Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт ирэх сард болно
Чуулга уулзалтыг зохион байгуулах Английн төлөөлөгч Кристофер Гарнетт өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзан энэ талаар ярилцжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондон хотноо чуулга уулзалт болж, Монгол Улсад банк, санхүү, уул уурхай болон бусад тэргүүлэх салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулагчдыг татах талаар ярилцсан юм. Оюу толгойн ордыг ашиглах төслийг нэн даруй эхлүүлэх нь уул уурхай болон дагалдах дэд бүтцийн болон нийтмийн салбар дахь бусад төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж энэ үеэр санал нэгдсэн. Томоохон төслүүдийн хүрээнд төмөр зам, эрчим хүч, онгоц буудал, авто зам болон боловсрол, эрүүл мэнд зэрэг барилга байгууламжид шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход хувийн хэвшлийнхэн ямар оролцоотой байхыг хөрөнгө оруулагчид сонирхож байжээ. Үүний зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийг олон улсын стандартад хэрхэн хүргэх, хувьчлах эсэх, дэлхийн санхүүгийн төвүүдтэй холбох талаар ч ярилцсан байна.
Чуулга уулзалт нь Европын бизнес эрхлэгчдэд Монголын төр засгийн бодлого, бизнесийн боломжийг сурталчлах, Европын хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг арилжих боломжийг нэмэгдүүлэх, Европын холбооны гишүүн орнуудын бизнесийн сонирхлыг Монголын зах зээлд бий болгох ач холбогдолтой юм. Чуулга уулзалтыг манай улс Евромани конференци байгууллагатай хамтран 1997,1998,2002 онд Улаанбаатар хотноо, өнгөрсөн жил АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулсан юм.
Д.Ариун
Дугаар 183/2943/