Ж.Алтангэрэл Цагдаа ч ард түмний нэг хэсэг
-Та холбооныхоо талаар товч танилцуулна уу?
-Байгуулагдаад хоёр жил болж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаа нарын дурсгалыг мөнхжүүлэх талаар үйл ажиллагаа явуулдаг. Долдугаар сарын 1-нд болсон үймээн самууны үеэр хэлмэгдсэн цагдаа нарынхаа эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс үгээ хэлэх ёстой гэж үзээд танай сонинд хандаж байна. Долдугаар сарын 1-ний үеэр Монголын цагдаа бие бүрэлдэхүүнээрээ, тодруулбал, 180 гаруй албан хаагч хүнд, хөнгөн бэртсэнээс 30 гаруй нь эмнэлгийн тусламж авсан. Тэдний дотор харааны эрхтэн нь гэмтсэн, хөлөндөө хайс төмрөөр жадлуулж хөдөлмөрийн чадвараа алдсан гээд хүнд гэмтсэн хүн ч бий. Гэтэл сүүлийн үед сонин хэвлэлээр төдийгүй хүний эрхийн байгууллагууд нь цагдаагийн албан хаагчид үймээний үеэр хүмүүсийг буудаж амь насыг нь хороолоо гэсэн нотлогдоогүй мэдээллийг цацаж байна. Нөгөө талаар долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш цагдаагийн албан хаагчдын гүйцэтгэж. байгаа үүргээс шалтгаалан тэдний амь нас, ар гэрт аюул занал учрах болсон.
-Энэ байдалд ар гэрийнхэн нь ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэдний ар гэр, аав ээж, ах дүү төрөл төрөгсөд нь байнга өгүүлэл тавьж байгаа. Нэг хүн Би хүүгээ цагдаа болгосноор тал хүн болгочихов уу даа гэж боддог болчихлоо гэж байсан. Цагдаад хүүгээ оруулснаар бид онов уу, алдав уу гэдгийг цагдаагийн гэр бүлийнхэн хэлж байна. Төр түшүүлье гэсэн чинь болохгүй юм шиг байна. Больдог ч юм билүү гэж төрдөө итгэх итгэл нь алдарч байна. Ойрын үед цацагдаж байгаа олон мэдэгдэл, мэдээллээс болоод хэн нэгний маань хүү тухайн гэмт хэргийг үйлдсэн болоод ял эдэлж хэлмэгдэх вий гэсэн давхар айдас тэдэнд бий болсон. Үнэндээ би Хүний эрхийн байгууллагуудыг ойлгохгүй байна. Цагдаа ч гэсэн адилхан Монгол Улсын иргэн. Аль ч төрийн үед монгол цагдаа ажлаа хийж л байсан. Тэр үед төр нь өөрийгөө хамгаалуулахын тулд цагдаагаа ч бас хамгаалдаг байж. Гэтэл өнөөдөр төр нь ч дуугарахгүй юм. Тэр байтугай намууд нь цагдаагаа доромжилж, гэмт хэрэгт холбогдуулахаар шууд санаархаж, оролдож байна. Энэ нь цагдаагийн алба хаагчдын ажлаа хийх идэвх санаачлага, тэдний ар гэрийнхний нь итгэл найдварыг мохоож байгаад сэтгэл эмзэглэж байна. Монголын цагдаагийн байгууллага өөрийгөө хамгаалах эрх зүйн орчингүй субьект. Цагдаа тангараг өргөсөн, албандаа хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн хоёрхон үг хуульд байгаагаас биш цагдааг хамгаалах тухай нэг ч үг байдаггүй. Гэтэл цагдаа бол адилхан л хүн, ард түмний нэг хэсэг биз дээ.
-Хоригдож байгаа хүмүүсийг суллахыг шаардаж суулт хийж эхэлсэн?
-Нэгэнт тухайн өдрийн жагсаалыг анх зохион байгуулсан ч, цааш удирдаж чадаагүй хүмүүс нь тодорхой болоод зохих ёсоор шалгагдаж байхад тэднийг илтэд өмгөөлж байгаа улс төрийн хүчнүүдийг гайхаж байна. Тухайн өдрийн үймээнийг монголчууд төдийгүй, дэлхий дахин нүдээ чилээж харсан шүү дээ. Гэтэл АН, Иргэний хөдөлгөөний нам, Бүгд найрамдах нам улс төрийн хэлмэгдэлд өртсөн, суллуулах ёстой гэж ярьж байдаг. Өнөөдөр Монголд мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тухайн гэмт үйлдлийг үйлдсэн этгээд хохирлыг барагдуулах ёстой. Тэр хүмүүс цагаадаад суллагдвал хараагүй, татдаг болсон тэр цагдаа нарын хохь нь болоод л үлдэх нь. Ер нь эдгээр нам бидэнтэй ямар нэгэн хэмжээгээр ойлголцох байх гэж итгэж байгаа. Ойлгуулахын тулд ч бид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн шаардлага хүргүүлнэ.
