Дарьгангын Дарь овоог тайх төрийн тахилгын ёслолд Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс
Эртний түүхт Дарьгангын Дарь овоог тайх төрийн тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эрхэм төрийн түшээд, лам хуврагууд, нутгийн зон олон, нийт монгол ахан дүүс та бүхнийхээ хувь ерөөлт, өлзийт сайн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Өнөөдөр Монгол эх орны наран ургах дорно өмнийн хязгаар Дарьганга нутгийн эртний их шүтлэг тахилгат Дарь уулын тэнгэр, газрын эзэд, сэлтийг урин залж, эдийн дээд, идээний дээжээ өргөж төр шашин, түмэн олноороо бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа нь эх орон, байгаль орон дэлхийгээ хүндлэн дээдэлж, хайрлан хамгаалж, уул устайгаа утга төгөлдөр шүтэлцэн амьдрахуйн их соёлыг цогцлоосон өвөг дээдсийнхээ ариун ёс заншил, оюуны үнэт зүйлсийг өвлөн уламжилж, улам төгөлдөржүүлж буй төрт ёсны залгамж чанарын тод илрэл мөн болой. Хүмүүн байгаль хоёр хүйн холбоотой, нэгэн бүрэлбаатай гэдэг билээ. Дээд тэнгэрээ эцэгчилэн шүтэж, дэргэд газар дэлхийгээ эхчилэн хайрлаж, уул ус, хад чулуугаа эзэн сүлдтэй, амь сүншигтэй хэмээн үзэж, түүнд идээ тахил, арц хүж, анхилуун үнэртэн тэргүүтнийг өргөж, шүлэг дуулал, мөргөл залбирлаа зориулж ирсэн манай өвөг дээдсийн хойч үедээ өвлүүлэн уламжилсан аху соёлын их өв санг бахархавч баршгүй.
Сүүлийн жилүүдэд манай гарагийн уур амьсгал, цаг агаарт эрс өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж, газар хөдлөлт, салхи шуурга, хүн амьтны халдварт өвчин элбэгшиж, цөлжилт хурдасч, ашиг тустай ургамал амьтны төрөл зүйлс хомсдон, хөнөөлт шавьж хорхой хэт олшрох зэрэг байгалийн сөрөг үзэгдэл сүүлийн үед бодитой нүүрлэх боллоо. Энэ бодит аюул нь хүмүүн бүр нутаг нугадаа, ард түмэн бүр өөрийн улс орондоо, хүн төрөлхтөн даяараа дэлхий ертөнцдөө, нэгэн сэтгэл, нэгдмэл санаагаар зүй зохистой харьцах хийгээд ирээдүй хойчийнхоо амьдралын баталгааг буй болгож, энх амгалан дэлхий ертөнцийг хүлээлгэн өгөхөд нэгэн санаагаар нэгдэхийн учир утгыг сануулсаар байна. Mонголчууд хөлгөн их түүхэндээ уул ус, онгон дагшин байгалиа хамгаалах үнэт өв соёлыг цогцлоон үлдээсний үр шимээр манай орны байгаль орчин харьцангуй цэвэр тунгалгаараа хадгалагдан үлдсэн билээ.
Монгол орон өөрийн газрын хэвлий дэх байгалийн нөөц баялагтаа тулгуурласан эдийн засгийн салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр явуулж буй төр, засгийн бодлогыг зарим талаар гажуудуулан, хүн, байгаль орчинд хөнөөлтэй химийн бодис, стандартын бус технологи ашиглах, газрын хэвлий рүү хэт шунамхайран дайрах зэргээр гол мөрөн, булаг шанд, ховор мод ургамал, амьтны төрөл зүйлүүдийг сүйтгэж байгаа бусармаг балмад үйл ажиллагааны эсрэг төр засаг, түмэн олноороо шийдвэртэй тэмцэх ёстой. Ялангуяа монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, ёс билиг, шүтлэг бишрэл, соёлын үнэт зүйлсийг улам бататган сэргээж, хойч үедээ уламжлуулах, нийтийн ёс зүйн хэм хэмжээнд нэвтрүүлэх, хэвшүүлэх явдал нэн чухал байна. Монголын түүхийн урт удаан хугацааны туршид онгон дагшин бүрд ус, өвс халиурсан шил хөндий, зээр гөрөөс хонгортсон тал говь хэмээн бахархаж ирсэн Дарьганга нутагт ч мөн өдий төдий гол горхи, нуур цөөрөм ширгэж, өвс ургамал тачирдан, зээр гөрөөс ховордон байгаль экологийн огцом өөрчлөлт орсоор байна.
Ард түмний аж амьдралыг дээшлүүлэх эдийн засаг, технологийн хөгжлийн бүхий л үйл ажиллагаа нь байгалийн нөөц баялаг, түүний ирээдүйн даацыг урьдчилан тооцсон алсын хараатайгаар шийдвэрлэгдсэн байх учиртай. Манай хөгжил дэвшлийн цаашдын бүхий л хүчин зүйл нь улс үндэстэн, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль экологийн тэнцвэртэй байдал, улс орны хууль тогтоомжинд захирагдах ёстой.
Дарьганга нутаг бол түүх соёлын арвин баялаг өвийг цогцлоосон, шүтлэг тахилгын нэн эртний уламжлалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий манай эх орны үзэсгэлэн төгс нутаг бөгөөд газар шороо, эх нутгийн төлөөх тэмцлийн гал дөлтэй түүхийг хадгалсан, ур ухаан, ялангуяа мөнгөн урлалын томоохон дэг сургууль буй болгосон, үлгэр домог, дуу хуур, яруу найргийн арвин их сан хөмрөгийг цогцлоосон нутаг бөгөөд энэ их өв сан бол үеийн үед монгол түмний бахархал, эрхэм нандин өв хөрөнгө, хойч үедээ өвлүүлэх цогт эрдэнэ билээ.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа нь хүн зоны амар амгалан амьдрах нийтлэг эрх ашгийг илэрхийлж, хүн төрөлхтөн нэгдмэл хувь заяатай нэгэн бөмбөрцөгтэй гэдгээ ухааран нэгдэх сэтгэлгээгээр улам бүр баяжсаар байна. Монгол эх орныхоо уул хангай, ус булаг, ургамал шимийг ариун дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх, манай ард түмний заяа буян тэгширч, төр нь түвшин, түмэн олон нь амгалан байхын учир тавиланг эртний их сүлдэн тахилгат Дарь уулын тэнгэр сүлд эрхшээн тэтгэх болтугай.
Өнөр Монгол түмний өлзий буян өөдрөг, өнөд ивээх төрийн нуруу төвшин байх болтугай!
Хурай хурай хурай