Амиа золиослогч эмэгтэйчүүдийн тоо өсчээ
25 мөргөлчний аминд хүрсэн уг халдлагын дараа Киркук хотод болсон дэлбэрэлтийг мөн амиа золиослогч эмэгтэй үйлдсэн бөгөөд 22 хүнийг хөнөөсөн юм. Ирак дахь Америкийн зэвсэгт хүчнийхний тооцоолсноор он гарсаар 27 амиа золиослогч эмэгтэй террорист үйл ажиллагаанд оролцжээ. Энэ нь өнгөрөгч онд найм байсантай харьцуулахад сэтгэл түгшмээр үзүүлэлт юм. Иракийн байдал харьцангуй тогтворжсон ч алан хядагчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаагаа дэлбэрэлт, халдлагуудаар сануулсаар байна. Аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт нэмэгдсэн тул сул нөмрөг, битүү гивлүүртэй эмэгтэйчүүд хамгийн найдвартай үүрэг гүйцэтгэгчид болжээ. Харин цагдаа нар эмэгтэйчүүдийн биед нэгжлэг хийх эрхгүй нь алан хядах ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгаад хүргэж буй аж. Тиймээс ч өнгөрөгч долоо хоногт Иракийн эрх баригчид Банат аль-Ирак буюу Иракийн охид хэмээх тусгай хороо байгуулж эмэгтэйчүүдэд амиа хорлон аллага үйлдэх нь буруу гэдгийг ойлгуулах, тэднийг нэгжих зэргийг үүрэг болгожээ.
дугаар 149