Хятад, Монголын Циркчид хамтран тоглоно
Цирк сэргэж байна
Аса циркээс төрөн гарсан Циркус Монголиа, Циркийн асар, Шинэ цирк төвийнхөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд зуны циркийн тоглолтоо нийслэлийнхэнд толилуулж байна. Циркийн урлагаар цангасан монголчуудын сонирхлыг татаад буй тус тоглолт есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм билээ. Мөн цирк сонирхогчдод дуулгахад тун удахгүй Хятадын жүжигчид, сургуультай амьтдын хамт ирж өвөрмөц тоглолтуудаараа бэлэг барих гэнэ. Ийнхүү Хятад , Монголын циркчид хамтарсан тоглолтоороо нийслэлийнхний нүдийг хужирлах нь ээ. Мөн Луврын циркээс жижиг ховор амьтад авч ирж толилуулах гэнэ билээ. Одоо тоглож буй тоглолтод Японы хоёр алиалагч оролцоно.
Мөн тэд сайн дураараа ийнхүү өөрсдийн бүтээлээ монголчуудад хүргэж байгаа аж. Харин Монголын талаас Хатанбаатар захиралтай хамт олон акорбатын номер, тэнцвэр, уран нугаралт, агаарын номер зэрэг үзүүлбэрүүд гарч байгаа. 1980 оны сүүлээс монголын циркийн жүжигчид гадаадад гарч ажилладаг бий болсон. Энэ тогтолцоо одоо ч хэвээр. Монголдоо танигдаагүй олон авьяастнууд харь гүрэнд уран бүтээл хийсээр байгаа. Харин Аса циркийг байгуулснаар циркийн хөгжил цэцэглэж эхлэв бололтой. Арилжааны гэрээгээр гадныг зорьсон тэдгээр уран бүтээлчид өндөр цалингийн эрхээр гадаадад тийнхүү суурьшжээ. Одоогоор манай улсын 20 гаруй жүжигчид гадаадад ажиллаж байгаа юм билээ.
Монгол ииркийн нэгэн гайхамшиг уран нугаралт
Улс болгоны циркийн хөгжил өөр өөрийн онцлогтой. Солонгос л гэхэд агаарын үзүүлбэрүүдээрээ алдартай бол Монголын циркийн нэгэн гайхамшиг нь уран нугаралт. Үегүй юм шиг үелзэн нугарах турьхан охид дэлхийн хаа ч очсон үзэгчдийг уулгалуулдаг гэдэг. Тэгвэл Монгол дахь Уран нугаралтын төвд энэ гайхамшигт урлагт авьяаслаг бяцхан охидыг сургадаг. Өдгөө 100 гаруй сурагчидтай. Харахад сайхан ч тэвчээр хатуужил шаардсан энэ урлагт суралцаж буй тус төвийн нугараач охид гадна дотны улс орнуудыг ч хэдэнтээ зориод амжжээ. Одоогоор Испанид зургаа, Италид хоёр, Туркид гурав, Солонгост хоёр ч нугараач бий бөгөөд удахгүй Тайвань улсыг зургаан хүүхэд зорихоор болжээ.
Олон улсын тайзнаа монгол нугаралтын гайхамшгийг үзүүлдэг манай нугараачид хамгийн сүүлд Монгол Улсаа төлөөлж ОХУ-ын Москва хотноо брлсон олон улсын циркчдийн тэмцээнээс Гурвалсан мөнгөн морь шагнал авчээ. Ирэнгүүтээ дахин олон улсын тэмцээнд явж Хүрэл арслан шагнал авчирсан. Уран нугаралт гэхээр зөвхөн охид л хичээллэдэг гэх ойлголт одоо үгүй болжээ. Уран нугаралтын төвд л гэхэд одоогоор 10-12 насны цөөн хөвгүүд хичээллэж байгаа юм билээ.
Ийнхүү цирк сэргэж, үзүүлбэр, жанрууд залуу үеэр хүрээгээ тэлж байна. Бөмбөгөр цэнхэр дээвэрт циркийн манежнаа олон олон гайхамшигтай үзүүлбэр амилж, үзэгч олон алгаа хорстол ташин суудаг байсан тэр цаг үе эргэн иржээ.
Ц.Шагай
Дугаар 149 /169/