Улаанбаатарын зун
Харин хотод байгаа залуус маань зуны өдрүүдийг хэрхэн угтан үдэж байна вэ? Улаанбаатар хотод хүүхэд залуус амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх үйлчилгээний газар хаана байна вэ? Хүүхэд залуусын Соёл амралтын хүрээлэн хаалгаа барьсан энэ үед тэдэнд хотын гудамжаар алхах, баар, кафед суухаас өөр амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байна уу. Ингээд хотын хүүхэд залуусын зуны үдшийг сонирхлоо. Хүүхэд залуус цугласан газар дуу хуур, инээд хөөр тасардаггүй билээ.
Тэнгис дэх мини парк
Эхлээд залуусын хамгийн их цугладаг Эрх чөлөөний талбайг зорилоо. Өдрийн ид халуун бууж, үдшийн намуун цаг эхэлж байсан 20 цагийн үед Эрх чөлөөний талбай аль хэдийнэ хүүхэд залуусын хөл хөдөлгөөнд дарагджээ. Энэ талбайн зүүн талд Тэнгис кино театр оршино. Сүүлийн үеийн Монголын төдийгүй дэлхийн шинэ шинэ киног энэ л кино театр үзэгчдэдээ барьдаг болсон. Тиймээс эцэг эхчүүд ч амралтын өдрүүдэд хүүхдүүдээ дагуулан кино үзэхээр ирдэг уламжлал аль хэдийнэ тогтоод байгаа. Тэнгис-т бид зөвхөн кино үзээд зогсохгүй интернэтээр орж, автомат тоглоом тоглож, үүрэн телефоны эрхээ сунгуулах, шинэ үйлчилгээ хийлгэх гээд нэг цэгийн үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн хүүхэд залуусын болзооны гол цэг нь энэ театр. Эрх чөлөөний талбайд уулзъя гэхээсээ илүү Тэнгис кино театрын өмнө тэндэн цагт уулзъя гэж залуус болздог болсон. Эрх чөлөөний талбайн орчимд Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зарим тоглоомууд нүүж ирсэн байна лээ. Энэ тоглоомнууд ч олны хөлийг их татаж байгаа. Гурваас дөрвөн метрийн өндөрт чөлөөт үсрэлт хийлгэдэг, бөмбөлөгт сууж усан дээр хөвөн тоглодог тоглоом гээд эрх чөлөөний талбай Мини парк болжээ. Эдгээр тоглоом дээр тоглохоор залуус дугаарлан зогссон байв. Үнийн хувьд 1000-3000 төгрөгийн ханштай байсан. Эрх чөлөөний талбайд худалдаа үйлчилгээ ч гарчээ. Энд шорлогны мах, айргаар үйлчилнэ.
Залуусын цэцэрлэгтэй болохсон
Энд цугласан залуусаас чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг сонирхлоо. МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан А.Лхагвадорж Энэ зун хөдөө очиж амрах хүсэлтэй байсан ч ажлын шаардлагаар хотод өнгөрөөж байна. Манай Улаанбаатар хот өдрөөс өдөрт хөгжиж байгаа нь үнэн боловч залуусдаа зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх газар их ховор байна. Тэнгис кино театр,Зайсан толгой, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгээс өөр очих газар байдаггүй. Зуны сайхан үдэш архи тамхины үнэр шингэсэн битүү орчинд байхыг хүсдэггүй болохоор ядаж гадаа суух аятайхан цэцэрлэгтэй болохыг их хүсч байна. Тэгээд байрны үүдэнд байдаг бичил цэцэрлэгүүдийг битгий устгаж байгаачээ гэж хүсмээр байна гэлээ. Нийслэл хотод маань байдаг цөөхөн хэдэн усан оргилууруудын нэг нь Тэнгис кино театрын урд байдаг билээ. Усан оргилуурын дэргэд болзож байгаа залуус их харагдсан. Үдшийн сэрүү орох тусам энд ирэх залуусын тоо нэмэгдсээр байлаа. Ямартаа ч нийслэл хотын залуусын болзооны газар болсон Эрх чөлөө-ний талбай Улаанбаатарын үдшийн нэгэн нүүр царай болж байлаа.
