцас нэлээд үнэтэй байдаг гэсэн?
-Усан спортын зориулалтын хувцас 500-700 ам.долларын үнэтэй байдаг. Энэ хувцас тамирчдын амжилтад сайнаар нөлөөлдөг. Хувцасны зардлыг Монголын үндэсний олимпын хорооноос гаргаж байгаа.
Ц.Цэрэн
Дугаар 154/9710/