Р.Раш Төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай
Зам тавих, засах ажлын явц хийгээд цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Зам, Тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашаас тодруулсан юм.
–Мянганы замын ажил зогсонги байдалд оржээ гэх боллоо. Яагаад замын ажил зогсчихов оо?
-Яг гацсан ч гэж хэлж болохгүй ээ. Бодвол Лүнгийн чиглэлийн замыг ярьж байгаа байх. Тендерт ялаад ажиллаж байгаа компанийн удирдлагыг би Ерөнхий сайд дээр хүртэл дагуулж очсон. Тэгээд яриа хэлцэл хийгээд гарын үсгээ зурсан. Мөнгөний гацаа бий болоод байгаа юм. Түүнийгээ шийдүүлэх гээд гүйцгээж байгаа. Наадмын өмнөх гурав хоногт манай яамныхан үндсэндээ Сонгинын уулын баруун талд зогсцгоочихсон шүү дээ. Уг нь нэг үеийг бодоход хөдөлж байгаа техник, буцалж байгаа шороо байна.
-Лүнгийн чиглэлийн замын ажил ямар шатандаа явж байна вэ?
Очир төв гэдэг компанитай хамтарсан протокол үйлдсэн. Арвандүгээр сарын 1 гэхэд дуусна гэж амалж байгаа. Одоо бороо татарсан болохоор бөөн тоос үүсч байна. Энэ нөхдүүд хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй. Би ч байнга чихдэж байгаа шүү дээ. Эцсийн эцэст мөнгөний асуудал дээрээ очиж гацчихаад л, тэгээд банкуудаар хэсээд явж байгаа байх. Уг нь цаад эх үүсвэр, авдар савыг нь өнгийж харвал муу биш бололтой юм билээ. Түүнийгээ зөв хуваарилалт хийж дайчлах хэрэгтэй л дээ. Байгууллагын дотоод ажилд би хутгалдаж ороод тэр мөнгөө ингэж зар, ингэ тэг гэж хэлэх нь хаашаа юм.
-Зам засварын ажил хэдэн хувьтай явж байна?
-Улсын хэмжээнд зам засварын ажил 60 гаруй хувьтай байгаа. Саяхан автозамын ажлын талаар дөрвөн ажлын хэсэг хөдөө, орон нутагт барьж, засч байгаа замын ажилтай танилцаад ирлээ. Энэ жил 500 км зам барихаар улсын төсөвт туссан юм. Одоогийн байдлаар дээгүүрээ улс төр бужигнаад байгаа болохоор төсвийн тодотгол хийж чаддаггүй. Мөнгө нь харагдаад байгаа газар ажил хийдэггүй, ажил нь яваад байгаа тазарт мөнгө нь дутаад байдаг бэрхшээл бий болчихлоо.
-Тухайлбал, хаанахын, ямар замын ажлыг шалгав?
Увс аймгийн Тэсийн голд барьж буй төмөр бетонон гүүрэнд л гэхэд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гүүрний баганын ажил дээр дутагдал гарсан. Уг нь зураг төсөлдөө суусан байтал дутуу хийгдэж байна. Хүнд алх, дөш хэрэгтэй. Зүгээр нэг хоёрын хооронд юмаар тоншоод мундаг гүүр барьж чадахгүй шүү дээ. Гүйцэтгэгч нь энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өмнөд хөрш рүү багаж техникдээ явсан.
-Дархан, Сэлэнгийн чиглэлд ургац тээвэрлэх замын засвар хэр хийгдсэн бэ?
-Энэ жил ялангуяа Хангайн бүсэд хур бороо элбэг байгаа тул ургац арвин байж магадгүй. Хураасан жаахан ургацаа зам дээр хаячихаад ирэх нь бий. Тийм учраас ургацын замын засвар дээр сайн анхаарахгүй бол болохгүй. Нөхөх, засах ажлыг Дархан, Зүүнхараа, Сэлэнгийн чиглэлийн замын газруудад үүрэг даалгавар өгсөн байгаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаг алдалгүй хангуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд манай салбарын үйл ажиллагааны талаар нэлээн тодорхой тусч, үүрэг даалгавар өгсөн байгаа. Өвөл ямар ганцхан энэ жил ирж байгаа биш. Үүрэг даалгавартай, даалгаваргүй бид наадмын маргааш намар гэгчээр ажиллаж л байна. Цас жаахан орвол даваа гүвээ халтиргаатай болно. Тийм учраас даваанууд дээр гарч ажилладаг нүхэвч, тэнд байдаг техникүүдийн засвар үйлчилгээг хийх үүрэг даалгавар өгсөн. Хяналт тавьж байгаа.
