Б.Жаргалсайхан Ард түмний сонголтоор сонгуулийн дүн гараагүй
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүн нийслэл дүүрэг, хорооны Засаг дарга нар, түүний Тамгын газрын ажилтнуудын хүсэлтээр гарсан. Түүнээс биш ард түмний сонголтоор гараагүй. Монголчууд Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж ярьдаг. МАХН-ын хувьд сонгуулийн ялалт гээд байгаа нь ялагдлынх нь эхлэл гэж харагдаж байна. Нийгмийн ирээдүй нь залуучууд байдаг. Тэд нийгмийг авч явах болно. Сүүлийн 18 жил ардчилал зах зээлийн замаар хөгжинө гэж ярьсан боловч төлөвшүүлж, үнэт зүйлсээ бий болгож чадаагүйн хохирол. Энэ хугацааны сүүлийн 10 жилд нь улс төрийн хүчнүүд бие, биеэ лидерүүдээ доромжилсоор өнөөдрийг хүрлээ. Энэ нь сүүлдээ бие биеэсээ өш хонзон авах үйлдэл болон хувирлаа. Нөгөө талаар төрийн албыг мэдлэг боловсролгүй, хариуцлагагүй, соёлгүй бүдүүлэг хүмүүс хаших болжээ. Тэд аль ялсан намд долигонож, бялдуучлах замаар энд хүрчээ. Уг нь нам харгалзахгүйгээр мэдлэг боловсролтой ёс суртахуунтай, ноён нуруутай хүмүүс нь төрийн албыг хаших ёстой юм. Энэ нь бидний нийгмийн ардчиллыг бий болгож чадаагүйтэй холбоотой. Хууль шударга ёс засаг захиргааны байгууллагуудын ил тод байдал байхгүйгээс ийм байдалд хүрсэн байна. Мөн энэ хугацаанд том намуудын нийгмийг хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго, зорилт тодорхой бус байсны хор уршиг. Ёс суртахууны хувьд сонгуулийн 30-40 хувь нь луйвартай байхад, сонгууль хүчингүй болж автоматаар дахин зарлагдах ёстой.
-Таны нэр дэвшсэн 26 дугаар тойрог дээр яг юу болоод өнгөрсөн юм бэ?
-Зөвхөн нэг хэсэг дээр 1500 санал худлаа тоолсон. Тэр хэсгийн хорооны дарга нь Миний нойр хүрээд алдаа гаргачихжээ гэж хэлээд уйлсан. Дахин тоолохыг улсын баяр наадмын өмнө хийнэ гэж зарлаж байх жишээтэй. Тэгээд хийгээгүй. Дахин тоолох болоход МАХН-ынхан хоёр хуваагдсан. Д.Тэрбишдагва гарсан тул дахин тоолуулахгүй гэхэд, үлдсэн нэр дэвшигчид нь тоолуулна гэх мэт.
-Хэсгийн хороонд намуудын төлөөлөл, ажиглагч ажиллаж байсан гэж хэлээд байгаа шүү дээ.
-Ажиглагчийг 10 метрийн цаана зогсоочихоод үнэн зөв тоолно гэж ямар юм байх вэ дээ.
-Сонгуулийн урьдчилсан дүн гарсан долдугаар сарын 1-нд үймээн болсон. Үүнтэй холбогдуулан олон хүнийг хорьж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Улс төр сонгуулийн дүнгээс гарсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг мөн үү?
-Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шалгаж байгаа юм уу. Сүүлийн 18 жил бид залуучуудаа хүмүүжүүлэхийг больсон . Залуучуудыг телевиз, улс төрийн намууд хүмүүжүүлэх юм уу. Харин залуучууд улс төрийг өөрчилье гэж зүтгээд чадсангүй. Өөрчлөгдөөгүй улс төрийг залуучууд эсэргээр хүлээж авсан байх. Гэхдээ чулуу нүүлгэх, хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгөнд халдах нь буруу л даа. Иргэд үүргээ биелүүлээгүйнхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох гэж байгаа бол түүнд улс төрийн намууд буруутай. Иргэдийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа сонгуулийг дахиад арван тойрог дээр хийгээд үзэх хэрэгтэй. Хоёр бөх барилдаад хэн давсан нь тодорхойгүй бол дахиж барилдуулдаг биз дээ. Залуучууд байшин шатаах, цонх хагалах гэж тэнд очоогүй байх. Харин цочролд орсон сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадаагүй байх аа. Улс төрийн намуудын дарга нар гарч ирээд тухайн үйл явдлыг төгсгөж болох байсан. Жагсаал цуглаан шинэ зүйл биш шүү дээ. Хууль бус жагсаал байсан юм бол цагдаа таслан зогсоож тараахгүй яасан юм бэ. Тэр иргэдийг уурлуулсан улс төр өөрөө энд буруутай.