Зайсан толгойд хүний хөл тасардаггүй
Залуусын очих дуртай газрын нэг Зайсан толгой. Үдшийн 22.00 цагийн үед энд залуусын хөл хөдөлгөөн ихэссэн байв. Хос залуус, найз нөхөд, гэр бүлээрээ Зайсан толгойг зорин иржээ. Өмнөх жилүүдэд Зайсан толгойн орчимд хорхог шорлогны худалдаа үйлчилгээ гардаг байсан. Харин энэ удаад тэр хавьд худалдаа үйлчилгээний газар харагдсангүй. Зайсан толгойн постын харуул А.Буяннэмэхтэй уулзаж энэ талаар тодрууллаа. . Тэрбээр Манай энд залуусын хөл ямар ч улиралд тасардаггүй юм. Манай хотын залууст Зайсан толгойгоос өөр очих газар ховор болохоор тэр биз. Ер нь оройн 22 цагаас шөнийн 04 цаг хүртэл хүний хөл тасрахгүй шүү. Цэвэр агаарт гарч шөнийн хотыг харах зорилгоор л ирдэг байх. Уг нь хоёр жилийн өмнө энд хоол хүнс зардаг цэг,бар ресторан гээд үйлчилгээний газар ажилладаг байсан. Архидалт газар авч, задгайрч байна гээд Зайсан толгой дээр ямар нэгэн үйлчилгээ хийлгэхийг хориглосон юм. Гэхдээ энд ирэх хүмүүсийн тоо одоо ч багасаагүй байна гэв. Мөн Зайсан толгойд ирсэн Класс оптикал компанийн амилтан Ц.Туяа Манай хотын залуус чөлөөт цагаа аятайхан өнгөрөөх газар байдаггүй. Тиймээс л Зайсан толгой дээр гарахаар байхаар ирдэг. Уг нь урьд нь энд үйлчилгээний газар байдаг байхад их аятайхан байсан. Одоо энд гэрэл гэгээ багатай, гадаад үзэмж нь илт муудаж байна. Нэгэнт л залуусдаа зориулсан амралт чөлөөт цагийн төв байрьж өгөх боломжгүй бол ядаж байнга ирдэг Зайсангийн орчинг тохижуулж өгөхийг хүсмээр байна. Энэ зуны хувьд чөлөөт цагаа өнгөрөөх газар их ховор санагдаж байна гэлээ. Машинтай хүмүүс Зайсангийн дээд талын авто зогсоолд гарахыг хүсвэл таван зуун төгрөгийн татвар төлдөг байна. Хэсэг хэсгээрээ дуу дуулж бөөгнөрөн зогссон залуус, хос хосоороо тэврэлдэн суусан хосууд гээд Зайсан толгойг залуус чимж байлаа. Ямартай ч хотын залуус маань энэ зуныг Тэнгис-т болзож Зайсан толгойгоор зугаалан өнгөрөөж байна.
Хулганы орон-ы хаад
Хүүхэд багачуудын цангинасан дууг Хөх хулганы орон-оос л сонсоно. Хүүхдийн парк үүдээ барьсан энэ зун хүүхдүүд аав ээжийнхээ гараас хөтлөн Хөх хулганы орон-оор аялж байна. Хүүхдийн дуу цангисан аз жаргалын оронд би түрхэн зуур саатлаа. Хүмүүний цэцэг дэлгэрч байна. Үүдээр нь ороход л хүүхдийн тоглоом, зураг, дуу шуу угтахад би өөрийн эрхгүй хүүхдийн ертөнцөд татагдан орсон юм. Энд ихэвчлэн залуу аав ээжүүд хүүхдүүдээ тоглуулж харагдана. Хүүхдүүдээ тоглуулахын зэрэгцээ өөрсдөө ч хөгжилдөөд авах гэр бүлийн халуун сайхан уур амьсгал юу юунаас ч илүү мэдрэгдэж байсан юм. Энд анх ирж байгаа хүүхдүүд бүр ч хөөрхөн, эгдүүтэй. Тэд нүүрэндээ баярын мишээл тодруулчихаад л байн байн эргэн харж инээд алдан тоглохдоо үеийнхээ найзуудаас бишүүрхсэн сэтгэлээ нуухгүй байлаа. Эгчээ, эгчээ энэ тоглоомоор яаж тоглодог юм бэ? гээд л үйлчлэгчээс цангинасан дуугаар тоглоомынхоо учрыг олох гээд асуух тэдэнд тоглоомнууд нь сонин содон санагдсан биз ээ. Хөх хулганы орон-ы үйлчлэгчтэй уулзлаа. Тэрбээр Манай энд хөл хөдөлгөөн тасарна гэж үгүй. Долоо хоногын долоо өдөр яг ингээд л бужигнаад л байж байдаг. Өдөртөө барагцаалбал тавь гаруй хүүхдүүд энд тоглож, наадаж өнгөрөөдөг. Манайх чинь заримдаа зуны цэцэрлэг шиг л болно шүү дээ.Тоглоомоо эвдэрчихээр нь сэлбэг хийгээд л янзалчихдаг хэмээн ярилаа. Хүүхдүүдээ тоглуулж байгаа эцэг эхчүүдийн дунд өвөө, эмээ нар цөөнгүй байсан юм.
Сүхбаатар дүүргийн өндөр настан Н. Оюуны сэтгэгдлийг сонсоход
-Би охиныхоо хүүхдийг хараад гэртээ суудаг. Хааяа хоёр зээгээ энд авчирч тоглуулдаг юм. Энд хүүхдийн тоглоомын талбай томтой болохоор хүүхдүүдээ тоглуулдаг юм гэлээ. Хөх хулганы орон-д зөвхөн монголчууд төдийгүй гадаадынхан ч хүүхдүүдээ тоглуулж байлаа.
Г.Уянга
Б.Ариунзаяа
Дугаар 154/9710/