-Төмөр замын тээвэр чухал ч гэлээ нэлээд асуудлыг дагуулдаг. Энэ жилийн хувьд өвөлд хэр бэлтгэсэн бэ?
-Төмөр замын зүтгүүр, вагоны аж ахуйг засварлах, замынхаа засвар үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэх нь чухал байна. Би энүүхэн хэсгийн гурвалжинг ярьж байгаа юм биш. Ерөөсөө нийт төмөр замын тухай асуудал л даа. Зүгээр нэг үүрэг өгөөд байхдаа гол биш хэрэгжүүлэх тал дээр нэлээн хамжилцаж, дэмжлэг нь юу байна гэх зэргээр ажиллаж байгаа зүйл чамгүй бий. Гэхдээ төмөр зам дээр зүтгүүрийн аж ахуй яггүй байгаа. Зунд нь халаад ачаагаа тээж чадахгүй, ачаа бараагаа энд тэнд хаях тохиолдол их гарч байна. Зунд нь ингэж байгаа юм чинь өвөл болохоор хөлдөнө гэсэн үг. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажил бий. Гэхдээ үүнд сэтгэл ханаж цадаж болохгүй.
-Хүйтний улирал наашилж, хичээл сургууль эхлэх цаг боллоо. Эрэлт хэрэгцээ ихтэй үеэр ачаа тээврийн вагон гацах, үүний улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх байдал ажиглагддаг?
-Замын-Үүдэд ачаа бараа хуримтлагдах нь бараг л байхгүй болсон. Харин тэнд гайгүй болоод ирэхээр энд гацах тохиолдол бий болж эхэлж байх шиг. Энэ чинь эгээндээ ч, дэгээндээ ч байгаа юм л даа. Ачаатай цемент аваад ирдэг. Ачааны эзэн нөгөөхийгөө вагонтой нь зогсч байхад үнэтэй зарах гээд алга болчихно. Яг л хувийн юм шиг. Тэр чинь улсын тээврийн хэрэгсэл. Өнхөрч ачаа тээвэрлэж л байх үүрэгтэй. Тэгээд склад болгож зогсоочихоод их зовлонтой. Дээр нь зүтгүүрүүд хүрэлцэхгүй тохиолдол бас гарч байгаа. Тэгэхээр чинь яаж цаг хугацаандаа явах юм. Эв эеэ хичээж, ам хэлээрээ явахгүй бол дүрэм журам биелүүлэхгүй дандаа гацааж байна шүү дээ.
-Өвлийн нислэгт онгоц хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-Иргэний нисэхийн газар өвлийн цагаар 5-6 онгоцтой байхад холын аймгуудыг унаагаар тасалчихгүй. Онгоц зарим талдаа бас л дутаж байна. Нэг онгоцны эрэлд мордоод байгаа. Ер нь түрээсээр авч ашиглах тухай ярилцсан. Гадаадын компаниуд бага оврын онгоцыг худалдаж авах хувилбарыг л санал болгоод байгаа юм. Худалдаж авна гэхээр бэл бэнчингийн асуудал сайн шийдэгдэж чадахгүйн зовлон байна.
-Тэгэхээр энэ бүх ажлын гацаа хөрөнгө мөнгөний асуудлаас болоод байна уу, аль эсвэл улс төрийн нөхцөл байдал нөлөөлчихөв үү?
-Төсвийн тодотголыг УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэгээд болоогүй. Зарим нэг нь ярихдаа улсын ажил хэвээрээ, сайн сайхан явж байгаа гэх маягаар гэрэлтүүлж яриад байна лээ. Тэр бол худлаа. Улсын төсвийн тодотголыг яаралтай хийхгүй бол болохгүй. Өнгөрсөн хавар баруун, зүүн аймгуудад гал, усны зовлон болсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийг үүнд зараад дууссан. Наадмаар шатаасан урлагийн хувцас хунараа авах гэтэл мөнгө байдаггүй. 10 тэрбум төгрөгийг УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх гэсэн чинь бас л хурал орхиж гараад шийдэж өгөөгүй шүү дээ. Энэ мэтчилэн энд тэндээс нь чангаагаад засгийн ажлыг явуулахгүй байна. Тэгээд хадлан, тариа, ургац хураалтын цаг боллоо. Шатахууны үнэ байнга өсч байна. Бид ямар өөрсдөө үйлдвэрлэх биш. Дандаа гадна, дотноос хэрэг дээрээ хэдэн хонио холбож өгөөд л авч байгаа. Энэ бүгдийг чинь ярьж зохицуулах хэрэгтэй байна. Түүнээс биш улс төржөөд дэмий бие биендээ цэцэрхээд явах юм бол УИХ-ын ажлаас болж, төр, улсын ажил их хүлээгдэж гацаж байгаа юм.
Г.Ганчимэг
Дугаар 183/2943/