-Энэ үйл явдалд таны нэр орчихсон явна?
-Зарим нэг сонин Жаргалсайхан буруутай гэж бичсэн харагдана билээ. Сонин хэвлэлд хүнийг мөрдөн байцаах эрх байхгүй байх. Тэр яах вэ бичсэн хүнийх нь нэр ус материал нь байгаа. Шүүхэд өгнө. Би сэхээтний гэр бүлд төрсөн. Хуульч хүний хүүхэд хууль бус үйлдэл хийхгүй. УИХ-ын гишүүний хувьд ч үүрэг надад бий. Сонгино хайрхан дүүрэг дээр хүмүүс цуглачихсан байсан. Урьд өдөр нь би тэнд очсон, цагдаа нартай нийлж тараан, иргэнийхээ үүргийг биелүүлсэн. Бичлэг нь ч бий. Тэр хүмүүсийг би цуглуулаагүй. Харин түүнийг мантаажлаад тидерээр чулуу шид гэж хэлж байна гэж бичээд гаргаад байгаа юм даа. Маргааш нь СЕХ дээр залуучууд цуглачихсан байсан. Тэр өдрийн цуглааны төвлөрлийг сааруулах, бухимдсан залуучуудыг тайвшруулах үүднээс Сүхбаатарын талбай дээр цуглаан хийх мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Тамгын газарт өгсөн. Уг нь тэд бүртгэж авах ёстой. Гэтэл цуглаан хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тэр үед иргэн хүнд жагсаал цуглааныг тараах, саармагжуулахад байж болох бүхий л боломжоо ашиглаж ажилласан.
-Энэ үйл явдалтай холбогдуулан ИХ намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарыг хорьж шалгаж байна л даа?
-Золгүй явдал, цагдаа иргэдийн хооронд үл ойлголцох явдал гарлаа. Иймд төр шалгах ёстой байх. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хууль зүйн дагуу шалгах ёстой. Тухайн үйл явдал нь улс төрийн шалтгаантай тул дахин улс төрийн хэлмэгдүүлэлт рүү орчих вий дээ. Энэ хоёр залуу долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд ямар ч буруугүй. Цагдаагийн байгууллагын тухай иргэдэд нэг ташаа ойлголт байдаг. Уг нь ямар ч улсын цагдаа эрүүгийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Цагдаа иргэдийн амь нас, эд хөрөнгийг аюулгүй байлгах үүрэг хүлээж тангараг өргөдөг.
-Монголын цагдаа өнөөдөр ийм байж чадаж байгаа юу?
-Чадах ёстой, чадах үүрэгтэй. Энгийн жишээ авъя. Иргэн цагдаа хоёр хоёулаа алдаа гаргахад цагдаа нь иргэнээсээ илүү хариуцлага хүлээдэг. Гэмгүй цагдаагийн ажилтнууд гэмтэж бэртлээ. Сайхан залуучууд амиа алдлаа. Эмгэнэлтэй эл явдал зөвхөн тэдний хохирол биш ээ. Монгол Улсын хохирол юм. Үүн дээр улс төр хийгээд байгаа нь буруу. Болсон явдлыг иргэдэд дарамт, хохирол багатай шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ цагдаа, төрийн байгууллага, хэн нэг төрийн албан хаагч шийдэх ёсгүй. Улс төрийн шалтгаантай тул улс төрийн намууд шийдэх учиртай. Монгол Улсад хамгийн том эрх мэдэлтэй нь улс төрийн намууд. Улс төрийн намууд төр барьж байгаа.
-УИХ-ын танхимд онц чуулган чуулж байхад та ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд дээр оччихсон юм яриад байгаа харагдсан. Та хоёр юу ярьсан бэ?
-Цагдаагийн байгууллагын удирдлагын хувьд УИХ-ын чуулганы танхимд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан. Тухайлбал болсон үйл явдалд Ардчилсан нам, бусад жижиг намууд буруутай гэж. Тэгэхээр нь би техник, технологи хөгжчихжээ. Телевизийн шууд нэвтрүүлгүүдийг иргэд хуулаад авчихсан байна. Тэр бүх бичлэгийг DҮD-нд хуулчихлаа. Цагдаа үүнийг үзээд болсон үйл явдлын шалтгааныг нарийн сайн тогтоо. Бичлэгүүдийг би чамд өгнө гэсэн юм.