-Ямар шаардлага хэзээ хүргүүлэх вэ. Хэрэг явдал болсноос хойш сарын хугацаа өнгөрлөө. Өмнө нь огт хүргүүлээгүй юм уу?
-Гол нь эмчилгээний үр дүнд гэмтэл авсан хүмүүсийн хэчнээн нь эрүүл болох, хэзээ эрүүл мэнд нь бүрэн эдгэх нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, эмчилгээний зардалд нэг хүнд дунджаар хэдэн төгрөг зарцуулах юм гэдгийг бид нарийн тооцож гаргахаар ажиллаж байгаа. Тэрнээс юу юуны туханд хүрэлгүй шаардлага хүргүүлээд яахав гэж үзсэн. Нүд нь гэмтэж харах чадвараа алдаад байгаа цагдаагийн хошууч л гэхэд хувиасаа 400 гаруй мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Одоо бас Энэтхэгт очиж мэс засалд орох шаардлагатай байгаа. Хэрэв энэ нөхөд бидний шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид дараагийн шатны арга хэмжээг авч шүүхэд хандана.
-Таны хүүхэд цагдаагийн алба хаагч уу?
-Би өөрөө цагдаагийн алба хаагч байсан. 22 жил энэ албыг гүйцэтгэсэн. Ер нь манайд цагдаа өөрийгөө хамгаалах ямар ч эрх зүйн орчин байдаггүй. Төр эрхийг нь хязгаарлачихсан хэрнээ яагаад цагдаа нараа хамгаалж болдоггүй юм бэ. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Тэд ч бас өрөвддөг сэтгэлтэй, уйлдаг нулимстай. Гэтэл тэд төрд зүтгэснийхээ төлөө амь санаа алдаж байна, насан туршдаа эрхтэн дутуу болж хохирч байна. Уг нь тэд чинь төрийн төлөө ажиллаж яваа юм шүү дээ. Ингэхээр цагдаа гэдэг бол төрийн хамгаалалтад байх ёстой онцгой субьект. Гэтэл одоо онцгой битгий хэл хамгийн олхиогүй ажил мэтээр ойлгогдож байна.
-Та цагдаа нарын ажилд бодитой бэрхшээл учирч байгаа гэж хэллээ. Үүнийгээ тодруулна уу?
-Олон цагдаа хэлж байна. Урьд нь хоёулаа гадуур үүргээ гүйцэтгээд явж болдог байсан бол одоо болохгүй байна гэж. Тэднийг гудамжинд явж байхад жаахан хүүхдүүд хүртэл үл тоомсорлодог болж. Муу цагдаа нар та нар сая ёстой жинхэнэ гөлөг болоо биз дээ гэж ярьж байхыг ч сонссон. Цагдаа гөлөг болж байгаа нь цаанаа төр үлбэгэр байгаагийн шинж. Улс төрийн олон нам хоорондоо арсалдсаар байгаад цагдаагаа ч хамгаалж чадахаа больсон. Энэ юу харуулж байна вэ гэхээр, цагдаа нарын үүрэг гүйцэтгэх боломж, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хамгийн гол нь эрхзүйн орчинг бий болгох шаардлагатайг харуулж байгаа хэрэг. Ер нь ч тэгээд дээр үед Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч гэж ярьдаг байсан. Энэ яриа одоо ч бодитой байсаар байна. Хэрэв цаашдаа цагдааг нүд үзүүрлэсэн хэвээр байх юм бол Монголын цагдаа ажлаа хийхгүй байж болно. Нэг өдөр бүгдээрээ халагдах өргөдлөө өгчихөж яагаад болохгүй гэж. Монголын төр цагдаагаа хамгаалахгүй бол энэ хүмүүс ажиллах шаардлага юу байна. Бид ч бас хамгаалуулах эрхтэй. Гэхдээ үүгээрээ хэн нэгнийг сүрдүүлж байгаа хэрэг биш шүү. Гол нь цагдааг төр хамгаалах цаг болсон гэдгийг ойлгуулах гэсэн юм.
Б.Нямсүрэн
Дугаар 183/2943/