Эрүүл мэндэд аюултай жимс, жимсгэнэ, айраг худалдаалж байжээ
гэрт эрүүл ахуйн хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд гэр, сүүдрэвч байрлуулан ил задгай, гар дээрээс худалдаа эрхэлж байсан 42 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан нийслэлийн гудамж талбайд хөргөгчний ундаа, жимс, жимсгэнэ ихээр зарагддаг. Иргэд энэ төрлийн худалдааг эрүүл ахуйн шаардлага хангахгүй болохыг мэддэг ч худалдан авсаар байгаа нь задгай талбайн жижиг наймаачдыг олшруулах шалтгаан болж байгаа юм. Шалгалтын явцад ил задгай зарагдаж байгаа жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, айрагны гэрт худалдаа явуулж байгаа цэгүүдээс хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн илрээгүй байна.
Хятад Улсаас оруулж ирдэг сортын жимс жимсгэнэ ихэвчлэн бордоо, химийн бодисын үр дүнд хэмжээний хувьд харьцангуй том, мөн шүүслэг болсон байдаг аж. Жимсийг нэг төрхөөр удаан хугацаанд хадгалж, жинг нь нэмэх зорилготой борддог химийн бодис өөрөө жимс, жимсгэнийг муутгахгүй, элдэв хортон шавьжаас хамгаалах зориулалттай байдаг. Гэтэл иргэд химийн бодисонд хордсон жимс, жимсгэнийг задгай талбайгаас худалдан авч, цэвэрлэлгүй хэрэглэж эрүүл мэнддээ аюул учруулж байна. Наранд удаан халсан жимс хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө зайлшгүй үзүүлдэг болохыг хүнсний эрүүл ахуйн хяналтын байцаагчид хэлж байсан юм. Мөн айрагны гэрүүдэд исгэгч, ус хольсон айраг, хаана, ямар нөхцөлд чанасан болох нь тодорхойгүй мах худалдаалж байсныг илрүүлсэн байна.
Шалгалтад хамрагдсан есөн иргэний айрагнаас дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн химийн лабораторид шинжлүүлэхэд шинжилгээнд хамрагдсан нийт айрагны 20 хувь нь хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүнтэй гарчээ. Дээрх зөрчлийг үндэслэн Баянзүрх дүүргийн хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид айраг худалдаалж байсан есөн иргэнд тус бүрт нь 160 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ төрлийн худалдаа нийслэлийн дүүрэг бүрт явагддаг тул бүх дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалт хийж байгаа. Гэвч зөвхөн нийслэлийн нэг дүүрэгт хийсэн шалгалтын дүн түгшүүрийн харанга дэгдээж байгаа юм. Удахгүй нийслэлийн бүх дүүргийн эрүүл ахуйн хяналтын байцаагчид шалгалтын дүнгээ нэгтгэнэ. Түүний дараа нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай нийтийн эзэмшлийн талбайд худалдаалагддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар хураан авах ажээ.
Г.ОРГИЛ
дугаар 149