-Хүний амь хохирсон явдлыг шалгаж байгаа. Хэргийн эзэн холбогдогч тогтоогдох болов уу?
-Прокурорын байгууллага шалгаж байгаа. Шалгаж дуусаад хариуг нь гаргах байх. Үүнийг амтай болгон ярьж болохгүй гэж бодож байна. Мэдээжийн хэрэг улс төрийн намууд нэгнийхээ байшинг шатаах үйл ажиллагаа явуулсан гэдэгт итгэхгүй байна. Залуучуудад хийх ажил алга. Гэр бүл боллоо гэхэд орох орон сууц байхгүй. Монгол төр цаашдаа байх уу, үгүй юү гэдэг дээр тулаад байна. Ийм болохоор болсон үйл явдалд улс төрийн талаас нь дүгнэлт хийх нь зөв гэж үздэг.
-Үймээн болохын өмнөх өдөр Буян компани дээр хэсэг хүмүүс уулзсан тухай ярьдаг. Тэр ямар уулзалт байсан юм бэ?
-Сонгуулийн өмнө гурван намын холбоо гэж байгуулагдсан. Бид байнга л уулздаг байсан. Тэр уулзалтаар бид СЕХ-нд шаардлага хүргүүлэх хэрэгтэй юм байна гэж тохироод, хоол идээд л салцгаасан.
-СЕХ-нд ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ?
-Хариуцлагагүй нөхдөд хариуцлага тооцох ёстой. Бүрэлдэхүүнээр нь нэн даруй өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол орон нутгийн сонгуулийг эд дахиад л будилуулна. Төрийн сонгуулийг СЕХ байнга ийм луйвар будилаантай явуулаад байж болохгүй биз дээ.
-УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнтэй зэрэгцээд үймээн болсон. Эрх баригчид уг үйл явдлын зохион байгуулагчийг хайх юм. Ийм богино цаг хугацаанд үймээн самуун зохион байгуулах боломжгүй гэж үзэж байна?
-Хэрэв намууд зохион байгуулалтад ороод сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад хэвтчихсэн бол МАХН яах юм бэ. Би чиний хэлсэнтэй санал нэг байна.
-Шинэ гишүүд тангараг өргөөгүй байгаа ч парламентад суудал авсан намуудын зөвшилцөл явж байна.
-Нэг нь ялсан гэж эрдээд, нөгөө нь ялагдчихлаа гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам 24, МАХН 36 суудалтай гэсэн сонгуулийн урьдчилсан дүн гарсан байна. Ойролцоо л байна. Ер нь манай цаашдын гарц нь хамтарч Засгийн газар байгуулах.
-Яагаад?
-УИХ-ыг хамтраад байгуулж байгаа юм чинь Засгийн газрыг хамтарч байгуулж болно. Тэгээд ч манайх парламентын засаглалтай. Парламентад одоо нэг нам нь давамгайлна гэж байхгүй. Цаашдаа бүр л олон нам орж ирэх болно. Тэр бүхэн хамтарсан Засгийн газар байлгахыг байнга шаардана.
-Одоо зөвшилцөж байгаа хоёр нам тодорхой зүйл дээр тохиролцож чадахгүй байна. Ардчилсан нам дөрвөн агентлагийн даргыг өөрчлөх санал гаргажээ. Түүн дотор ЦЕГ-ын дарга орсон юм билээ. Үүнийг МАХН хүлээж авахгүй ЦЕГ-ын даргыг солих талаар зөвшилцвөл хууль зөрчинө гэж тайлбарласан?
-Парламентад суудалтай намууд УИХ-ын даргыг хамтарч хэлэлцээд сонгодог. Ерөнхий сайдыг зөвшилцөж томилдог. Тэгэхээр ЦЕГ-ын даргыг солино гэдгийг яагаад хэлэлцэж болохгүй байдаг билээ. Зөвшилцөөд солино гэж тохиролцоход хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Урьд нь ЦЕГ-ын даргыг цагийн дотор л сольж байсан, өнөөдөр яагаад болохгүй болчихов.
-Үймээн гарсан, хүн буудсан гээд одоогийн Засгийн газартай холбоотой маш олон болохгүй, бүтэхгүй юм байна. Өнөөдөр Засгийн газрыг толгойлж байгаа, танхимыг бүрдүүлж байгаа Ерөнхий сайд, сайд нар дахин улс төрийн өндөр албан тушаал хаших ёс суртахууны эрхтэй юу?
-За за шинэ хүмүүс болно биз дээ.
Г.Эрдэнэбат